Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт ирэх сарын 4-нд болно

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт ирэх сарын 4-нд болно

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт”-ыг 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган 2015 онд зохион байгуулагдаж, тус чуулганаар Мянганы хөгжлийн зорилтуудын залгамж халаа болох “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр тунхаглан баталсан. Энэхүү зорилгыг баталсан анхдагч орнуудын нэг болох Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг нутагшуулж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулахад анхаарч ирсэн юм.

Монгол Улс анх удаа “Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцож, үг хэлнэ. Мөн олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцоно.

Уг чуулга уулзалтын онцлох илтгэлийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын ахлах эдийн засагч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Эллиот Харрис тавина.

Чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн олон талт түншүүд нэг дор цуглан, манай улсын 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилгын амлалтаа биелүүлэхэд шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг сайжруулах, хэрэгжилтийг хянаж, үнэлэх талаар хэлэлцэх юм. Түүнчлэн “Covid-19” цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн  олон улсын сайн туршлага, арга шийдлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дашрамд тэмдэглэхэд, Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш бус байдлыг халж, байгаль орчноо хамгаалж, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлсэн дэлхий нийтийн зорилго юм.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Үндэсний онцлогт  нийцүүлэн боловсруулсан Тогтвортой хөгжлийн зорилгыг баталж, хэрэгжүүлснээр 2030 он гэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчинд ахиц дэвшил гарах, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах, үнэлэх, цар тахлын дараах үеийн нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж