Фүмио Кишидагийн чадвараас эрх барих намын ирээдүй шалтгаална

Хуучирсан мэдээ: 2021.10.01-нд нийтлэгдсэн

Фүмио Кишидагийн чадвараас эрх барих намын ирээдүй шалтгаална

Фүмио Кишидагийн чадвараас эрх барих намын ирээдүй шалтгаална

Дэлхийн эдийн засгийн гуравдагч том орон төдийгүй АНУ-ын гол холбоотон  Япон улсын эрх барих намын даргаар энэ Лхагва гаригт дипломат Фүмио Кишида тодров. Тодруулбал, консерватив үзэлтэй Либерал ардчилсан намын удирдлагчийг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар Гадаад хэргийн сайд асан 64 настай Кишида гол өрсөлдөгч “Covid-19”-ын вакцинжуулалтыг хариуцсан сайд Таро Коногоос илүү олон санал авч, ялалт байгуулсан юм.

Либерал ардчилсан намаас олонхыг бүрдүүлсэн Японы хууль тогтоогчид түүнийг ирэх Даваа гаригт түүнийг шинэ Ерөнхий сайдаар томилох төлөвтэй байна. Ингэснээр Кишида нь 1885 оноос хойш кабинетийн системээр явж буй Япон улсын 100 дахь Ерөнхий сайд болно.

Кишидаг юуны өмнө дэгдэлт нь дөнгөж намжиж буй “Covid-19”-ийн нөхцөл байдлыг зохицуулж, уналтад орсон эдийн засгаа сэргээх ажлууд хүлээж буй. Цаашлаад Хойд Солонгосын хууль бус зэвсгийн хөтөлбөр, Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүч зэрэг бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Вашингтонтой хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа юм.

Жил гаруйн өмнө албаа хүлээн авсан өмнөх ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн ажлууд олон нийтийн дургүйцлийг төрүүлсний улмаас тэрбээр энэ сарын эхээр огцрохоо мэдэгдсэн. Түүний удирдлаганд байсан Либерал ардчилсан нам бараг сүүлийн 70 жилийн турш Япон улсыг удирдаж байна. Тус нам шинэ ерөнхий сайдыг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр болох доод танхимын сонгуульд олон суудал авчирна гэж найдаж байгаа юм.

Энэ удаагийн намын удирдагчийн суудалд дөрвөн хүн өрсөлдсөнөөс анх удаа нэгээс олон эмэгтэй нэр дэвшсэн нь ерөнхий сайд асан Шинзо Абэ дэмжлэг байв. Консерватив үзэл баримтлалтай 60 настай Санае Такайчи болон 61 настай Сейко Нода нар эрх барих намын даргын сунгаанд хүч үзсэн.

Кишидагийн гол өрсөлдөгч болох 58 настай Коно олон нийтийн санал асуулгаар хамгийн их дэмжлэг хүлээсэн ч намын ахмад зүтгэлтнүүд Кишидаг илүүд үзсэн болохыг Токио дахь Темпл их сургуулийн түүх, ази судлалын профессор Жефф Кингстон хэлэв.

Кингстоны хэлснээр Коног тэд "тэрслүү, цадиггүй, хэлсэндээ хүрдэггүй нэгэн" гэж тодорхойлжээ. "Тэрбээр өдөөн хатгасан зан чанартай бөгөөд үзэл бодлоо нууцлах нь ёс суртахуунтайд тооцогддог Япон улсад санаа бодлоо ил тод илэрхийлдэг нэгэн" гэж Кингстон мөн онцлов.

Хэдийгээр энэ намар болох парламентын сонгуульд Либерал ардчилсан намыг ялалт байгуулна гэж үзэж байгаа ч дэмжигчдийн тоо нь буурах хандлагатай байна. Тухайлбал, тус нам өнгөрсөн долдугаар сард Токио хотод болсон орон нутгийн сонгуульд олонхийн санал авч чадаагүй бол өнгөрсөн сард Йокогама мужийн захирагчийн сонгуульд ялагдсан билээ.

Японы ард иргэд эдийн засгаас гадна цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй засгийн арга хэмжээнд хамгийн их анхаарал хандуулж буй юм. Азийн олон орны адилаар Япон улс 2020 оны турш цар тахлыг барьж байсан ч Токиод болсон Олимпийн наадмын дараагаас халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн юм. Тодруулбал өнгөрөгч наймдугаар сард халдварын тоо өдөрт ойролцоогоор 25 мянгад хүрч байв.

Гэхдээ вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдсанаар өдөр тутмын тохиолдлууд 2000 орчим болж буурсан. Өнгөрсөн есдүгээр сард вакцины эхний  тун хийлгэсэн хүмүүсийн хүн амд эзлэх хувь хэмжээ АНУ-ыг давсан байна. Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн амын 58 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.

Сүга энэ долоо хоногт Токио болон бусад 18 мужид зарласан онц байдлыг төлөвлөгөөний дагуу Пүрэв гаригт цуцална гэж мэдэгджээ. 125 сая хүн амтай тус улсад халдварын 1.7 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 17 мянга гаруй хүн нас барсан нь АНУ зэрэг орнуудтай харьцуулахад бага тоо юм. Гэвч Японы ард иргэд Сүгад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа гэдгийг Токио дахь София их сургуулийн Японы улс төрийн профессор Коичи Накано онцлов.

Сүгагаас өмнө Шинзо Абэ бараг найман жилийн хугацаанд засгийн эрхийг барьж, өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсноор Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болсон. Үүнээс өмнө Япон улс Абэг өөрийг нь оролцуулаад зургаан жилийн хугацаанд зургаан өөр ерөнхий сайдын нүүр үзжээ. Тодруулбал, Абэ өмнө нь нэг жилийн хугацаанд ерөнхий сайдын албыг хашиж байв.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж