Монгол Улсын хүн амын 7 хувийг өндөр настнууд эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хүн амын 7 хувийг өндөр настнууд эзэлж байна

Монгол Улсын хүн амын 7 хувийг өндөр настнууд эзэлж байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд "Ахмадын өдөр" тохиодог. Энэ жил Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байна.  Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос сүүлийн 10 жилд Монгол Улсын хүн ам дахь ахмадуудын эзлэх хувь хэмжээг судлан гаргасан мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын хүн ам 2010-2020 оны хооронд 19.7 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт 2.2 хувь болсон бол өндөр настны жилийн дундаж өсөлт 5.9 хувьтай байна. Өндөр настай хүн амын өсөлт нь хүн амын төрөлт огцом өссөн 1950-иад оны дунд үед шинээр мэндэлсэн иргэд ахмад үеийнхний эгнээд орж байгаатай холбоотой.

Хүн амын тоо 1950-иад оны дунд үеэс хурдтай нэмэгдэж, 1989 он хүртэл жилд дунджаар 2.5-аас илүү хувиар өсч байв. Энэ нь ард түмний аж байдал, хүн амын эрүүл мэндийн түвшин дээшилж, төрөлт нэмэгдэхийн зэрэгцээ нас баралт буурч, гадаад шилжих хөдөлгөөн бараг байхгүй байсантай ч холбоотой байна.

1989-2010 оны хооронд гурван 10 жил дараалан нийт хүн амын 5 орчим хувийг өндөр настан эзэлж байсан бол 2020 онд 7.0 хувь болж өсжээ. Нийт хүн амд өндөр настны эзлэх хувь 1956-2000 онд буурч байсан нь төр засгаас хүн амаа өсгөх талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдэж байсантай холбоотой юм. Өндөр настан хүн амын 2010-2020 оны жилийн дундаж өсөлт өмнөх тооллогуудын жилийн дундаж өсөлтөөс хамгийн өндөр нь байна.

Сүүлийн 4 удаагийн тооллогын дүнгээс харахад өндөр настан хүн амын тоо тасралтгүй өссөн байна. Харин 1989-2000 онд 70, түүнээс дээш насны хүн амын тоо 4.6 мянган хүнээр буурч байжээ. Өмнөх хоёр 10 жилд өндөр настан хүн амын 3/5 орчмыг 60-69 насныхан эзэлж байсан бол 2010-2020 онд өндөр настан хүн амын тоо 80.9 мянган хүнээр нэмэгдсэн ба 65.4 хувийг 60-69 насныхан эзэлж байна.

Монгол Улсын нийт хүн амд өндөр настны эзлэх хувь 2000 онд хамгийн бага байсан бөгөөд сүүлийн 2 тооллогын хувьд өсжээ. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр нийт хүн амын 5.7 хувь, 2020 оны тооллогын дүнгээр 7.0 хувийг өндөр настнууд эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж