МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.09.30) мэдээлэл хийлээ. Тус холбооноос Улсын их хурлын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан ирэх оны улсын төсөвт тусгаж өгөх хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, МҮЭХ 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, хөдөлмөрийн зах зээлийг анхаарч, ажил эрхлэлтийг бодитой дэмжихийг шаардав. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүсчээ.

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАЯРАА:

-Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрэхээс өмнө өөд болж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэврээ авч чадаагүй бол өвлүүлэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх ёстой байна. Мөн цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр хүнд, хэцүү болж байна.

Нэрийн дансанд байгаа тухайн хүний нийгмийн даатгал хэлбэрээр төлж буй мөнгийг өвлүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй. Тэтгэврээ авч чадахгүй байгаа даатгуулагчид нийт хүмүүсийн 50 хувийг эзэлж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ БОЛ ТӨРИЙН БУС, ТУХАЙН ДААТГУУЛАГЧИЙН МӨНГӨ

Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд "Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргахгүй байхыг эрс эсэргүүцэж байна. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн зах зээлээ удирдлагын түвшинд байгаа хүмүүс харах хэрэгтэй. Түүний оронд Капитал банкинд байршуулсан байсан 300 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын мөнгийг бүрэн барагдуулж, иргэдийг хохиролгүй болгох ёстой" гэж хэллээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА:

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байхдаа нас барах, үйлдвэрлэлийн осолд орох зэрэг олон тохиолдол гардаг. Бид долдугаар сараас хойш жагсч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлээгүй.

Улсын дундаж цалин нэг сая 395 мянган төгрөг байхад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 670-750 мянган төгрөг байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад Covid-19-өөр өвдсөн байхад цалинг нь бүтнээр олгохгүй байгаа ажил олгогчид хүртэл байна. Хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу тогтоох хэрэгтэй байна. Хэрэв төр засаг анхаарахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ НАС БАРСАН БАГШИЙН АР ГЭРТ НӨХӨН ОЛГОВОР Ч ӨГӨӨГҮЙ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА З.ЦОГТГЭРЭЛ:

-Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын зүгээс хэрэв тухайн хүн хүсвэл 50-55 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэдэг заалтыг хуульд тусгаж өгөхийг удаа дараа хүсч байна.

Covid-19-өөр багш, сурагчид олноор өвдөж байна. Гэсэн ч ажилчдыг хамгаалах, шаардлагатай зардлыг гаргах тогтолцоо Монгол Улсад байдаггүй. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын хууль, Боловсролын тухай хуульд тусгаж өгөх ёстой.

Хамгийн олон жил ажилласан багш 890 мянган төгрөгийн цалин авч байна. Тиймээс чуулганаар энэ асуудлыг онцгой анхаарч хэлэлцэхийг хүсч байна. Багш нар сургууль дээрээ өвдөж, нас барсан тохиолдол хүртэл гарсан. Тухайн хүний ар гэрт нөхөн олговор, тэтгэмж өгөөгүй. Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ үр шимийг нь огт хүртэж чадахгүй нас барж байна шүү дээ. Боловсролын салбарынхан туйлдаж байна. Асуудлыг анхаарах цаг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж