Цэцэрлэг, сургууль хичээллэж буй энэ үед зорилтот бүлгийн хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж байгаа. Мөн ЭМЯ-наас 12-оос доош насны зарим хүүхдэд иммуноглобулин уургийг хийнэ гэсэн. Тэгвэл хэзээнээс тус уургийг хийж эхлэх талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Эрүүл мэндийн яамнаас дельта болон бусад хувилбарын вирусийн тархалт өссөн учир вакцинтай иргэд ч халдвараар өвчилж байна. Гэхдээ дархлаажуулалтад хамрагдсан хүний биеийн байдал хүндрэх тохиолдол бага. Тиймээс бүх нийтээр сайн дурын вакцин хийлгэхийг зөвлөж буй. Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-оос доош насны хүүхдэд хийхэд тохиромжтой Covid-19-ийн эсрэг вакциныг нэрлээгүй. “Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Үүний хүрээнд 2-11 насныхан болон жирэмсэн эхчүүд хамрагджээ. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насныхан хамгийн идэвхтэй хамрагдсан байна. Харин иммуноглобулин уургийг хэзээнээс хийж эхлэх нь одоогоор тодорхой товлогдоогүй. Ямартай ч аравдугаар сарын эхээр хийж эхлэх төлөвлөгөөтэй аж.
Томуугийн эсрэг вакциныг 10 хоногийн аяны хүрээнд сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд тарьсан. Хэрэв цэцэрлэгт явдаггүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хүүхдээ дагуулж очиж хийлгэх боломжтой.
Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа. Томуугийн эсрэг вакцин тариулснаар томуу, Covid-19 огт тусахгүй гэж ойлгож болохгүй. Вакцин зөвхөн хүндрэлээс сэргийлнэ гэлээ.
2000 ИММУНОГЛОБУЛИН УУРГИЙГ ЭМЯ-НД ӨГӨХӨД БЭЛЭН БОЛСОН
Covid-19-ийн эсрэг вакцин хийлгээгүй зорилтот бүлэг буюу 0-11 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иммуноглобулин уургийг тарихаар болсон билээ. Энэ уургийг үйлдвэрлэх ажил дууссан эсэх талаар мөн хэзээнээс тус насны бүлгийн хүүхдүүдэд хийж эхлэхийг НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоогоос тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар иммуноглобулиний эхний ээлжийн үйлдвэрлэл амжилттай явагдаж 2000 тун бэлэн болоод байна. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэл хийгдэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлэх ажил үргэлжилж байгаа. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэгдэхээр төлөвлөсөн.
Бид бэлэн болсон уургийг ЭМЯ-руу шилжүүлсний дараа өрх эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх эсэх нь тодорхой болно. Ямартай ч гуравдугаар улиралд багтааж зорилтот бүлгийн хүүхдийг дархлаажуулах үүрэг өгсөн. Түүний дагуу аравдугаар сарын эхний хэд хоногт уургийг хийж эхэлнэ гэж бодож байна.
Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийхээр төлөвлөсөн.
0-11 насны хүүхдүүдэд бага тунгаар урьдчилан сэргийлэх зориулалттай хийх гэж байна. Энэ уургийг бүх хүүхдэд хийх боломжгүй. Судалж байгаад зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд эхлээд хийнэ.
Учир нь дотоодын үйлдвэрлэл маань хүчин чадлын хувьд тийм ч өндөр биш учраас бүх хүүхдийг уургаар хангах хэмжээнд одоохондоо үйлдвэрлэх боломжгүй. Мөн үйлдвэрлэл явуулахад тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсан. Гэсэн ч бид товлосон хугацаандаа багтаж үйлдвэрлэж байгаа.
Эцэг эхчүүд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Уураг хийлгээд Covid-19-өөс сэргийлэх дархлаа тогтоно гэсэн үг биш. Хүний биед байдаг иммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Биобэлдмэлийн үйлдвэр ажиллах хүчний нөөц мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бага. Монгол Улсын тухайд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагад тулгуурлаж, дархлаа тогтоогүй хүүхдүүдийн тодорхой хувьд хийнэ гэв.
ЭМЯ, НЭМҮТ-өөс өгсөн мэдээллээр 0-11 насны зорилтот бүлгийн хүүхдэд энэ сард багтааж иммуноглобулин уургийг хийх юм байна.