ХБНГУ-ын улс төрч, Социал Демократ намаас Канцлерт нэр дэвшиж, сонгуульд ялсан Олаф Шольц. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 14-нөөс өнөөг хүртэл Германы дэд канцлер, Сангийн сайдын албан тушаал хашиж буй. Түүнээс өмнө Шольц 2011-2018 онд Гамбург хотын даргаар ажиллаж, 2009-2019 онд Социал Демократ намын орлогч даргын үүрэг гүйцэтгэж байжээ.
Тэрбээр 1985 онд хууль, ялангуяа хөдөлмөр, ажил олгох тухай хуулиар мэргэшсэн. 1970 онд Социал Демократ намд элссэнээсээ хойш тэрбээр салбартаа амжилт гаргасаар 1998-2011 оны хооронд парламентад суужээ. Мөн 2001 оноос эхлэн Гамбургийн засгийн газарт хотын дарга Ортвин Рундийн шууд удирдлага дор ажиллаж, 2002 онд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, намын дарга, канцлер Герхард Шрудертэй ойр ажиллаж байсан аж.
Удалгүй 2004 онд Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас бууж, 2007 онд Ангела Меркелийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтан, Хөдөлмөр, нийгмийн сайд болон оржээ. Хоёр жилийн дараа тэрбээр Гамбург дахь Социал Демократ намыг ахалж, намын орлогч даргаар томилогдсон байна. Түүнчлэн 2011 онд Гамбургийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, хотын дарга болж, тэр албан тушаалаа 2018 он хүртэл хашчээ. Түүний дараа тэрбээр Ангела Меркелийн дөрөв дэх засгийн газрын бүрэлдэхүүнд багтан, Сангийн сайд, дэд канцлер болов.
Бага нас, боловсрол
Олаф Шольц 1958 оны зургадугаар сарын 14-нд Оснабрук хотод айлын ууган хүү болон мэндэлж, Гамбургт өсч өндийжээ. Тэр хоёр ч эрэгтэй дүүтэй. Тэдний нэг Женс Шольц өдгөө эмч, Шлесвиг Холстейн эрүүл мэндийн төвийн их сургуулийн Гүйцэтгэх захирал. Харин нөгөөх нь технологийн бизнес эрхлэгч Инго Шольц юм.
Олаф Шольц Олденфельд хотын Бекассиненау бага сургуульд элссэн ч удалгүй Гросслохе дахь Гросслохеринг сургуульд шилжин орж, 1977 онд бүрэн дунд боловсрол эзэмшчээ. Дараа жил нь тэрбээр Гамбургийн их сургуульд хууль зүйн чиглэлээр сурч, Хөдөлмөрийн тухай хуулиар мэргэшсэн байна. Тэрбээр 17 настайдаа Социал Демократ намын гишүүн болжээ.
Улс төрд
Олон улсын социалист залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч байсан тэрбээр анх 1998 онд 40 настайдаа Гамбург Алтонаг төлөөлөн парламентад сонгогдов. Түүнээс хойш тэрбээр 2001 онд Гамбург хотын дарга Ортвин Рундийн удирдлага дор Гамбургийн Дотоод хэргийн сенатор болтлоо дээрх албан тушаалаа хашчээ. Сенатор байх хугацаандаа тэрбээр хар тамхины наймаачдыг байцааж, үнэн зөв мэдээлэл цуглуулахын тулд тусгай эм хэрэглэхийг зөвшөөрч, олон шүүмжлэл сонссон аж. Гэсэн ч тэр ондоо Гамбург хотод түүний нам ялагдахтай зэрэгцэн Шольц ажлаа өгч, дараа жилд нь парламентад эргэн оржээ.
Түүнээс хойш ч Шольц энэ маягаараа маш хөдөлгөөнтэй амьдарч, намын ерөнхий нарийн бичгийн дарга, Германы визний хэргийг мөрдөн байцаах комиссын хэвлэлийн төлөөлөгч, Ангела Меркелийн эвслийн Удирдагч тагнуулын албанд хяналт тавих зөвлөлийн гишүүн, холбооны нэн чухал шүүгчдийн томилдог парламентын байгууллагын гишүүн гэх мэт албан тушаал хашчээ.
Канцлер болоход ойрхон байна
Социал Демократ нам өнгөрсөн оны наймдугаар сард Шольцийг Германы канцлерийн төлөө өрсөлдүүлэх санаатай байгаагаа зарлаж байв. Сонгууль ч болдгоороо болж, үр дүнд нь Социал Демократ нам маш бага буюу 25.8 хувийн санал илүү цуглуулан ялалт байгуулав.
Хэдийгээр сонгуульд ялсан ч арай канцлер болоогүй байна. Хэрвээ түүний өрсөлдөгч Христийн ардчилсан намын эвсэл засгийн газар байгуулбал тус намын удирдагч Армин Лашет канцлер болох учиртай аж.
Эх сурвалж: FINANCIAL TIMES, REUTER SNEW, YORK TIMES