Боловсролын байгууллагын чанар, суралцах таатай орчныг бүрдүүлэх нь улс орны баримталдаг нийтлэг зарчим. Тиймээс ч жил бүрийн төсөв дээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд тодорхой төсөв тусгаж, түүгээрээ нийт сургуульд шаардлагатай санхүүжилтийг хувьсах зардал хэлбэрээр олгодог. Нийслэлийн зарим цэцэрлэг, сургуулийн дээвэр, анги танхимд засвар хийх шаардлагатай болсон ч салбар яамнаас нь Covid-19 цар тахлын үед үйл ажиллагааг нь түр хязгаарласан учир мөнгө олгоогүй мэдээлэл бий. Энэ дагуу тодруулахад:
-Халдварын тархалттай холбоотойгоор танхимын сургалтын үйл ажиллагааг хязгаарласан үед хувьсах зардлыг хязгаарлаж байсан. Харин есдүгээр сараас сургууль, цэцэрлэгүүдэд санхүүжилт олгож байна. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд засвар хийх, анги танхим шинэчлэх, өнгө будаг сэргээх зэрэг ажил хийгдсэн. Жил бүр урсгал засвар хийдэг.
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик гарсан. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдаж байна. Харин улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718817 сурагч суралцах статистик бий.
Эдгээр суралцагчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох эрхийг хангахад нэг жилд онцгойлон төсөв тусгаж, урсгал зардлыг нийтэд нь олгоно гэсэн ойлголт байхгүй. Аливаа сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагад хэрэгцээ, шаардлага гарвал тус санхүүжилтийг тухай бүрд нь олгодог. Манай дээр урсгал засварын мөнгө өгөөгүйгээс эцэг, эхчүүд хувиасаа санхүүжилт гаргаж, засварын ажил хийсэн гэсэн гомдол ирээгүй. Энэ бол худал мэдээлэл. Covid-19-өөс шалтгаалсан зайлшгүй нөхцөл байдлын үед эдийн засгийн хувьд ч тэр, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн байсан учраас тухайн үед урсгал зардлын мөнгийг танасан. Харин энэ намраас хэвийн олгож эхэлсэн. Улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад урсах зардлын санхүүжилт тусгаж өгдөг гэж мэдээлэв.
ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД ОЛГОДОГ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ОДОО Ч ХЯЗГААРЛАХ ЁСТОЙ
Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтээ хувьсах зардлаа олгож чадахгүй байж хувийн хэвшлийн сургалтын байгууллагад төрөөс зардал олгож байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. Учир нь хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог нэг тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгохгүй бөгөөд үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна гэж Боловсролын яамнаас мэдээлээд буй. Энэ нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, зөвхөн улсын сургуульд хувьсах зардал олгох ёстой хэмээн нийгмийн сүлжээнд хуваагдахад хүрсэн.
Нийслэлд гэхэд 5-10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 100 гаруй ерөнхий боловсролын сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 11 сургууль байдаг. Нэг хувийн сургуульд 100 сая төгрөгийн хувьсах зардал олгогдож байгаа гэсэн үг. Үүнийг цаашид хязгаарлах боломжтой эсэх талаар яамнаас тодруулахад "Төсөвт суугдсан учир боломжгүй" гэсэн хариу өгөв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүд гаргасан билээ. Тухайлбал, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй сургуулийн хувьсах зардалд зарцуулах мөнгийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна гэсэн юм.
Өндөр төлбөртэй хувийн сургуульд их хэмжээний зардал олгож байгаа ч улсын сургуульд үүнээс хэд дахин бага санхүүжилт хуваарилагддаг. Тиймээс дараа дараагийн жилүүдэд хувийн хэвшлийн сургалтын байгууллагад олгож буй мөнгийг улсын сургуульд хуваарилахыг иргэд хүсч байна. Учир нь ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн төсөв хангалттай биш байгаагаас болж дээврээс нь борооны ус гоождог, анги танхимын насжилтаас болж элэгдэлд орсон зэрэг асуудал жил бүр яригдсаар байна.
Холбоотой мэдээ