ЭМЯ: Насанд хүрэгчдийн 50 хувь III тунд хамрагдвал тархалт буурна

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Насанд хүрэгчдийн 50 хувь III тунд хамрагдвал тархалт буурна

ЭМЯ: Насанд хүрэгчдийн 50 хувь III тунд хамрагдвал тархалт буурна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.10.01) ээлжит мэдээллээ хийлээ.


-УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдээс 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Өөрөөр хэлбэл, 0.1 хувь нь халдвар авсан гэсэн үг. Халдвар авсан хүмүүс маш хөнгөн өвдсөн. Дельта хувилбарын үед бид цэцэрлэг сургууль болон эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг баримталж байна.  Тиймээс 18-аас дээш насныхан гурав дахь тундаа зайлшгүй хамрагдахыг урилъя.

Албан байгууллагууд 10-аас дээш ажилтантай бол гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэхийг зөвлөе.

Иргэд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Дельта хувилбарын өндөр тархалттай орнуудад нийт хүн амынхаа 30 хувийг нэмэлт тунд хамруулж, батлагдсан тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчтний тоог гурав дахин бууруулах тооцоолол байна. Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун юм. Иргэд шинж тэмдэг илрээгүй үедээ халдвар тараах эрсдэлтэй.  Өнөөдрийн байдлаар 306.710 хүн гуравдугаар тунд хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын есөн хувь болж байна. Насанд хүрэгчдийн 50 хувь гурав дахь тунд хамрагдвал тархалт буурах боломж байна. Дельта хувилбарын давалгаагаар нэг хүний ард найман хүн өвчлөх эрсдэлтэй.

“ТӨРСНИЙ ДАРААХ НЯРАЙН ӨВЧЛӨЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА”

“Амгалан” амаржих газрын Орлогч дарга н.ХАНГАЛ:

-Манай амаржих газар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн жирэмсэн эх, нярайд тусламж үзүүлдэг. Цар тахлын үед 50 ор дэлгэн улаан бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 500 орчим жирэмсэн эх, нярайд тусламж үзүүлсэн. Эмнэл зүйн хувьд тэдний 60 орчим хувьд  биеийн байдал хүндэвтэр, 10 хувь нь хүнд, хөнгөн 20-30 хувийг эзэлж байна. Жирэмсэн эхчүүд уушгины амьсгалын багтаамж нэмэгдэж, дархлаажуулалт дутмаг байдаг учраас халдвар авбал хүндэрч байна.

Жирэмсэн эхчүүд ихэвчлэн гэр бүлийнхнээсээ халдвар авах эрсдэлтэй байна. Манайд эмчлүүлж буй жирэмсэн эхчүүдийн 70-80 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Цаашид төрсний дараах нярайн өвчлөл тулгамдсан асуудал болж байна. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

"ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НӨӨЦ 27 ОР БИЙ"

НЭМГ-ын Орлогч дарга Ж.ОТГОНБОЛД:

-Нийслэлийн хэмжээнд 24 цагт 11.682 шинжилгээ хийсэн. Шинжилгээний зургаан цэгт 30 ажилтан өчигдөр ажиллажээ. Тандалтад 58 тээврийн хэрэгслээр 232 мэргэжилтэн ажилласан. Явуулын амбулаторийн тоо дөрөв байна. Хотод 6510 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хүүхэд 445 бол 938 жирэмсэн эх эмчлүүлж байна. Тусгаарлах байранд 331 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр 35.690 хүн,  ойрын хавьтал 28663 тохиолдол байна. Дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол батлагдсан. Тэр дундаа есдүгээр сарын 1-29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн хүний тоо 18135, эмнэлэгт хэвтэж гарсан хүн 16745 тохиолдол байна. Салбарын сайдын тушаалаар УОК-ын дэргэд ор зохицуулах шуурхай багийг  томилсон. Өнгөрсөн хоногуудад 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул оронд хэвтэх нэн шаардлагатай улаан эрэмбийн 96 хүн, улбар шар эрэмбийн 128, шар эрэмбийн 25, ногоон эрэмбийн хоёр иргэдийг хуваарилсан.

Өнөөдрийн байдлаар нөөц 27 ор байгаа. Нийслэлийн хэмжээнд 145 сул оронд хэвтэх хүмүүсийг ангилж, бусад 46 эмнэлэг рүү хуваарилдаг. Дүүргийн тандалтаар 74 жирэмсэн эх хүсэлт гаргаснаас таван эмнэлгийн 58 сул оронд хуваарилж ажилласан. Мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой орон нутгаас ирж байгаа  10 орчим оюутан дотуур байранд байгаа. Бид холбогдох байгууллагуудтай хамтран есдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийсэн. Төрийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр төрийн их дээд сургуулиудын удирдлага хамтарч ажиллахыг уриалъя.

Одоогоор Монгол Улсын их сургуулийн дөрөвдүгээр байр болон "Оюутны өргөө-2" дотуур байрны хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байраар гаргасан. Соёл урлагийн их сургуульд найман тохиолдол гарч, нийтдээ 750 оюутан халдвар авч, таван нь эмнэлэгт хэвтсэн.

Бид анагаахын чиглэлээр төр, хувийн хэвшлийн их сургуульд суралцаж буй төгсөх дамжааны оюутнууд болон резидент эмч, Сувилахуйн сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тусламж авахаар уриалсан. Нийслэлд 126 өрх дээр нэмж 60 түр бүлгийг нээсэн. Өнөөдрийн байдлаар 22 бүлэг ажилдаа орох гэж байна. Нийтдээ иргэнд хүрэх багцын хүргэлт, дуудлага хүлээн авахад хүрч ажиллах болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжилт шийдэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн хэмжээнд 15 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэгдсэн.

"НАЛАЙХ, БАГАНУУР ДҮҮРЭГТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН"

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын асуудлыг тодруулж өгөөч. Нийслэлийн хэмжээнд эмч мэргэжилтэн болон эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээтэй байгаа юу?

Ж.Отгонболд: Оюутнуудтай холбоотой асуудал маш чухал. Эрүүл мэндийн даатгалын сан төсвөөс тодорхой хэмжээнд санхүүждэг. Тэр утгаараа орон нутгаас ирсэн оюутнуудын эрүүл мэндийн яамны хамрагдалт тааруу байгаа. Тэгэхээр хичээцгээе. Бид чадах чинээгээрээ Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо гээд өрхийн эрүүл мэндээс багцын тусламж үзүүлж байгаа. Цаашид нөхцөл байдал улам хүндэрвэл энэ өвөлжингөө томуу, цар тахал нь мэдэгдэхгүй амьсгалын замын өвчлөл нэмэгдэнэ.

Тиймээс өрх дээр эрүүл мэндийн даатгалтай байвал тусламж үзүүлэхэд амар болох юм. Хүчилтөрөгчийн хангамжийн хувьд салбар яамнаас таван дүүрэгт өгсөн. Ингэхдээ нэг дүүрэгт 80 сая төгрөгийн санхүүжилттэй хүчилтөрөгчийн үйлдвэр барьсан. Одоо Налайх, Багануур дүүрэгт энэ үйлдвэр байгуулах чиглэлд хүсэлтээ хүргүүлсэн. Сард нэг удаа таван тонны н хүчилтөрөгч авдаг байсан бол Багануур дүүргээс өдөр бүр таван тонныг авч байна.

-Шинжилгээний цэгийн тоог нэмэх боломжтой юу?

Ж.Отгонболд: Шинжилгээг хийхдээ өдөрт нормын дагуу 12 мянгыг хийх ёстой. Өнөөдөр нормоос хэтэрсэн. Цар тахлаас сэргийлж, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Одоо цар тахлын батлагдсан 230 мянган халдвар гарч байгаа энэ үед шинжилгээ хийх ач холбогдол багатай болсон. Аль болох халдвараас урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна. Бид шинжилгээг хангалттай хийсэн.

-Урлаг, соёлын арга хэмжээг зөвшөөрсөнтэй холбоотойгоор ямар зөвлөгөө өгөх вэ?

О.Батбаяр: Битүү орчинд урлаг соёлын үйл ажиллагаа явуулах хамгийн эрсдэлтэй. Тийм учраас уран бүтээлчдийг ийм арга хэмжээ зохион байгуулахгүй, иргэд оролцохгүй байхыг уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж