Ирэх 2022 онд Бээжин хотноо зохиогдох өвлийн олимпын наадам үзэх тасалбарыг зөвхөн хятадууд худалдан авч болох тухай Олон улсын олимпын хорооноос өчигдөр (2021.09.29) мэдээлжээ. Хятадын коммунист засгийн газартай өргөн хүрээнд дүрэм журмыг авч хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрт хүрснээ ОУОХ онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаантай тамирчдаас бусад бүх оролцогчийг Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан байх шаардлага тавих аж.
Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-аас 2022 оны өвлийн олимпын наадмыг бойкотлох тухай яригдаж буй мэдээлэл гарсан. Гэхдээ АНУ-ын төрийн департментын төлөөлөгч энэ мэдээллийг тэр дор нь няцаасан юм. Харин Хятадын талаас ямар нэгэн бойкот арга хэмжээнд хүчтэй хариу барихаа мэдэгдсэн билээ. Гэсэн ч хүний эрхийн олон байгууллагаас “нэг Хятад” бодлогын дор Бээжин хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг буруутган, өлийн олимпыг “геноцид наадам” гэж нэрлэн, бойкотлохыг уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ: BREITBART