Турк АНУ-аас нөхөн төлбөр шаардана

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Турк АНУ-аас нөхөн төлбөр шаардана

Турк АНУ-аас нөхөн төлбөр шаардана

Сөнөөгч онгоцны хөтөлбөрөөс хасагдсаныхаа нөхөн төлбөрийг АНУ-ын талаас авах хүсэлтэй байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган илэрхийлэв. Энэхүү хүсэлтээ ирэх сард Ромд болох “20-ын бүлэг”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уламжлах гэнэ. Эрдагон энэхүү мэдэгдлээ өнгөрөгч Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хийсэн уулзалтынхаа дараа хийсэн юм.

Уулзалтын үеэр Турк улс Оросоос пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт “S-400” систем худалдаж авах тохиоролцоонд хүрсэн юм. Харин уг хэлэлцээр нь NATO-ийн гишүүн орон Турк “F-35” сөнөөгч онгоц үйлдвэрлэх олон улсын хөтөлбөрөөс хасагдах шалтгаан болжээ. Гэвч Турк ийн хасагдахаас өмнө хөтөлбөрт 1.4 тэрбум ам.доллар төлсөн нь асуудал дагуулж буй.

Тэрбээр “Бид 1.4 тэрбум ам.долларын төлбөр хийсэн нь юу болох вэ? Энэ бол бидний хувьд урьд ч тэр, одоо ч тэр тийм амархан олдчихдог мөнгө биш. Тиймээс тэд бидэнд нэг бол сөнөөгч онгоцыг, үгүй бол мөнгийг буцаан олгох ёстой” гэжээ.

Харин түүнээс сэтгүүлчид АНУ-аас хориг арга хэмжээ авахаар заналхийлж буй энэ үед Оросоос “S-400” систем худалдаж авах төлөвлөгөө хэвийн үргэлжлэх боломжтой эсэх талаар лавлахад Эрдоган “Ямар ч эргэлт буцалт байхгүй” гэж мэдэгджээ.

Үүнээс хоёр жилийн өмнө Турк улс Оросод үйлдвэрлэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах “S-400” системийг худалдаж авч байв. Үүний улмаас АНУ нь Туркийг “F-35” хөтөлбөрөөс гаргаж, батлан ​​хамгаалахын албан тушаалтнуудад нь хориг арга хэмжээ авсан юм. АНУ нь NATO-гийн гишүүдийг Оросын системийг ашиглахыг эрс эсэргүүцэж, энэ нь “F-35”-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгддэг.

Харин Турк улсын хувьд “S-400”-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг NATO-гийн системд нэгтгэхгүйгээр бие даан ашиглах боломжтой тул ямар ч эрсдэлгүй гэж үздэг байна. ОХУ-ын Сочи хот дахь Хар тэнгисийн эргийн амралтын газар болсон талуудын уулзалтаар Турк, Орос хоёр улс нисэх онгоцны хөдөлгүүр, сөнөөгч онгоц, шумбагч онгоцнуудад чиглэсэн батлан ​​хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх алхмуудыг хэлэлцжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж