"Сурлагын амжилтаар багшийг урамшуулдаг байх нь чухал"

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

"Сурлагын амжилтаар багшийг урамшуулдаг байх нь чухал"

"Сурлагын амжилтаар багшийг урамшуулдаг байх нь чухал"

Төрийн ордонд “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төслийн талаар танилцуулав. 


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.ДАМДИННЯМ: 

-Боловсролын чанар үр дүн, санхүүжилтийн тогтолцоог хуулийн төсөлд тусгах ёстой. Өөрөөр хэлбэл, үр дүн гаргаж буй хүмүүс илүү цалин авдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Сайн сурган хүмүүжүүлэгчид цалингаас гадна урамшуулал авдаг, ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байх ёстой. Бүгд тэгш эрхтэй ч цалингийн тогтолцоо нь үр дүнгүй болохыг бид харлаа. Мөн сайн сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэхэд ажлын байран дээрээ мэргэжил боловсролоо дээшлүүлэхийн сацуу хариуцлага нэхдэг чанар үр дүнг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Боловсрол нь мэдлэг чадвараас гадна хүмүүнлэг боловсрол хамтаар амьдрах соёлд суралцах, үндэсний онцлог давуу талаа сурталчилж олж хардаг монгол хүнийг бүтээх нь чухал. Иймд Боловсролын тухай багц хуулийн төсөл нь бие даасан шийдвэр гаргадаг, нийгмийн оролцогч иргэдийг бүтээх зорилготой. Үүнд голчлон анхаарч байна гэлээ.

Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн Боловсролын тухай багц хуулийн заалтад тусгасан онцлох өөрчлөлтүүдийг дурдлаа. Үүнд,

  • Англи хэлийг хоёр дахь хэл болгох. Үүний сацуу бусад хэлийг сонгон суралцаж хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
  • Олон улсын хөтөлбөрүүдэд үндэсний ерөнхий боловсролын хөтөлбөрүүдийг уялдуулах.
  • Цахим шилжилтийн нөхцөл байдал. Орон нутагт алслагдсан сум, тосгонд танхимын сургалтаас гадна цахим сургалт руу шилжих.
  • Сурлагын чанар, үр дүнд чиглэсэн санхүүгийн тогтолцоо. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хагас бие даасан тогтолцоог бүрдүүлэх. Төрөөс удирддаг хараат байдлыг өөрчлөх.
  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын аргыг шинэчлэх.
  • Сургуулийн бүтэц байдал, хэв шинэчлэлийг тогтоох. Энэ хүрээнд хөдөө орон нутагт сумдын сургуулийн шинэчлэлийг дахин зохион байгуулна. Ингэхдээ хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа газарт хөрөнгө оруулалтыг уялдуулж, санхүүжилтийг шийдвэрлэх.
  • Сурлагын амжилтаар багшийг урамшуулдаг тогтолцоо руу шилжих. Энэ бол боловсролын реформын хамгийн том шинэчлэл.
  • Боловсролын хөндлөнгийн үнэлгээ. Магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд хүргэнэ.

Энэхүү хуулийн төслийн үр дүнд, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулиас олсон мэдлэг боловсролоо амьдралд хэрэгжүүлдэг бие даасан шийдвэр гаргах түвшний иргэн бэлдэх нь боловсролын салбар дахь хамгийн том реформ аж.

Г.ЗАНДАНШАТАР: ЯПОНЧУУДЫН ТУРШЛАГЫГ СУДАЛНА

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүмүүнлэг боловсрол гэдэг нь хүнийг багаас нь хүмүүжүүлж төлөвшүүлэх, нэг үгээр хүнээр хүн хийх арга ухаан юм. Энэ аргыг хамгийн сайн эзэмшиж, сайн хүн, сайхан нийгмийг төлөвшүүлэх бүхэл бүтэн шинжлэх ухааныг бий болгон хөгжүүлж чадсан ард түмэн бол япончууд юм.

Уламжлалт соёл, зан заншлаа хүүхэд багачууддаа багаас нь өвлүүлэн эзэмшүүлж, шинжлэх ухааны боловсролыг хүмүүнлэг боловсролтой хослуулж чаддаг япончуудын арга туршлагыг судлахад бид чиглэн ажиллаж байна. Энэ үүднээс УИХ-ын холбогдох Байнгын хороод, Тамгын газраас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” сэдвийн хүрээнд таван удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” сэдвээр болж байна" гэлээ.

Төрдийн ордонд болж буй Боловсролын багц хуулийн тухай хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюзи, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Цүкүбагийн Их сургуулийн профессор Фүжита Тэрүюки, МУИС-ийн профессор Д.Дашдулам, Боловсролын бодлогын судалгааны үндэсний хүрээлэнгийн шинжээч Ийзүка Хидэхико, Чюүо-гакүин их сургуулийн профессор Ч.Оюунцэцэг нар оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж