Оюутолгойн сүүдрийн эзэд

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Оюутолгойн сүүдрийн эзэд

Оюутолгойн сүүдрийн эзэд

Оюутолгойн гэрээ хөндөгдөх тоолонд урвагч, баатар хайдаг нь бидний гэм биш зан. Энэ ёсоор гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Бадрал нарт ял тулгаж, эцэстээ тэрхүү хэрэг элэг доог болоод дууссан.

Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө, “Айвенхоу майнз”-ыг Монголд оруулж ирсэн, гэрээ байгуулсан цагаас нь хойш ТУЗ-д нь орж, сүүдэрт сэрүүцэнгээ сардаа 40 мянган доллараар цалинжиж ирсэн хоёрхон монгол бий. Жилд 480 мянга гээд тооцвол өдий хүртэл хэдэн сая доллар болохыг бодоод үзнэ биз. Нэг нь гадны хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалуулахаар Монголын эсрэг тавьсан ТУЗ-ын дарга Г.Батсүх, нөгөө нь  Монголын Засгийн газрын ашиг сонирхлыг илэрхийлэх ёстой Нацагийн Багабанди. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ардчилсан намын Засгийн газрын үед энэхүү ТУЗ-ийн гишүүнээсээ түр буугаад буцаад томилогдсон бол Г.Батсүх төдийгөөс өдий хүртэл ТУЗ-ын даргаар ажилласаар байна.

Монголын Засгийн газар болоод хөрөнгө оруулагчдын хооронд маргаан дэгдэхэд энэ хоёр төлөөлөл ганц үг ган хийдэггүй. Монголын эрх ашиг тэдний хувьд юу юм бүү мэд. Тэгсэн хэр нь энэхүү суудлыг өмчлөөд авчихсан гэлтэй өнөөг хүртэл ТУЗ-д нь байсаар ирэв.

Тэдний өнгөрсөн хугацааны намтарчилсан зураглалыг харвал ял аваад буй хүмүүсээс ч илүү сонин дүр зураг тодрох төдийгүй хардах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Өөрсдийнх нь намтарт бичсэнээр хэн нь хэрхэн ажилласныг он цагийн дарааллар харьцуулан харцгаая.

Н.Багабанди 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгч байх үед Оюутолгойг ашиглах талаар ярьж эхэлсэн бөгөөд Н.Багабанди 2001-2005 онд  Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг Г.Батсүхэд өвөртлүүлэн илгээв. Ерөнхий сайд Г.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн тухайн үед манай төрийн удирдагч хайгуулын тайлангаа цүнхлээд Канад руу нисдэг байж. Энэ үеэс Канадын “Айвенхоу майнз” Монголд ажиллахаар орж ирсэн. Сонин давхцал шүү. Энэхүү компанийг Монголд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн идэвхтэйгээр зуучилсан хүн бол Г.Батсүх гэдгийг учир мэдэх хүмүүс андахгүй.

Г.Батсүхийг Канадад Элчин сайдаар ажиллах хугацаа дуусангуут  шууд Бээжин рүү томилов. Тэрээр 2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд  Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажилласан юм.

Энэ хооронд “Айвенхоу майнз” Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулж, “Рио Тинто”-д 49 хүртэлх хувиа эзэмшүүлэхээр болсон ч Роберт Фрийдландыг захирлаас нь буулгасан төдийгүй 51 хувийг нь эзэмших шийдвэр гаргуулж чадсан билээ. Үүнтэй зэрэгцэн бас нэгэн сонирхолтой үйл явдал өрнөсөн нь Хятадын төрийн өмчит “Чайналко” компани 2008 онд “Рио тинто”-гийн хувьцааны 9.3 хувийг эзэмших болж, энэхүү багцаа 22 хувьд хүргэхийг хичээсэн ч Австралийн тал зөвшөөрөөгүй учраас энэ оролдлогоо арга буюу зогсоов. Гэхдээ “Чайналко” давуу эрхтэй хувьцаа эзэмшигч хэвээр үлдсэн байна. Энд Хятад болоод Австралийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоо үйл явдал өрнөжээ.

Монголын асар их баялгийн нөөцтэй орд эзэмшигч Канадын компанийг Австралид төвтэй Рио-Тинто залгиж, Рио-Тинтог Хятадын “Чайналко” залгих өрсөлдөөн ийнхүү өрнөсөн  хэрэг.

Харин Г.Батсүх энэ үеэс БНХАУ-д суух Элчин сайд төдийгүй Австралийг хариуцсан шиг сууж болов. Гадаадын компаниудын өрсөлдөөний талбар өөрчлөгдөхтэй зэрэгцэн  Г.Батсүхийн Элчин сайдаар суух нутаг өөрчлөгдөөд байгаа нь анзаарагдаж байна уу?

Оюутолгойн уурхайн ажил ч эхлэв. 2010 оны зургадугаар сард Оюутолгой ХХК-ийн ТУЗ анх байгуулагдахад Г.Батсүхийг хөрөнгө оруулагчдын зүгээс, Н.Багабандийг Монголын талаас тавив. Ингэхдээ хөрөнгө оруулагчид Оюутолгойн ТУЗ-ийн даргаар Г.Батсүхийг томилжээ. Н.Багабанди арваад жилийн өмнө Канад руу Элчин сайдаар илгээсэн Г.Батсүхтэйгээ ийнхүү нэг саванд илээр, хууль ёсоор багтав. Үүнээс хойш дахиад 10 жил өнгөрөхөд Г.Батсүх огт солигдоогүй бол Н.Багабанди 2013 онд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед Оюутолгойн ТУЗ-өөс түр холдоод,  2016 онд МАН засаг авмагц эргэн ирэв.

Өмнийн говийн баялаг ордын ашиглахтай холбоотой ил, далд өрсөлдөөнд өнгөрсөн бүх хугацаанд Канад, Австрали, Хятад, Монгол гэсэн өргөн орон зайд Г.Батсүх, Н.Багабанди гэсэн хоёр хүн л цэнгэг усны загас мэт чөлөөтэй сэлсээр ирсэн дүр зураг ийнхүү аяндаа тодорхой харагдаж байна.

Г.Батсүх БНХАУ-тай өргөн харилцаатай. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргын албыг хашдаг. БНХАУ-д Элчингээр сууж байхдаа бүрдүүлсэн баг нь өнөөдөр Гадаад харилцааны яамны нөлөө бүхий албан тушаалтнууд болсон. Канад, Австралийн тухайд яалтгүй өөрийнх нь хүн гэдгийг Оюу толгойн ТУЗ-ийн даргаар Г.Батсүхийг гадны хөрөнгө оруулагчид санал болгосон цагаас ил болсон.

Энэ бүхнийг эргэцүүлэн бодвол муу нэр, луу данстай С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайханаас илүү Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай холбогдсон хүмүүс нь Н.Баганбанди, Г.Батсүх нар аж.

Гэтэл тэднийг хууль хяналтынхан огт шалгадаггүй төдийгүй Оюутолгой уурхай эхэлсэн цагаас хойш тэд ТУЗ-д нь байсаар, Монголын эрх ашгийг хамгаалж ганц үг гавхийхгүй суусаар байна. Хэн ч тэдэнтэй хариуцлага тооцсонгүй. Оюутолгойгоос монголчуудын хүртэх хувийг үгүй хийсэн гэж бишгүй хүнийг буруутгадаг ч яагаад энэ хоёр хүнийг сольдоггүй, адаглаад шалгадаггүй нь гайхмаар.

Ер нь Оюутолгойтой холбоотой учир битүүлэг олон асуудлын зангилаа хэзээ нэгэн цагт тайлагдаж л таарна. С.Баярыг Ерөнхий сайд байх үед канадууд Бээжинд бие хамгаалагчтай нь хамт гүвшиж орхисон тухай яриа хэвлэлийнхэн дунд яригдаж, түүнийг олонд ил болгохгүй байх арга хэмжээ авагдаж байсныг манай сэтгүүлчдийн мэдэх нэг нь мэднэ. Өөр ч олон яриа байдаг. Зарим нөхөд Бээжинд орд харштай гэдэг яриа ч сонсогдож л байдаг. Энэ хорвоод нууц юм гэж үгүй. Хэзээ нэгэн цагт үнэн ил болно. Тэр цагт энэ хоёр хүний "гавъяа" ч бас тодорхой болох биз.

Өнөөдөр  Оюутолгойн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” компанийг төлөөлж Г.Батсүх, Армандо Торрис, Элиас Скафидас, Люк Колтон, Б.Болд, Стив Тибоу, Монголын Засгийн газрын төлөөлж гурван гишүүн Н.Багабанди, Э.Баясгалан, З.Ган-Очир нар ажиллаж байгаа юм.

Есөн гишүүний дөрөв нь Монгол байгаа мэт боловч хоёр нь албан ёсоор хөрөнгө оруулагч компанийн төлөөлөл, Монголын талыг төлөөлсөн 3 хүнээс нэг нь лав өнгөрсөн хугацаанд бидний эрх ашгийг хамгаалж ганц үг гав хийдэггүй хэр нь монголчуудаа “Титэм үг”-ээр байнга гэгээрүүлж суудаг нөхөр. Тиймээс үлдсэн хоёр Монголдоо найдаж сэтгэлээ хуурахаас өөр сонголт алга. Г.Батсүх, Н.Багабандид МАН өртэй байж болно, Монголын ард түмэн өртэй бил үү?

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
18
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж