Ц.Даваадорж: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэт романтик байна

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Ц.Даваадорж: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэт романтик байна

Ц.Даваадорж: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэт романтик байна

Эдийн засагч Ц.Даваадоржтой ярилцлаа.


-Шатахууны хомсдол эдийн засагт доргилт өглөө. Энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?

-Шатахуун бол эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, маш их нөлөөтэй. Үнийн өсөлтийг дагаад бүх зүйлийн үнэ нэмэгддэг. Тоглоомоор хэлбэл, шатахууны үнэ өсөхөд машины зогсоолын төлбөр хүртэл нэмэгдэж байна. Энэ мэтчилэн бүх зүйлд нөлөөлдөг учраас шатахууны хомсдол үүсэх, шатахууны үнэ өсөхөд эдийн засаг хэлбэлзэж байна. Шатахууны хомсдол үүссэн нь их зүйлийг өгүүллээ. Ялангуяа улсын эдийн засаг доргионтой болох нь гэдгийг санууллаа. Шатахуун тасалдсан шалтгааныг хэлж мэдэхгүй ч Засгийн газар, импортлогчид өөр өөр тайлбар хэлж байна билээ. Эдийн засгийн байдлаас харвал, шатахууны үнийг хүчээр барьсан нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж харж байна. Засгийн газар “шатахууны үнийг өсгөж болохгүй шүү” гэсэн дарамттай холбоотой. Үнийг хүчээр барих тусам компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн доголдож эхэлнэ. Засгийн газар төр захиргааныхан шатахууны үнийг тогтмол барихгүй бол амлалт нь биелэхгүй болох талтай. Ялангуяа зөвшөөрөл өгдөг, эрх олгодог байгууллагууд давуу талаараа шахалт үзүүлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс шатахуун нь нэг л төрлийн бүтээгдэхүүн ч бусад бүх зүйлийн үнийг хэлбэлзүүлдэг эдийн засгийн хувьд их том нөлөөтэй байна.

-Хэрэв дахин шатахууны хомсдол үүсвэл Монголын эдийн засаг давж гарч чадах болов уу?

-Хэрэв шатахууны хомсдол, үнийн өсөлт удаан үргэлжилбэл эдийн засаг царцана. Иймд эрсдэлийг урьдчилж хардаг Засгийн газар хэрэгтэй байна. Гэвч Засгийн газар хэтэрхий их зүйлийг төвлөрүүлж, өөрсдөө шийдвэр гаргах гэж зүтгэж байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлж байна. Бизнес эрхлэгчид зах зээл дээр өөрсдөө шийдвэр гаргавал эдийн засагт айхтар хэлбэлзэл гардаггүй болохыг бусад улсын жишээнээс харж болохоор. Эдийн засаг доргисон нөхцөл байдлыг Засгийн газар судалж, эрсдэлээс зайлуулж байх ёстой. Ийм бодлогоор ажиллах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлыг харахад, нэг зүйл өөрчлөгдөх бүрт төрийн мэдлийн компани байгуулъя. Үүгээр дамжуулан бүх зүйлийг тогтвортой байлгая гэдэг. Энэ нь асуудлаас зайлах арга зам биш. Хэчнээн их төрийн мэдлийн компани байгуулсан билээ, ихэнх нь алдагдалтай ажилладаг. Уг нь ашигтай ажиллах боломж бий. Гэтэл ашигтай ажиллаж чаддаггүй нь улс төрийн албан тушаалтнууд төрийн мэдлийн компаниудыг өөрийн юм шиг захиран зарцуулдаг. Арвилж хямгадах үзэл бодол эрх баригчдад төлөвшөөгүй нь харагдаж байгаа юм. Төрийнх л бол аль болох идэж уудаг, өөрөө баяжиж тансаглаж болно гэж ихэнх нь ойлгосон бололтой. Ийм байдал эдийн засагт, хүмүүсийн ухамсарт муугаар нөлөөлж байна. Үүнд төрийн халамжийн бодлогууд ч нөлөөлж байна. Хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихлоо. Ажил хийгээд, өөрийнхөө орлогоор амьдардаг хүмүүс багасаад болохгүй нь. Энэ бол төр буруу менежмент явуулж байгаагийн л нэг илрэл. Ажил хийе, бүтээе гэсэн хүмүүсээ дэмждэггүй байдал ажиглагдаж байна.

-Засгийн газар юу хийх ёстой вэ?

-Сүүлийн 30 жил эдийн засгийн тогтвортой урт хугацааны бодлого хэрэгжсэнгүй. Төр солигдох бүрт. Ялангуяа төр барьж буй намууд тогтворгүй. Төрийн эрхийг барих бүртээ намын биш Ерөнхий сайд, хувь хүний үзэл бодол давамгайлж байгаа учраас эдийн засгийн тогтвортой байдал алга болж байгаа юм. Үе үеийн Засгийн газар, эрх баригчид үргэлж нэгийгээ үгүйсгэж, төрийн эрхэнд гарах бүртээ шинэ зүйл ярих болсон. Яг л "Андлалын хөшөө"-г барьж нураадагтай л адил байгаа юм. Ийм эдийн засгийн үзэл баримтлал эрх баригчид, ард иргэдэд муугаар нөлөөлж байна. Иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байгаа нь төрийн бодлоготой салшгүй холбоотой.

-Эдийн засаг сэргэж, өсөлттэй байгаа тухай Засгийн газар онцолдог. Мэргэжлийн хүний хувьд та санал нийлэх үү?

-Улирал бүр явуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индексийн энэ оны хоёрдугаар улирлын тайлангаас харвал хэрэглэгчдийн итгэл буурч байна. Яагаад гэвэл, өнөөгийн эдийн засагт итгэх ил сулхан болсон. Санал асуулгаар, иргэдийн ирээдүйд итгэх итгэл маш бага. Шалтгаан нь хүмүүст ирээдүйн орлого нь буурах байх гэсэн хүлээлт бий болчихож. Хоёрдугаарт, ажлын байрны олдоц хомс, барааны үнэ ойрын жил өсөх хандлагатай гэсэн зүйлийг хэлж байна. Жишээ нь, Хэрэглэгчийн итгэлийн индексийн 30 дахь удаагийн судалгааг анхныхтай харьцуулахад худалдан авалт буурсан. Анхны судалгаагаар эдийн засаг сайн байхад урт хугацааны худалдан авалт өсөлттэй байсан бол өнөөдөр иргэд одоохондоо худалдан авалт хийхгүй гэдэг байдал эргээд эдийн засаг сул байгаагийн үнэлэмж болж байгаа юм. Хүмүүсийн ирээдүйд эдийн засагт итгэх итгэл суларч байгаа нь Засгийн газрын бодлоготой холбоотой. Хэрэгжүүлж буй бодлогууд зарим талаараа гоё сонсогдох ч амьдрал дээр өөр байгааг л хэлж буй дохио шүү дээ. Их олон зүйл амлаж ярьдаг ч улс төрийн түвшинд өөр шийдвэр гаргадаг. Хэрэгжүүлэх дунд шатанд бүр өөрчилж гажуудуулдаг. Ийм байдал эрх барьж буй хүчний хувьд маш их ажиглагдаж байна. Энэ нь улс төрийн намууд өөрөө төлөвшиж чадаагүйг л харуулж байна шүү дээ. Зөв хүнээ гаргаж, зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Эрх баригчид дотроо үймээн самуунтай, төлөвшиж чадаагүй ийм байдалтай улс орныг авч явбал Монголын эдийн засгийн хөгжил гэж ярихад хэцүүхэн болно. Эдийн засаг хэлбэлзэж байгаа нь улс төрчдийн тогтворгүй байдалтай холбоотой. Улс орныг авч явахад төлөвшсөн улс төрийн хүчин хэрэгтэй. Жишээ нь, Японы Либериал ардчилсан намын даргын сонгуулийн үйл явц ил тод. Намын дарга сонгох үйл явц олон нийтэд нээлттэй. Шударга өрсөлдөж байгаа юм. Харин Монголд улс төрийн намын даргын болон бүх нийтийн сонгууль хаалттай. Олон нийтэд ил тод биш учраас санал хураалтыг луйвардсаар өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Сонгуулиа зөв хийдэг тогтолцоотой болбол амархан л гэж боддог.

-Сонгуулийн тогтолцоо эдийн засагт нөлөөлж байна гэж үү?

-Улс төр, эдийн засаг хоёр илүү их холилдсон. Ялангуяа эдийн засгийн бодлогуудыг улстөрчид төрийн эрхийг барих бүртээ өөрчилдөг. Үүнээс харахад, сүүлийн зургаан жил аль болох төрийн өмчийн компани байгуулах санаатай. Эргээд л коммунизм, социализм руу ухрах хандлагатай. Төрийн менежмент тэр бүрийд сайн биш шүү дээ. Уг нь төр эдийн засаг руу оролцох шаардлагагүй. Хамгийн чухал асуудлуудад анхаарах ёстой. Хүмүүсийн амьдралд нөлөөлөх чухал зүйлсийг бодлогоор л дэмжих хэрэгтэй. Улс орнуудын туршлага ч ийм байдаг. Эсрэгээрээ Монголд төр уул уурхай руу орж, бүх л салбарт төрийн компани байгуулдаг. Төрийн компанитай байх тусам хувийн ашиг сонирхолд, эрх баригчдад илүү ашигтай байна. Ард түмний хяналт гэж ярьж байгаа ч хяналт тавих боломж хэцүү. Монголд бол хяналт тавьж чадахгүй, эрх барьж буй хүмүүс л мэднэ гэсэн хандлагатай болж байна.

-Төр бүгдийг шийддэг, мэддэг болсон нь буруу юу?

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бизнес эрхлэгчид төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг гуйлгүй хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чаддаг. Ийм зохицуулалттай ч байсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Бүх зүйлийг Засгийн газар шийднэ, би шийднэ” гэж мэдэгдэж байв. Эдийн засгийн мэдлэггүй, бизнес ч эрхэлж үзээгүй, муйхар аргаар эдийн засаг хөгжих хэцүү. Эргээд Засгийн газарт бүх зүйл төвлөрдөг байдал руу орж байна. Энэ бол ухралт. Одоогийн эдийн засгийн нөхцөлд тохирохгүй.

-Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хэр зэрэг агшсан бэ?

-Худалдан авах чадвар, наймдугаар сарын статистик мэдээллээр Монголын дундаж цалин 1.3 сая болсон. Цалингийн хэмжээ өмнөхөөсөө өссөн, мөнгөн дүн нэмэгдсэн харагдаж байгаа ч бодит байдал дээр худалдан авах чадвар буурсан. Жишээ нь, 1.3 сая төгрөгийн цалинтай хүний хэрэглээ танагдсан. Өмнө нь хоёр талх авдаг байсан бол нэгийг авдаг, нэг кг мах худалдан авдаг байсан айл 100 граммаар авдаг болчхоод байна. Бодит худалдан авалт буурсан. Үүнийг л худалдан авах чадвар буурах гэж хэлж байгаа юм. Гэтэл Засгийн газрын статистик мэдээллээр цалин, хадгаламж, худалдан авалт өссөн дүнтэй, эерэг тоон мэдээлэл байгаа нь бодит байдлаас зөрүүтэй байгаа юм. Цар тахлын үед хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанаас харахад, иргэдийн 27 хувь өрхийн орлого 50-иас доош хувь буурсан. Дунджаар 1/4 нь гэсэн үг. Иргэд хэрэглээгээ 50 хувь багасгасан.

Эдийн засгийн өсөлтийн түвшин буурсан. Уг нь 6.8 хувиар сэргэх өөдрөг төсөөлөлтэй байтал олон улсын эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засгийн үзүүлэл 5.2 хувьтай байна. Одоо буурах байх. Ер нь таван хувиас хэтрэхгүй л өсөлттэй байна биз ээ. Ирэх жилийн эдийн засгийн төсөөлөл ч буурах хандлагатай байна. Дэлхий дахинд цар тахлын дараах эдийн засгийн тухай ярьж байсан ч зэрэгцэхээс өөр аргагүй боллоо. Цар тахлын үеийн эдийн засгийг яаж сайжруулах вэ гэдэгт зэрэгцэж оршихоос өөр аргагүй боллоо.

-Статистик бодит байдлаас зөрүүтэй байгааг та юу гэж дүгнэж байна?

-Бодит тоон мэдээллийг статистик гаргах ёстой ч чадахгүй байна. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би хамгийн том мэдээлэлтэй хүн шүү” гэж эмч нар суулт зарлах үед хэлж байсан. Гэтэл тэр их мэдээлэлтэй хүн зөв боловсруулалт хийж чадахгүй бол худлаа болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн мэргэжилгүй учраас дүгнэлт хийлгүй статистик үзүүлэлт, тоон мэдээлэлд шууд итгэж, алдаа гаргаад байна. Ийм зүйлүүдийг улс төрд гарч буй хүмүүс анзаарахгүй байгаа юм. Үүнд боловсролын түвшин нөлөөлж байна л гэж харж байна. Үнэхээр ямар боловсролтой хүн юм бол оо?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг хохирол багатай давна гэсэн өөдрөг төсөөлөлтэй яваа?

-Залуу хүн болохоор хэт өөдрөг төсөөлөлтэй байж магадгүй. Хэтэрхий романтикаар сэтгэж, ийм байх ёстой гэх үзлээр төсөөлөөд байх шиг. Зарим талаараа гоё л байх. Гэхдээ хүмүүст адлагдах байх. Иргэдэд наалдахгүй зүйл ярьж, хөрсөн дээр буухгүй арга хэмжээ авахаар дэмжлэг улам муудна. Улс төрийн эрхийг барихдаа амласан амлалтууд нь биелэхгүй болохоор олон нийт шүүмжлэх нь ойлгомжтой. Гэвч шалтгааныг нь өөрөө боддоггүй нь хэлсэн үг, мэдэгдлүүдээс нь харагддаг. Аж ахуйн нэгжүүдээ нээе, дэмжинэ гэж ярьснаа удалгүй хорьж цагдаж эхэлж байгаа юм. Гэтэл төрийн арга хэмжээнүүд нөхцөл байдлыг илүү дордуулж байгаа нь л харагдаж байна. Ийм ялгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө сайн ойлгохгүй байх шиг. Эцсийн эцэст хүмүүсийн ахуй амьдрал дээшилнэ, улс орон хөгжинө гэдэг нь хэрэглэгчийн худалдан авалт. Тухайн хэрэглэгчийн худалдан авалт сайжрах тусам улс хөгжиж байгаагийн шинж. Одоогийн явуулж буй төрийн бодлого нь эсрэгээрээ төр сайн байвал улс сайн байна гэсэн чиглэл барьж байна. Энэ нь буруу. Төр бол хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний нэг л хэсэг. Төр эдийн засгаа буруу томъёолж байгаа нь улсын төсвийг аль болох нэмэгдүүлж, улсын мөнгөөр сайхан зүйл хийвэл хөгжинө гэж ойлгодог өнөөгийн бодлого маш буруу. Улсын мөнгө бол төрийн мөнгө биш. Иргэдээс цуглуулсан татварын мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй. Үүнийг яаж мэдэх вэ? Миний аж амьдрал дээшлэх ёстой. Гэтэл тийм биш. Харин төрийн захиргаанд ажилладаг улс төрийн албан тушаалтнуудын аж амьдрал сайжирч, хадгаламж нь нэмэгддэг.

-Эдийн засгийг яаж бодлогоор дэмжих вэ?

-Эдийн засгаа дэмжье гэвэл бүтээж буй хүмүүсээ дэмж. Үйлдвэрлэлийг нэмэх хэрэгтэй. Дотоод үйлдвэрлэлийг дэмжье гэхэд чанар нь муу, өндөр өртөгтэй байдаг. Хэрэв бизнес эрхлэгчдээ төр дэмжье гэвэл зөнд нь орхих хэрэгтэй гэж үг бий. Бизнес эрхлэгчдийг дарамталж, хязгаарлах бус аль болох нээлттэй орхи. Тэд юуг яаж хийхээ мэднэ. Жишээ нь, бид Монголдоо нефть боловсруулах үйлдвэр барих тухай 30 жил ярилаа. Төр өөрөө л барих гээд байдаг. Гэтэл мөнгө байхгүй. Гадаадаас зээл авъя гэхэд өндөр дүнтэй болдог. Хэрэв хувийн хэвшлийнхэн байсан бол аль хэдийнэ нефть боловсруулах үйлдвэртэй болчихсон. Төр сонгуулиар эрх мэдэл нь, улс төрийн хүчин солигддог учраас өнөөдрийг хүртэл нефть боловсруулах үйлдвэргүй байна. Улс төрчид өмнөх эрх баригчдын хийж, хэрэгжүүлж байсан ажил, төслийг үргэлжлүүлье гэхээр өмнөх Засгийн газрын нэр хүнд өсөхөөс болгоомжилдог. Уг нь улс орны төлөө бол хэний нэр хүнд өсөх нь ялгаа байхгүй. Хувийн хувийн хэвшлийнхэнд боломжийг нь нээж өгсөн бол бид өдийд төмөр замтай, нефть боловсруулах үйлдвэртэй байх байлаа. Улс төрийн хүчнүүдийн хагарлаас болж өнөөдөр бахь байдгаараа л байна.

-Экспорт, импортын хараат байдлаас гарахын тулд Монгол юу хийх ёстой бол?

-Мэдээж. Бизнесийнхэн салбарынхан чөлөөтэй байж л үргүй зардалгүй, чанартай бүтээгдэхүүн гаргана. Хэрэглэгчдэд юуг хэрэгтэйг мэднэ. Гэтэл төр хүний мөнгөөр хүүдэгнэж байгаа учраас илүү зардал гарсан ч санаа зовохгүй. Төр гэж хэн юм бэ л гэдэг. Үнэндээ эрх барьж буй л намын улс төрийн хүчин хувь хүн шүү дээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж