- Бүүстэр тунг хэн хийлгэх ёстой вэ?
Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар Covid-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна.
Иргэн та Covid-19-ийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад, гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой.
- Covid-19-өөр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу?
Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад, Covid-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад, халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.
- Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд хаана хандах вэ?
Вакцины гурав дахь тунг та харъяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол УОК-ын Шуурхай штаб хаягнаас авна уу. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой. Мөн 119 дугаар руу залгаж, хаяг, байршлын мэдээллийг авах боломжтой билээ.
- Ямар вакцин хийлгэх вэ. Вакцин хольж хийлгэх боломжтой юу?
Та нэмэлт тун хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно. Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой.
- Гурав дахь тунг хийлгэснээр үнэхээр үр дүнтэй юу?
Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ