"Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана"

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

"Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана"

"Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана"

НЭМЭЛТ:

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд танхимаар хуралдаж эхэллээ. 2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээж зүтгэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа учраас гишүүд хариуцсан хуулийн төслөө батлуулахын төлөө хичээн ажиллаж сонгогч нартаа тайлагнах чиглэл өгч байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмч эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан ч өнөөдрийн байдлаар халдварын 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1204 иргэн халдварын улмаас нас барлаа. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Covid-19 халдварын тархалтыг сааруулах , эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай.

Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл.

Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Дээрх алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл, хүндрэл байгаа шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулах шаардлагатай. Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ. Ингэхдээ өнгөц өөрчлөлт бус, өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих шинэчлэлийг хийнэ. Үүний тулд уул уурхайн салбарт хамааралтай эдийн засгийн бүтэцт шинэчлэлт хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж ажлын байр бий болгон ядуурлыг бууруулна.

2021 оны Хаврын чуулганы зорилт нь хүний эрхийг дээдлэх хэмээн та бид тодорхойлж байсан. Хүний эрхийн төлөө тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй.

Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлно. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, урт хугацааны өсөлтийг хангахад бизнесийн таатай орчин бүрдүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэлтийг хийнэ. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батална.

УИХ бизнес эрхлэгч, ажил олгогч, татварын төлөгчдийн нүдээр харж дээрх хуулиудыг батлах ёстой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн зүгээс саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь нэн чухал байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянаж , үр ашгийг нэмэгдүүлж төрийн өмчит компаниудын ил тод байдал хариуцлага үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажлын байраар хангана.

Халамжаас хөдөлмөрт шилжих, авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилнэ.

Засаглалаа чадавхжуулаагүй цагт ямар ч сайн бодлого үр дүнд хүрэхгүй. Тиймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ. Иргэддээ үйлчилдэг төрийг төлөвшүүлэх, цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхжуулах, инновац шингэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг дэмжих зэрэг олон зорилго нь засаглалын шинэчлэлд хамаарна.

Төрд төлөөллөө илгээсэн намуудын төсөв, санхүүжилт ил тод шилэн болох цаг болжээ. УИХ-ын гишүүд энэ чиглэлд идэвхтэй ажиллах шаардлагатай.

Түүнчлэн төр өөрийн эрх мэдлээ ард олондоо ээлтэй байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, зөвшөөрөл хяналтын тогтолцоог цахимжуулж, хүний оролцоог хөнгөлж, хүнд суртлыг багасгах нь нэн чухал зорилт юм. Covid-19 халдвар олон сөрөг нөлөөг дагуулсан ч шинэ боломжуудыг нээж өгсөн. Түүний нэг нь цахим хурал, худалдаа, ажил эрхлэлт өмнө нь байгаагүй өргөн хүрээг хамарлаа. Одоо үүнийг технологийн шинэ дэвшилттэй уялдуулан тогтмол хэрэглээ болгож чадвал бид цахим үндэстэн болох зорилт руу нэг алхам ойртоно гэсэн үг. Энэ чиглэлээр хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Хууль хэрэгжилтэд хяналт тавих, авлига албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноох, монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэх бидний зорилго энэ чуулганаар батлах УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрхзүйн хувьсгалын зорилтыг намрын чуулганаар үргэлжлүүлнэ. Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Шүүхийн багц хууль гацаанаас гарсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцэслэгдэн гарсан. Тиймээс шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.


УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган  өнөөдөр /2021.10.01/ 10:00 цагт  нээлтээ хийнэ. Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Тэгвэл УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдахаар товлосон бөгөөд тус хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох аж. Ингэхдээ хурал хаалттай горимоор явагдана.

 Хэлэлцэх асуудлын эхэнд:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
  • Хөрөнгийн үнэлгээний тухай,
  • Актив удирдлагын компанийн тухай,
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж