Мэргэжлийн боксын алдарт тамирчин Мэнни Пакьяо их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр саяхан 2022 оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр мэдэгдээд байсан юм.
Мэнни Пакьяо өнөөдөр/2021.09.29/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би саяхан сүүлийн хонхоо сонслоо. Миний хувьд бокс дууслаа. Бээлийгээ хананд өлгөх өдөр өнөөдөр гэж санасангүй явлаа. Миний амьдралдаа хийсэн хамгийн хүнд шийдвэр бол энэ. Гэхдээ би үүнтэй эвлэрч байна. Хамгийн агуу фэнүүд болон дэлхийн агуу спортод баярлалаа. Гайхамшигтай дурсамж бүхэндээ баярлалаа. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлө, шаргуу зүтгэ тэгээд юу болохыг хар. Баяртай бокс” гэжээ.
Өдгөө 42 настай тэрбээр боксын рингэнээ амьдралынхаа 26 жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа 72 тулаан хийн 62 ялж, найм ялагдаж, хоёр тулаанд тэнцэж байв. Мөн найман жингийн 12 аваргын бүсийг эзэмшиж байсан.
Мэнни Пакьяо 1990, 2000, 2010, 2020 он гээд дөрвөн арван дамжиж, аваргын бүс эзэмшсэн анхны боксчин билээ.
Мэнни Пакьяо хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр өөрөөсөө долоон насаар дүү Куба боксчин Йорденис Угастай тулалдаж, ялагдал хүлээсэн. Ийнхүү Азиас төрсөн домогт боксчин Мэнни Пакьяо зодог тайлж, улс төрийн замналдаа ханцуй шамлан орж байна.
Холбоотой мэдээ