Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байв. Тэгвэл энэ мөрөөдөл өнөөдөр/2021.09.29/ бодит амьдрал дээр биеллээ олж, Монгол компаниуд нэгдэж бүтээсэн "Степпе Арена" нээлтээ хийлээ.
Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэ өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэ гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” гэдгийг онцлов.
“Степпе Арена” компани уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” компани ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд мөсөн өргөө сүндэрлэжээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ