Шатахууны нийлүүлэлт хэвийн болж, манай улс БНХАУ-аас нийт 11 мянган тонн бүтээгдэхүүн авчээ. Тус улсаас энэ сарын 26-наас 28-ны хооронд тус бүр 50 вагон АИ-92 автобензин нийлүүлээд байгаа юм.
Хятадын тал АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулахаар болсон байна.
Газрын тосны бодлогын газраас мэдээлснээр, урд хөршөөс импортлох 724 вагон шатахууныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр замаас анхаарал хандуулж буй юм.
Холбоотой мэдээ