Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилго дэвшүүлж буй. Энэ тухай тэрбээр ам нээх бүртээ онцолдог. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, монголчуудын цагийг нь тулгадаг занд технологийн дэвшил ч нөлөөлсөнгүй. Үүний нэг жишээ Өршөөлийн хуульд хамрагдахаар тээврийн хэрэгслийнхээ торгуулийг төлөхөөр дугаарлаж буй иргэд.

 Иргэдийн хувьд торгуулийнхаа тал хувийг төлөхөд ердөө ганц өдөр үлдсэн.  Гэвч зөрчил гаргасан жолооч нарын 50 ч хүрэхгүй хувь нь торгуулиа барагдуулжээ.

Уг нь жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөх шийдвэрийг төр гэнэт л нэг өдөр гаргаагүй. УИХ-аас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Хуулийн хугацаанд аравдугаар сарын 1-н хүртэл зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлж төр харж үзэхээр болсон ч иргэд хайхраагүй. Хатуухан хэлэхэд, "Төрөх нь үнэн бол үхэх нь ч үнэн" гэдэг шиг зээлтэй, торгуультай бол төлөх нь үнэн.

Хэрэв амарч аялж зугаалахаасаа урьтаад торгуулиа аппликэйшн аль эсвэл банкинд төлсөн бол өдийд тахлыг ч үл хайхран банк, нэг цэгийн үйлчилгээнд  дугаарлаж, бухимдахгүй байсан биз ээ. Нөгөөтэйгүүр,  өнөөдөр төрийн систем, цахим тодотголтой үйлчилгээ нь гацаж, иргэдийг дугаарлаж зогсоход хүргэв.

Тухайлбал, төрийн байгууллагын  хүнд суртлаас үүдэн иргэд нэг ажлаа 10 давтахад хүрч байна. Банкинд оочерлож, дугаарласан иргэд торгуулиа төллөө гээд асуудал дуусахгүй. Төлбөрөө тушаасан ч “төлбөр барагдуулаагүй” гэх мэдээллээс болж иргэд төлбөрийн баримттайгаа Тээврийн цагдаагийн албанд дахин дугаарлах ажилтай боллоо. Зөвхөн төлбөр төлсөн гэх баримтаа цахим системээс хасуулахын тулд иргэд банк, нэг цэгийн үйлчилгээнээс дахин нэг газрын үүдэнд дугаарлах шаардлага үүсч байна.

Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ “Иргэд торгуулиа буруу төлөх, төлбөрөө төлсөн ч торгууль нь хасагдаагүй байдаг. Ийм гомдол мэдээлэл сүүлийн үед иргэдээс маш их ирж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн төлбөрийн баримтаар  хасагдаагүй торгуулийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлж байна. Мөн Улаанбаатар, Төрийн банк нь төрийн сантай холбогдсон. Тиймээс иргэд торгуулиа төлөхөд ямар нэгэн асуудал үүсэхгүй, мэдээллийг нь автоматаар бүртгэнэ. Харин бусад банкаар төлбөрөө төлөхөд зарим торгуулийн мэдээлэл нь хасагдаагүй учраас асуудал үүсээд байна” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Уг нь торгуулийн мэдээллийг бүртгэхэд таван минут ч хүрэхгүй, кноп дарахад л шийдэгдэх байтал “торгууль төлсөн” гэж цахимд бүртгүүлэхийн тулд төлбөрийн баримттайгаа биечлэн дугаарлах шаардлага үүсч байна. Мөн төрийн албан хаагчдын хэлж байгаа шиг иргэд торгуулиа буруу төлж байгаа нь тэдний буруу биш. Анхнаасаа ойлгомжгүй, тодорхойгүй төрийн албаны үйлчилгээ нь иргэдэд дахин чирэгдэл учруулаад байгаа нь энэ.

Торгуулийн мөнгөө төлөхдөө хоёр өөр дансанд тушаахыг нь мэдэх хүн цөөн гэвэл нэг их буруудахгүй. Төлбөрөө нэг л дансанд тушаана.  Гэтэл төлбөрөө барагдуулсны дараа банкны ажилтнаас нь авахуулаад төрийн албан хаагч нь  “та төлбөрөө хоёр өөр дансаар тушаах ёстой. Төлбөрөө буруу төлсөн байна” гэж хээвнэг хариулж байгаа нь иргэдийн уур бухимдлыг өрдөөд байна. Тодруулбал, торгуулиа төлөхийн тулд,

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг нийслэлийн Төрийн сангийн 200200985 дугаарын дансанд тушаах юм байна.

Төрийн албан хаагч, үйлчилгээний ажилтан, банкны ажилтан л биш бол хэн ч төөрөлдөхөөр байхад иргэд төлбөрөө санаатай буруу төлсөн юм шиг тайлбарыг хэлж буй. Албаныхан өөрсдөөсөө бурууг хай. Хэдхэн өдрийн урт дараалал үүсэхэд төлбөрийн системийн ачааллаа дийлэхгүй гацлаа. Энэ бүхэн цахим үндэстэн болох ч эрт байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж