Сурвалжлага: Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэх мөсөн дэвжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэх мөсөн дэвжээ

Сурвалжлага: Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэх мөсөн дэвжээ

-"Монголд хэдэн мөсөн ордон байдаг вэ?

-Манайд нэг ч байхгүй”. Энэ л үгнээс улбаалан иргэн П.Цагаан эх орондоо мөсөн өргөө барих цаг нь иржээ гэдгийг ухаарсан аж. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй атлаа мөсөн ордонгүй, өвлийн спортыг хөгжүүлэх барилга байгууламж дутмаг байсан гэхээр ичмээр ч юм шиг. Энэ бүхэн одоо түүх болон үлдэж, өчигдөр (2021.09.29) Монгол Улсын анхны мөсөн өргөө “Степпе арена” өндөр үүдээ нээлээ.

Монголын 95, гадаадын зургаан компанийн 1600 гаруй барилгачин, инженерийн техникийн ажилчин ур ухаан, хөлс хүч, хөдөлмөрөө гарган босгосон энэхүү 2600 хүний суудалтай ордонд хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортууд хөгжих бололцоо бүрджээ. Түүгээр ч зогсохгүй танхимын спортын тэмцээн уралдаан, урлаг соёлын тоглолт, шоу үзэсгэлэн ч зохион байгуулах боломжтой аж.

Мөсөн өргөөний нээлтийн ёслолын үеэр хоккей, шорттрейк, уран гулгалтын тамирчид үзүүлбэр, үзүүлэн тоглолт толилуулж, цугларсан олны мэлмийг баясгаж, ордныхоо жаврыг үргээсэн. Нуурандаа эргэн ирсэн нүүдлийн шувууд шиг л бүгд эрх чөлөөтэй, нүүр дүүрэн инээмсэглэлтэй харагдаж байлаа. Урьд нь идэр есийн хүйтэнд гадаа талбайд хүсэл, сонирхлынхоо төлөө боломж бололцоогоороо бэлтгэл сургуулилалтаа хийж, чадахаараа тэмцээн, уралдаанд оролцож байсныг нь бодохоор бахархалтай.

"Эрхээ авсан ч талбай байхгүй гээд хасагддаг байлаа"

"Отгон-Од" клубын Бласт багийн тоглогч Ж.БАЯРСАЙХАН:

-Мөсөн өргөө нээгдсэнээр Монголын өсвөр үе болон идэрчүүдийн шигшээ багуудын гаргах амжилт улам бүр нэмэгдэнэ. Учир нь бид жилийн дөрвөн улирал мөсөн дээр бэлтгэл хийдэггүй байсан бол одоо энэ боломж нь нээгдэж байна. Өмнө нь арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл бэлтгэл хийдэг байлаа. Тамирчдын ур чадвар ч нэмэгдэнэ гэж найдаж байна. Монголын шигшээ баг Азийн челленж капад хоёр удаа түрүүлж, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Дэлхийн хоккейн холбооноос 500 хүний суудалтай мөсөн ордон байвал дэлхийн хоккейн холбооны ДАШТ-ий гуравдугаар дивизонд тоглох эрхтэй болдог. Манайх 2007 оноос хойш дэлхийн аваргад оролцдог байсан ч энэ журмаас хойш дахин оролцох боломжгүй болсон юм. Эрхээ авсан ч талбай байхгүй гээд хасагддаг байлаа. Дараа жилээс бид гуравдугаар дивизондоо эргэн тоглоно.

"Чадах бүхнээрээ туслахад бэлэн байна"

Алс холын АНУ-д уран гулгалтын спортоор хичээллэж, өдгөө эх орондоо саатаад буй О.ИВЭЭЛ:

-Би 15 настай. Анх удаа эх орондоо ирж энэ сайхан мөсөн өргөөний нээлтэд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ сайхан байгууламжийг барихад оролцсон албан байгууллагууд, хувь хүмүүс, зүрх сэтгэлээ зориулсан хүн бүрт зүрх сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Цаашдаа би өвлийн спорт болон уран гулгалтаар хичээллэх сонирхолтой хүүхэд бүрт өөрийн чадах бүхнээр туслахад бэлэн байна. Маш их баярлалаа.

"Өвлийн спортын олимп, дэлхийн аваргууд төрөхөд ойрхон байна"

Ахмад хоккейчин Б.БОЛД:

-Би 1970 онд хоккейн спортоор хичээллэж эхэлсэн. Ийнхүү 40 гаруй жилийн дараа миний мөрөөдөл биелж, мөсөн ордон байгуулагдаж байна. Манайд өмнө нь боломж их муу байсан. 3, 4-р хорооллын мөсөн талбай дээр нэг хэсэг нь тоглодог байсан. Аймгууд ч боломжоороо тоглодог байлаа. Улсаас ч наана цаана гэх нь бага байсан. Өвлийн олимпийн төрлүүд олширч байна. Жилийн турш хичээллэх боломж бүрдлээ. Өвлийн спортын олимп, дэлхийн аваргууд төрөхөд ойрхон байна.

Энэхүү төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит ихт" ХХК, хөрөнгө оруулагчид нь "МАК", "UFC" зэрэг үндэсний компаниуд бөгөөд төр засгаас ямар ч хандив, тусламж аваагүйгээрээ онцлогтой. Мөн Монголын "Анаграмм" компанийн залуус Канадын спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, өөрсдийн гараар өргөөний зураг төслийг гаргажээ.

Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгдэг шал, хөргүүр, консол, агаар сэлгэлтийн инженерчлэл зэрэг шинэ технологи, шилдэг шийдлийг Монголд анх удаа нутагшуулсан бүтээн байгуулалт юм.

"Бодол минь бодит биеллээ оллоо"

Төслийг санаачлагч П.ЦАГААН:

-Монголчууд хөлдөө коньки углаад ная гаруй жил болж байна. Эсгий гутал дээр сураар, олсоор коньки баглаад, модоор тэвхтээд гулгадаг байлаа. 1945 онд анхны задгай талбай байгуулагдаж, төр засгийн удирдлагууд нээж байсан гэх мэдээ бий. Мөсөн дэвжээтэй бол монголчуудын гурав, дөрвөн үеийн мөрөөдөл. Арваад жилийн өмнө Канад хүмүүст “Монголд битүү дээвэртэй мөсөн өргөө байхгүй ээ. Гадаа Туул гээд том гол дээрээ гулгадаг” гэж хэлж байлаа. Тэр үеэс л би бодож эхэлсэн. Ингэж явсаар бодол минь бодит биеллээ оллоо.

“Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ:

-“Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө бол бидний хүүхэд насны гэнэн цагаан хүсэл мөрөөдлийн үргэлжлэл. Бидний үед хүүхэд бүр спортын ямарваа нэгэн төрлөөр хичээллэдэг байлаа. Харамсалтай нь, битүү дээвэртэй мөсөн байгууламж байсангүй. Голын мөсөн дээр л хичээллэдэг байлаа. Харин ингээд залуу үеийнхээ хичээллэх боломжийг хангаж, нийгмийн хариуцлагын хүрээндээ энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, санхүүжүүллээ. Энэ бол нэг компанийн ажил биш. Хэд хэдэн компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй бүтээн байгуулалт.

МАК группийн Ерөнхийлөгч Б.НЯМТАЙШИР:

-Анх П.Цагаан маань санаачлан 2019 оны хавар Монголынхоо хүүхэд залуучуудад зориулж, компаниуд нийлэн мөсөн өргөө барья гэж надад таницуулж байлаа. Би ч дэмжсэн. 2019 оны дөрөвдүгээр сард шаваа тавьж, хоёр жил зургаан сарын дотор бүтээн байгууллаа. Ийм том байгууламжийг ийм хугацаанд барина гэдэг хурдацтай ажилласан гэсэн үг. Цар тахал гээд маш их хүндрэл тулгарсан. Гадаадын мэргэжилтнүүд, тоног төхөөрөмжүүд ирэхгүй удсан ч энэ богино хугацаанд ашиглалтад оруулна гэдэг том амжилт.

Багийн спортоор амжилт олохгүй гэгдэж байсан монголчууд Токиогийн олимпод багаараа оролцож, шүүмжлэгчдийн амыг таглаж байсан бол энэ удаад өвлийн спорт Монголд хөгжихгүй гэдэг тэрслүү үгэнд хариулт өгөх их аялал эхэллээ. Энэ л ордны цагаан мөсөн дэвжээнээс өвлийн олимпийн аварга, медальтнууд олон төрөх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж