“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчид өчигдөр /2021.09.30/ орой ажил хаяж цалингаа нэмэгдүүлэхийг удирдлагуудаас шаардсан. Ажилчдын зүгээс цалинг бүтэн олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасалдуулсанд бухимдаж шүүмжлэлтэй ханджээ. Улмаар хүйтний улирал эхэлсэн энэ үед түлшний нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэв. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн мэдээлснээр түлшний хомсдол үүсч, нийлүүлэлт тасраагүй, компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Тус компанийн түлшний үйлдвэр хариуцсан захирал Б.Жигжидээс тодруулбал “Ажилчид удирдлагын хооронд ойлголцсон ч ажил хэвийн үргэлжилж байна. Өчигдөр орой гуравдугаар ээлжийн ажилчид ажил хаясан. Харин 1, 2, 4 дүгээр ээлжийн ажилчид ажил тасалдуулаагүй учраас түлшээ нийлүүлсэн. Ямар нэгэн хомсдол үүсээгүй. Нийт 76 мянган тонн түлшний нөөцтэй байна.
Ажил хаясан хүмүүсийн тухайд зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, ажлаас гарч буй хүмүүс бусдыгаа турхирсан асуудал үүссэн болохыг нь тогтоосон. Хүмүүс гар дээр авч буй болон үндсэн цалингаа ойлгохгүй байна.
Компанийн зүгээс ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй хоцроосон, цалинг дутуу олгосон асуудал байхгүй. Харин ажил тасалсан, чөлөө авсан хүмүүсийн цалин хасагдсаныг буруу ойлгосон юм билээ. Мөн ажилчдын хэлж байгаачлан үйлдвэрийн ослоор хүн нас барсан тохиолдол гараагүй. Сахилгын шийтгэл хүлээсэн, ажлаас гарч буй хүмүүс бусдыгаа уриалсан юм билээ. Гэхдээ ажил хаясан хүмүүст ямар нэгэн арга хэмжээ авахгүй.” гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК нь нийт 3000 гаруй ажилчидтай. Тэдний 200 нь өчигдөр ажил хаясан болохыг компанийн зүгээс хэлж байгаа юм. Мөн өчигдрийн байдлаар 200 цэгээр түлш борлуулсан бол өнөөдрөөс 600 цэг болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин өнгөрсөн мягмар гаригт түлшний хомсдол үүсч, урт дараалал үүссэнийг компанийн зүгээс түлш борлуулах цэгүүдийг нэмсэнтэй холбон тайлбарлав.
Холбоотой мэдээ