“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын боксын ертөнцөд цахиур хагалж буй О.Тулгыг онцолж байна. Залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд хүч сориод ердөө ганцхан жил болж байгаа ч хэдийнэ өсөх ирээдүйтэй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Залуу тамирчны хувьд ирэх Ням гаригт ДАШТ-д оролцох эрхийн төлөө Э.Цэндбаатартай сорил тулаан хийнэ. Ингээд түүнтэй танилцъя.
Оюунбаатар Тулга
2001.01.23
Төгссөн сургууль:
Баянзүрх дүүргийн 44-р сургууль
Мэргэжил:
Алдар спорт хорооны тамирчин
Сошиал хуудас:
ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ
-Хүүхэд нас минь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Монельд л өнгөрсөн. Гэр, сургууль гэж явж байгаад долдугаар ангидаа боксын спорттой холбогдож, гэр-бэлтгэл-сургууль гэсэн маршруттай болсон доо. Хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй ээ. Даруухан дуу цөөтэй хүүхэд байлаа.
Гэр амьтай, гэртээ л байдаг хүүхэд байсан.
АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-2013 оноос хойш боксын спортоор хичээллэж байна. Анх манай ангийн найз боксын спортоор хичээллэж эхлээд тэр тухайгаа ярьдаг байлаа. Яриаг нь сонссоор байгаад энэ спортод татагдсан. 2013 онд Алдар спорт хороон дээр зорьж очиж, А.Гантулга, Ж.Отгонбаяр багш нартаа шавь орж байлаа. Ингэж анх боксын спорттой холбогдсон түүхтэй.
Шантрах, бууж өгөх үе байгаагүй ээ. Анхнаасаа өөрөө дурлаад орсон учраас төвөгшөөж, хойш суугаагүй.
АНХНЫ АМЖИЛТ
-2013 онд боксын спортоор хичээллээд зургаан сар болоод л анхны тэмцээндээ оролцсон. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.
ЧУХАЛ ТУЛААНУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ ?
-Аль болох тайван байхыг л хичээдэг. Тайван байж л шилдэг тоглолтоо гаргана. Өөртэйгөө л ярьдаг даа.
ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Олимп, дэлхийн аваргууд гээд зөндөө хүн бий. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Отгондалай, Н.Төгсцогт гээд ах нар маань байна. Хамгийн ойрын үлгэр жишээ авдаг хүн гэвэл Үндэсний шигшээ багийн ахлагч Б.Чинзориг ах байна.
ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН
-Бүх л тэмцээн дурсамжтай, сургамжтай, туршлага болж үлддэг шүү. Сая армийн дэлхийн аваргад оролцоод өчигдөр/есдүгээр сарын 29-ний өдөр/ л ирлээ. Хоёр тулаан хийсэн. Эхний тулаанаа Шри Ланка улсын тамирчны эсрэг хийж, шүүгчдийн шийдвэр ялж, хүрэл медалийн төлөө Алжир улсын тамирчинтай тулалдаад ялагдсан. Ер нь хүнд тоглолт болсон. Өрсөлдөгч бүр л хүчтэй байсан. Надад жаахан туршлага дутчих шиг болсон.
Би насанд хүрэгчдийн ангилалд ороод дөнгөж нэг л жил болж байна. Боксын спортод 19 насанд хүрэхээр насанд хүрэгч гээд явдаг. Насанд хүрэгчдийн ийм том тэмцээнд анх удаагаа оролцлоо.Багштайгаа тактикаа сайн ярилцаж л рингэнд гарсан даа.
СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?
-Спорттой холбогдоогүй байсан бол эдийн засгийн чиглэлээр сурах байсан. Арван жилд байхдаа математикт сонирхолтой, дуртай хүүхэд байсан. Магадгүй өдийд эдийн засагч болох гээд сурч байхыг үгүйсгэхгүй шүү.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ ?
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, шатар тоглоно. Мөн ном унших, кино үзэх дуртай. Сүүлд “Ад үзэгдэх зориг” гэдэг номыг уншлаа. Хувь хүний хөгжил, санхүү, уран зохиолын, түүхийн гээд төрөл бүрийн л номыг шимтэн уншдаг. Харин киноны хувьд адал явдалт, инээдмийн, "action" төрлүүдэд дуртай.
ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Би аав, ээж, эгч, дүүгийнхээ хамт амьдардаг. Айлын дунд хүүхэд. Дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй. Аавыг минь Ж.Оюунбаатар, ээжийг минь С.Алтантуяа гэдэг. Манайх жирийн л нэг айл. Аав хувиараа таксинд явж, ээж хувийн компанид ажилладаг. Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байхгүй ээ. Намайг анх боксын спортод хөл тавихад л гэр бүлийнхэн маань дэмжиж байсан. Одоог хүртэл дэмжиж, бүх зүйл дээр миний талд бат зогсдог. Дүү маань 12 настай. Цар тахал гээд боксын секц дугуйлан хичээллэхгүй байна. Ямар ч байсан хөл хорио тавигдахаар боксын дугуйланд оруулна. Өөрөө ч орох сонирхолтой байгаа.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-2021 онд болох тэмцээнүүддээ л амжилттай оролцох.
АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ
-Анх боксын спортоор хичээллэж эхлэхдээ мөрөөдөл маань олимп, дэлхийн аварга болох байсан. Одоо ч гэсэн энэ мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж, зорьсон зорилгодоо хүрэхийг хүсч байна.
ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Нэг зүйлдээ тууштай байгаарай. Битгий шантраарай, битгий бууж өгөөрэй.
СҮҮЛИЙН ҮЕД БОЛЖ ӨНГӨРСӨН ЗҮЙЛИЙН ТАЛААР
-Би ерөнхийдөө фэйсбүүк бараг ордоггүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд миний талаар хүмүүс юу гэж ярьж байсан, намайг юу гэж бодож байсныг нь нэг их анзаараагүй. Бэлтгэлдээ л анхаарч, урдахаа хийж, тэмцээндээ л амжилттай оролцохыг хүссэн. Бусад зүйлийн талаар нэг их юм ярьмааргүй байна.
Холбоотой мэдээ