АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Туркийн Ерөнхийлөгчийн ганцаарчилж уулзах саналаас татгалзжээ. Үүнд Эрдоган ихэд гонсойж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Тухайлбал, Эрдоган сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийхдээ “АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нартай сайн хамтарч ажилласаар ирсэн ч Байдентай тийм биш байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Нью-Йорк хотноо айлчлах үеэр хоёр орны ялгаатай байдалд гүүр үүсгэх оролдлогыг Байден үл тоосон гэж Истамбулд эргэж очсоныхоо дараа мэдэгдсэн байна. Эрдоган “АНУ нь Сирийн хойд хэсэг дэх Курдын хөдөлмөрийн намын эсрэг бидэнтэй тулалдах ёстой байтал “террорист байгууллагыг дэмждэг” хэмээн шүүмжилжээ.
Ийнхүү АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвслийн “NATO”-гийн гишүүн Турк улсын Ерөнхийлөгч АНУ-д “гомдон”, ОХУ-ыг налж эхлэв. Тухайлбал, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Сочи хотноо ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзжээ. Турк улс Оросоос “S-400” пуужингийн систем нэмж худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Харин АНУ-ын талаас Эрдоганд хандан Оросоос пуужингийн систем худалдан авбал хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлжээ.
АНУ-ТУРКИЙН ХАРИЛЦАА
“Турк улс Оросоос “S-400” пуужингийн систем худалдан авч буй нь АНУ-ын хувьд зүгээр нэг зэвсгийн наймаа биш. Энэ нь геополитикийн хувьд Турк улс Баруунаас алсарч, ОХУ, Хятад руу илүү ойртож буйн шинж тэмдэг” гэж Оксфорд их сургуулийн судлаач Галип Далай мэдэгджээ. Вашингтон, Анкарагийн нөхөрлөл нь зөвхөн 1952 онд ЗХУ-ын эсрэг байгуулагдсан цэргийн эвсэлд Турк нэгдсэнээр аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд тодорхойлогдож ирсэн.
АНУ-ын талаас Турк бол “NATO”-гийн гол баазууд байрладаг чухал орон гишүүн бөгөөд Ойрхи-Дорнод дахь батлан хамгаалахын аюул заналхийлэл, “терроризмын эсрэг дайн”-ых нь хамтрагч юм. Гэвч энэ бүхэн улс төр, түүх, нийгэм-соёл, эдийн засгийн харилцан нэгнээсээ хамааралтай гүн холбоо гэхээсээ илүү аюулгүй байдалд тулгуурладаг. Тиймдээ ч хоёр орны хооронд аюулгүй байдлын нийтлэг заналхийллээс илүү хоорондын ашиг сонирхлын ялгаа нэмэгдсээр зөрчилдөх, шууд дайсагналцахад ойрхон ирсэн нь энэ. Тухайлбал, 2019 оны аравдугаар сард Сирид явуулсан Туркийн цэргийн ажиллагааны үеэр АНУ-ын зэвсэгт хүчинтэй хоёр тал тулгарах нөхцөл байдал үүсчээ. Тухайн үед АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид үүрэг гүйцэтгэж буй нэгдсэн улсын цэргүүдийг эргүүлэн татахаа мэдэгдсэнээр нөхцөл байдал намжсан аж.
ОХУ, ТУРКИЙН ХАРИЛЦАА
Байдентай харьцуулбал Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “шударга, сайн” хамтарч ажилладаг. “АНУ нь зориудаар түүнийг доош хийж, алсдаа хүчний тулаанаас шахах зорилготой" гэж Эрдоган хувьдаа үздэг. Тиймдээ ч тэрбээр АНУ-ыг сөрж, хүчний тэнцвэрийг олохын тулд ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг оролддог. Гэвч энэ нь нөгөө талд Туркийг Оросын эсрэг маш сул дорой түвшинд аваачиж, нийтлэг ашиг сонирхолд илүү өрсөлдөх боломжийг нь хааж байна” хэмээн Герман Маршаллын сангийн захирал тодорхойлжээ. Турк, ОХУ бол хамтран ажиллаж буй өрсөлдөгчид. Тэд Сири, Ливи, Кавказ, Балканы хойгийн асуудалд сөргөлдөгч талуудыг дэмждэг.
Гэхдээ Турк АНУ-ыг бодвол Оростой илүү эдийн засгийн гүн харилцаатай. Тиймээс хоёр орон геополитикийн ялгаатай байдлаа худалдаа, наймаандаа холихгүй, болгоомжтой байдаг. Туркийн хувьд АНУ-тай тэнцвэргүй харилцаатайг бодвол ОХУ-тай тэнцвэрийг олоод байх харьцангуй боломжтой. Гэхдээ Турк улс газрын тосны импорт, аялал жуулчлалын орлого, хөдөө аж ахуй, даавуун материалын экспортод ОХУ-аас хэт хамааралтай байдаг. Энэ нөхцөл байдалд сөргөлдвөл хоёр талын ашиг сонирхол хялбар хөндөгдөнө.
ОХУ-ын олон улсын харилцааны зөвлөлийн мэргэжилтэн Максим Сучков “Турк ОХУ-тай илүү ойртсоноор бие биенийхээ олон улсын харилцаан дахь ашиг сонирхлыг хөндөхгүйгээр батлан хамгаалах салбарын хүчин чадлаа нэмэгдүүлэх давуу талтай. Тиймдээ ч Турк улс Оросыг стратегийн хараат бус байдлаа бэхжүүлэх эх үүсвэр гэж харж байгаа бол Москва Анкараг их гүрний хувьд нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харж байна” гэж тодорхойлжээ. Гэвч тэрбээр нөгөө талд Турк улс АНУ-аас хэт хөндийрснөөр ОХУ-тай зөрчилдөх нөхцөлд Вашингтоноос дэмжлэг авах боломжоо ч алдаж буйг онцлов.
Холбоотой мэдээ