"Чингис хаан" музейн барилга өнгөрсөн хугацаанд нийгэмд багагүй шүүмжлэл өрнүүлсэн. Учир нь соёлын өвд бүртгэлтэй улсын төв музейг нурааж, буурин дээр нь цоо шинэ дизейн бүхий музей барьсан. Гэтэл музейн бүтээн байгуулалт дуусаагүй шахам байхад бас л оюуны өмчийн хулгайн асуудал яригдах болов. Үүнээс өмнөхөн төсвийн хоёр тэрбумаар барьж байсан "Андлалын өргөө" цогцолборыг оюуны өмчийн асуудлаас болж нураасан юм.
Зарим мэргэжлийн архитекторууд музейн барилгад ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн архитектор “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа олон эрдэмтэн цуглуулж, Монголын үндэсний өв уламжлалыг орчин цагийн хэлбэр хийцтэй хослуулан музей байгуулна” гэж байсан. Гэтэл одоо "Чингис хаан" музейн барилгыг харахад малгайгаа хазгай тавьсан хүн шиг харагдаж байна" гэв.
Архитектур нь хэлбэр хийцээрээ тухайн барилга байгууламжийнхаа үйл ажиллагаа явуулах чиг үүрэгт зохицсон байх ёстой. Гэтэл "Чингис хаан" музей нь барилга үндэсний өвөрмөц хэлбэр хийц, өв уламжлал шингээгүйгээс гадна Турк улсын худалдааны төвийн барилгыг хуулбарласан. Энэ бол хот байгуулалтыг мэргэжлийн архитектор бус эрх мэдэлтэн дарга нар шийддэгийн тод жишээ гэдгийг хэлж байв.
"Чингис хаан" музей Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажиллажээ.
Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүү өмнө нь NEWS.MN сайтад мэдээлэл өгөхдөө “Хүмүүсийн шүүмжлэл дагуулаад байгаа "Чингис хаан" музейн барилгыг Туркийн барилгатай яг адилхан барьсан. Энэ мэтчилэн оюуны өмчид хамаагүй халдаж, архитектурын бүтээл хуулбарлаж болохгүй”-г сануулж байлаа.
"Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авчээ. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлджээ.
Олон нийтийн сүлжээнд "Чингис хаан" музейн барилгыг Турк улсын Анкара хотод байрлах “Кизилай” худалдааны төвтэй харьцуулсан зураг цацагдаад буй. Харин “Балданс” компанийн зүгээс бусдын оюуны өмчийг хуулбарлаагүй, өөрсдийн санаа, концевциор музейн зураг төслийг гаргасан гэдгийг тайлбарыг өгсөн юм.
“МАНАЙ КОМПАНИ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН МУЗЕЙ, ТЕАТР БАЙГУУЛСАН”
Музейн зураг төслийг гаргасан “Балданс” компанийн захирал Б.ОНОН:
-Манайх "Чингис хаан" музейн ерөнхий зураг төслийг гүйцэтгэгч компани. Өнгөрсөн 2019 оноос хойш гурван жил хамтран ажиллаж, ашиглалтад өгч байна. Манай компани өмнө нь ийм төсөл дээр ажиллаж байсан учраас үргэлжлүүлэн "Чингис хаан" музейн зураг төсөл дээр ажилласан. 2013 онд шинээр барих Байгалийн түүхийн музейн зураг төслийн тендерт шалгарч, хийсэн. Музейн суурин дээрээ үргэлжлүүлэн "Чингис хаан" музейн зураг төсөл дээр манай компани ажиллахаар болсон юм.
Миний хувьд Туркийн худалдааны төвийн барилгын талаар огт сонсоогүй. Хүмүүс хийж бүтээсэн нэгнээ аль болох харлуулахыг л боддог болж. Бид олон архитектор, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран өдөр шөнөгүй ажиллаж, санаа оноогоо гаргасан. Шууд л барилгын архитектурыг хуулбарлаад л тавьчихдаг амар ажил гэж хаана ч байхгүй. Оюуны өмчийн асуудал шүү дээ.
Манай компани улсын хэмжээнд маш олон музей, театр байгуулсан 20 гаруй жилийн түүхтэй. Хаанаас ч, хэний ч бүтээлийг хуулбарласан түүх байхгүй. Жишээлбэл, МАН-ын төв байр, Хөвсгөлийн “Цаатан” музей, Өмнөговь, Өвөрхангай, Дархан гээд найман аймагт театр, музей байгуулахдаа тухайн орон нутгийн онцлогийг шингээж бүтээсэн. "Чингис хаан" музей дээр яг л тийм байдлаар зураг төслийг нь гаргасан. Музейн зураг төслийг гаргахад маш олон удаа санаа өөрчлөгдөж, салбар яам, Монголын урчуудын эвлэл, дарга нар, эрдэмтдийн шинжилгээний баг ажиллаж, санаагаа оруулна. Тэр олон санааг тусгаж, эцсийн байдлаар батлахдаа Чингис хааны сүлд тэмдэг болох шонхор шувууг оройд байрлуулж өгсөн. Хүмүүс музейн орой хэсгийг монгол гэрийн орой буюу тооно, нөгөө талаараа жанжин баатрын дуулга малгай ч гэж харж болно. Ингэснээр үндэсний өв уламжлалаа шингээснээс гадна орчин үеийн барилга архитектурын хэлбэр хийц, шийдэл санааг тусгасан” гэдгийг хэлсэн юм.
“ДЭЛХИЙН ХАА НЭГТЭЭ ТӨСТЭЙ БАРИЛГА БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ”
“Балданс” компанийн ахлах архитектор Ө.ЦЭРЭНБАЗАР:
-"Чингис хаан" музейн барилгын зураг төсөл Турк улсын худалдааны төвийг хуулбарласан гэж зарим архитекторууд шүүмжилж буй. Танай компани үүнд тайлбар өгөхгүй юу?
-"Чингис хаан" музейн зураг төсөл дээр Монгол Улсын зөвлөх архитектор Д.Балдан гэж хүн ажилласан. Захирал маань хүнд өвчний улмаас бурхан болсон. Ер нь барилгын салбарт давтагдахгүй хэлбэр, хийц гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн барилгыг барихад дэлхийн хаа нэгтээ төстэй барилга байхыг үгүйсгэхгүй.
Бидний хувьд "Чингис хаан" музейн зураг төсөл дээр яг өөрсдийн санаа, концевци, гар эскизийг баримталж ажилласан. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даалгаврын дагуу өөрсдийнхөө санааг гаргаж хийдэг. Үүний нотолгоо бол талийгаач захирлын гарын үсэгтэй 2019 онд батлагдсан манай компанийн эскиз дээр байна.
-Зураг төслийг сонгон шалгаруулалтгүйгээр нэг компанид давуу эрх олгосон нь талаар зарим судлаачид хэлсэн. Сонгон шалгаруулалтыг яагаад хийгээгүй юм бэ?
-Манай компани 2013 онд сонгон шалгаруулалтад орж, шинээр барих Байгалийн түүхийн музейн зураг төслийг хийсэн. Гэвч тухайн үед тэр бүтээн байгуулалтын ажлыг хийгээгүй. Дараа нь 2019 онд Засгийн газрын тогтоол гарч, "Чингис хаан" музейг байгуулахаар болсон. Тийм учраас бидэнд эртний хаад язгууртны музей гэдэг концевциор зураг төслөө шинэчлэн зурж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан юм. Бид хүсэлтийн дагуу жил гаруйн хугацаанд цар наргүй ажиллаж, музейн зураг төслийг өөрчлөн гаргасан.
Тэрнээс биш бид үндэсний музейн зураг төслийг гаргахын тулд шууд Турк худалдааны төвийн барилгыг хуулна гэж байхгүй шүү дээ. Энэ бол ташаа мэдээлэл.
Зөвхөн архитектур талаасаа 7-8 архитектор ажилласан. Мөн музейн халаалт, агаар сэлгэлт, бохир усны инженер гээд мэргэжилтнүүд ажиллаж байж зураг төсөл бий болно.
-Музейн барилгыг ямар ч архитектургүй, яг зураг төслийн дагуу бариагүй, гэдэг шүүмжлэл ч бий?
-Бид анх шилэн цонх ихтэй зураг төслийг хийж байсан. Дараа нь музейн мэргэжилтнүүд “Музейн үзмэрүүдэд нарны шууд тусгал тусах нь буруу. Дэлхийн томоохон музейнүүд цонх багатай байдаг” гэж зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, үзмэрийн хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй гэсэн үг. Одоо "Чингис хаан" музейн барилга бол огт шилгүй биш шүү дээ. Музейн үзүүлгийн танхимаас бусад хэсгүүд шилтэй байгаа.
Улсын онцгой комиссоор өчигдөр /2021.09.29/ музейн барилгыг хүлээж авсан. Одоо бүтээн байгуулалтын ажил дууссан. Музейн захиргаа цаашдаа үйл ажиллагаагаа аваад явна. Захиалагчийн зүгээс музейн үйл ажиллагааг сурталчлах талын ажлыг хийх нь зүйтэй болов уу.
Ингээд "Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын талаарх иргэдийн санал бодлыг хүргэе.
"БАРИЛГЫН ХЭЛБЭР ХИЙЦЭЭС ИЛҮҮТЭЙ МУЗЕЙН ҮЗМЭР СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА"
Иргэн Б.БАЯР:
-Байгалийн түүхийн музейг нураасан ч эргээд музейн зориулалтаар бүтээн байгуулалт хийсэн нь сайшаалтай. Шинээр байгуулсан "Чингис хаан" музейн барилгын архитектурыг мэргэжлийн хүмүүс хийсэн байх гэж бодож байна. Барилгын гадна хэлбэр хийцээс илүүтэй музей доторх үзмэр, агуулга сонирхол татаж байна. Хамгийн гол нь Монголынхоо үндэсний өв соёл, үүх түүхийг сурталчилж чадаж байх хэрэгтэй.
"ЖУУЛЧДЫН СОНИРХЛЫГ ТАТАЖ, ЭХ ОРНЫХОО ТҮҮХИЙГ СУРТАЛЧЛААСАЙ"
“Этүгэн” их сургуулийн оюутан Т.АМАРМЭНД:
-Байгалийн түүхийн музейн хуучин барилгын оронд орчин үеийн шинэ музей барьж байна. Олон нийтийн сүлжээгээр "Чингис хаан" музейн барилгыг хуулбарласан талаар харьцуулсан байсан. Миний хувьд энэ талаар судалж үзээгүй учраас сайн мэдэхгүй. Шинэ музей үзмэр нь баялаг, орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан болов уу гэх хүлээлт байна. Монголд аяллаар ирж буй гадаадын жуулчдын сонирхлыг татаж, эх орныхоо түүхийг харуулсан музей байгаасай.
"МУЗЕЙН БАРИЛГЫГ ЯАГААД МОНГОЛ ХЭЛБЭРТЭЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ"
Иргэн С.ГАЛ-ЭРДЭНЭ:
-"Чингис хаан" музейн талаар хүмүүс их шүүмжилдэг. Миний хувьд шинэ музей барьсныг дэмжиж байсан. Харин музейн барилгын хувьд илүү орчин үеийн Монгол өв соёл, уламжлалаа тодотгож өгөх ёстой байсан юм болов уу. Музейн нэр нь "Чингис хаан" музей шүү дээ. Яагаад монгол гэр хэлбэртэй эсвэл гэр тэрэг гээд үндэсний түүхийг өгүүлсэн хэлбэр хийцтэй барьж болоогүй юм бол гэж боддог.
ҮЗМЭРИЙН САН БҮРДҮҮЛЭХЭЭР 9.8 ТЭРБУМААР 18 УДААГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
Музейн барилгад Засгийн газраас 2020 онд 53 тэрбум төсөвлөсөн. Харин 2021 оны улсын төсөвт 67 тэрбум төгрөг болж, төсөвт өртөг нь нэмэгдсэн бол музейн үзмэрийн санд дахин 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна.
"Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалттай холбоотойгоор 9.8 тэрбум төгрөгөөр нийт 18 удаагийн нээлттэй тендер зарлажээ. Үүнээс гурван тендерийн үр дүн гарсан бол найм нь тендер хүлээн авч байгаа аж. Тодруулбал,
- 2021 оны есдүгээр сарын 29-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 27-нд Монголын эрт, дундад үеийн төрт улсын хаад язгууртны дээл хувцас худалдан авахад 118 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 21-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 14-нд Монголын эрт, дундад үеийн хот, сүм хийдийн сэргээсэн загварууд худалдан авахад 325 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 8-нд Монголын эртний нүүдэлчдийн хаад язгууртны хөгжмийн зэмсгүүд худалдан авахад 70 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 7-нд монгол уран дархны бүтээлд 170 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 7-нд монголын уламжлалт мод модон эдлэлийн бүтээлүүд худалдан авахад 63 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 3-нд Чингис хааныг ширээнд залах ёслол монументал уран зурагт 100 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр үзлэгийн танхимын тоноглол, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын дагалдах хэрэгслүүд худалдан авахад хоёр тэрбум төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр сэргээн засварлах үед шаардлагатай нэмэлт материал, багаж хэрэгсэл худалдан авахад 80 сая төгрөг
- 2021 оны наймдугаар сарын 31-нд шууд гэрээгээр музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
- 2021 оны наймдугаар сарын 25-нд үл хөдлөх хөшөө, дурсгалын хуулбарууд худалдан авахад 154 сая төгрөг
- 2021 оны наймдугаар сарын 25-нд монголын уламжлалт зургууд худалдан авахад 328 сая төгрөг
- 2021 оны есдүгээр сарын 6-нд хаадын лаан баримал худалдан авахад 564 сая төгрөг
- 2021 оны наймдугаар сарын 16-нд компьютер, техник хэрэгсэл худалдан авахад 250 сая төгрөг
- 2021 оны наймдугаар сарын 16-нд тавилга, эд хогшил худалдан авахад 330 сая төгрөг
- 2021 оны долдугаар сарын 22-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
- 2021 оны зургадугаар сарын 16-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ, Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ