Гадаадад эмчлүүлбэл төлбөрөө эргүүлэн авах тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
–Монголчууд хандиваар эмчлүүлэх нь маш их боллоо. Гадаадад эмчлүүлэхэд Эрүүл мэндийн яам дэмжлэг үзүүлдэг үү?
-Эрүүл мэндийн сайдын багцад жилд 500 сая төгрөг төсөвлөж, жилд дунджаар 105 орчим иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, гадаад орны эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ хийсэн дүгнэлт, эмчилгээ оношилгооны төлбөрийн баримтад үндэслэнэ. Мөнгөн дүнгээр нийт эмчилгээнд зарцуулсан төлбөрийн таван хувьтай тэнцэх төгрөгийг төрөөс дэмжлэг болгон иргэний дансанд шилжүүлдэг.
–Гадаадад эмчлүүлсэн төлбөрөө буцаан авсан хэчнээн иргэн байна. Эмчилгээний зардлын таван хувьтай тэнцэх мөнгө гэхээр дунджаар хэчнээн төгрөг болох вэ?
-Нэгдсэн мэдээллээр жилд 105 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
-Хэрэв гадаадад эмчлүүлсэн бол төлбөрөө буцаан авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гарч эмчилгээнд хамрагдсан тухайн иргэн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлөө зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээллийг тусган дараах материалын хамт бүрдүүлэн ирүүлж хурлаар хэлэлцэгдэх асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Иргэдийн хувьд төлбөрөө буцаан авахдаа,
- Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/,
- Оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,
- Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/,
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сүүлийн таван жил шимтгэл төлсөн тэмдэглэлийн хуулбар,
- Гадаад оронд эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримтын эх хувь /Англи хэлнээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар монгол хэл рүү орчуулсан/ зэрэг таван төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай.
-Монголд эмчлэх боломжгүй хэчнээн төрлийн эмчилгээ байдаг вэ?
–Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2017 оны 370 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг баталсан. Энэхүү тушаалд монголд эмчлэгдэх боломжгүй найман чиглэлийн 26 төрлийн өвчний онош багтсан. Тушаалд дурдсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин болохыг улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж буй төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв/-ийн гадаад эмчилгээний коммисс иргэний эрүүл мэндийн байдалд үндэслэн хэлэлцэж, дүгнэлт гаргадаг.
-Жилд хэчнээн хүн эмчлүүлэхээр гадаадын орнуудыг зорьдог вэ?
-Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 58.2 хувь нь эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгаан эзэлж байна. Нийт 202 хүн гадаадад эмчлүүлсэн бол мөнгөн дэмжлэгийн 66.5 хувийг эзэлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас тухайн чиглэлийн үндэсний төвүүдийг үе шаттайгаар байгуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлгийг сайжруулахаар ажиллаж байна.
-Цар тахлын үед гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо буурсан уу?
-Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж тооцоход БНСУ-д 28.6 хувь, БНЭУ-д 22.8 хувь, БНХАУ, 27.8 хувийг эзэлж байна. Мөн бусад оронд эмчилгээ хийлгэсэн байна. Дэлхий дахинд дэгдсэн Covid-19 халдварын тархалтаас шалтгаалан 2020, 2021 онд гадаадад эмчилгээ хийлгэх урсгал харьцангуй буурсан.
Холбоотой мэдээ