Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5986 ор байна. Гэтэл сүүлийн дөрвөн долоо хоногт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, 109 хувийн илүү ачаалал хэтэрчээ. Иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдсанаар халдварын эрсдэл буурна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас онцлов.
Тус газрын дарга Б.Бямбадорж “Covid-19-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн халдварын тархалтын байдлыг ажиглахад сүүлийн сарын хугацаанд тархалт огцом нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлэлт, тусгаарлах байрнаас халдвар ихээхэн тархсан. Халдвар нэмэгдсэн долоо хоногоос дархлаажуулалт багассан.
Иргэдийн дунд хоёр болон гурав дахь тунгийн идэвх буурсан. Гуравдугаар тунд хамрагдаж байж эрсдэл багасна. Сүүлийн дөрвөн долоо хоногт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд нөхцөл байдалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын хэлснээр, Covid-19-ийн мутацлагдсан вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-21 болж уртасчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хүнд оноштой бол үлдсэн нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байгаа аж.
Халдвар авсан хүмүүс нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон ч нэмэлтээр ор дэлгэх боломжгүй байгаа юм байна. Мөн эмнэлгийн ажилтны хүрэлцээ ч хомсджээ. Маргаашаас 300 ор нэмж дэлгэхээр болсон байна. Өмнө нь 152 ор нэмэлтээр дэлгэж байв. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай 150 хүн байгаа ажээ.
Холбоотой мэдээ