Хятадад сүүлийн үед нүүрсний хомсдол үүссэнээс болоод хэдэн өдрийн өмнөөс зарим нутгуудаар айл өрх, албан газар, үйлдвэрүүд тоггүй болсон. Иймд Бээжин Оросын эрчим хүчний компаниудаас экспортоо нэмж туслахыг хүссэн байна.
Тухайлбал, ОХУ-ын “INTER RAO” эрчим хүчний компани Хятадаас тусламж гуйсан хүсэлт хүлээж авснаа мэдэгджээ. Хэдийгээр хоёр тал илүү нарийн мэдээлэл өгөөгүй байгаа ч Оросын эрчим хүчний экспортод хэдийнэ монополь болсон тус компани хүсэлтийг хүлээн авах бололтой.
Хэдэн өдрийн өмнөөс эхлэн Хятадын 20 гаруй муж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрч, зарим албан газрууд лааны гэрэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гар утасны сүлжээ ч доголдож эхэлсэн юм.
Түүнчлэн эдийн засаг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжүүдээ унтрааж, ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулж байгаа гэнэ.
Хятад улс нийт эрчим хүчнийхээ талаас илүү хувийг нүүрснээс гаргаж авдаг. Гэвч сүүлийн үед нүүрсний нөөц асар ихээр багассаар түүхэн дэх хамгийн бага хэмжээндээ хүрчээ. Зарим албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо байгаа нөөц нь улсыг ердөө хоёр долоо хоног тогтой байлгаж хүрэхтэй үгүйтэй байгаа аж.
Мөн үүнийг дагаад үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарууд доголдон удааширч байгаа нь олон сөрөг үр дагавартай юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ