“Шүүхийн хонгил” ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

“Шүүхийн хонгил” ажиллагаа

“Шүүхийн хонгил” ажиллагаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаснаар их суудлын хуралдаанаа хийж Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүчингүй болгов. Ингэхдээ дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүчингүй болгосон учраас түүнийг хүлээж аваагүй УИХ-ын тогтоолыг бас хүчингүй болгожээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын нэхэмжлэлийг У.Хүрэлсүх буцаах хүсэлт гаргасан учраас ийнхүү хүслийг нь гүйцэлдүүлжээ. Үндсэн хуулийн Цэцэд иргэн бүр хандаж болох атал Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар хандсан учраас өөрийнх нь оронд сонгогдсон Ерөнхийлөгч нэхэмжлэлийг нь татуулчихаж байна. Хуулийн хүрээнд байж болох асуудал бололтой. Гэхдээ Цэцийн их суудлын шийдвэр хачин эргэлзээнд оруулав. Тэр нь Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэх маргаан дахиад үргэлжлэх боломжтой орхисон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн гаргасан өргөдлийг “ба, бэ”-гүй хуулаад дахиад хандчихвал яах вэ гэх асуулт гарч байна. Ер нь хандчих хэрэгтэй болов уу?

Энэхүү шийдвэрийг өөр өөрсдийнхөөрөө улстөрчид тайлбарлаж буй. Тэдний заримынх нь хэлснийг хамтдаа харцгаая.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил:

-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна. Үүнд эрх зүйн шинжилгээ хийж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд танилцуулах нь зүйтэй. Цэц цагаан дээр хараар биччихсэн Үндсэн хуулиа зөрчиж шийдвэрээ гаргаж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн зарим гишүүд улс төрийн сонирхлоор томилогдсон нь нууц биш. Улс төрийн ямар ч өндөр мэргэшилгүй, хууль зүйн шаардлага хангахгүй хүмүүс бий. Шүүхийн шинэтгэлийг эсэргүүцэж шатрын нүүдэл хийгээд хүний захиалга биелүүлээд байгаа нөхдийг зайлуулбал таарна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа дараахь байдлаар зөрчсөн. 
“Хуулийн боол” биш хувь хүний боол болж, Үндсэн хуулийнхаа дээр гарч зөрчин, Үндсэн хуульт ёсыг гажуудуулсан нэр бүхий Цэцийн гишүүдтэй УИХ хариуцлага тооцох ёстой. Намайг хэн шүүдэг юм гэдэг аяглалд цэг тавих ёстой.

Эрх мэдлийн төлөөх тулаан

Х.Баттулгын Цэцэд хандсан явдал нь Үндсэн хуулиас илүү эрх мэдлийн төлөөх явдал. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл гишүүдийг Ерөнхийлөгч УИХ-д оруулан томилдог байсныг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэчилсэн Шүүхийн тухай хуулиар ШЕЗ-ийн 5, Шүүгчдийн сахилгын хорооны 5 гишүүнийг УИХ сонгон шалгаруулахаар болсон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гээд буй. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ-д шилжүүлсэн гэсэн үг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна” гэж мэдэгдэж байсан юм. Ерөнхийлөгч томилдог хуучин байдал ч учир дутагдалтай. Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан. Н.Номтойбаяр нарт ял өгсөн явдал улс төрийн нөлөө орсон гэж ярьдаг. Тэдний хэргийг уншсан шүүгч, хуулийнхан ч мэл гайхаж, цэл хөхөрдөг. Тэдэнд ял өгөхөөс өмнө ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг харвал ядах юмгүй уншигдана. Аюулгүй байдлын зөвлөлөөр шүүгчтэй хариуцлага тооцдог хуулийн орчныг төрийн гурван өндөрлөг бий болгож, 17 шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлэн шалгасан. Гэтэл тухайн шүүгчдээс 13 нь гэм буруугүй нь тогтоогджээ. Асуудал тэдгээр шүүгчдэд гэхээсээ илүүтэй шүүгчдийг айлгаж, өөрсдийнхөө үгэнд орохгүй бол тэдний нэгэн адил болно шүү гэдгийг харуулахад байв. Энэ ч зорилгодоо хүрч, дээрх нөхдөд ял өгсөн хэрэг. Гэхдээ энэ байдлыг засах нэрийдлээр УИХ-аас хамааралтай болгож буй нь чонын амнаас гараад барын аманд оруулснаас өөрцгүй.

Шүүх шударга ажиллаж байна уу?

Улстөрчдөөс ингэж асуудал хариулт нь “Үгүй”. Үүнийг хамгийн их ярьдаг хүн нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж. Гэхдээ 1990 оноос өдий хүртэл хугацаанд хамгийн удаан жил Хууль зүйн сайд хийчээд ингэж хэлэхээр юу хийж байсныг нь асуух ч хэрэггүй болов уу?

Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна” гэж УИХ-ын чуулганы танхимд сануулж байсан.Гэтэл тэрхүү хүмүүс нь өнөөдөр шүүх эрх мэдлийг өөрсдийн хараанд байлгахаар санаархаж байна.

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас мэдээлснээр, Шүүхийн ёс зүйн хороо нь 2015 оноос 2020 оны аравдугаар сарын 22-ны байдлаар давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 18 шүүгч шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нартай холбоотой гомдлын 80 гаруй хувь нь үндэслэлгүй байсан гэсэн үг. Эдгээр гомдолд улстөрчдийн хэлээд байдаг шиг авлига авсан эсэх гомдол алга. Шүүхийн Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан үндэслэлийг харвал Хууль зөрчиж, хүний эрх ашгийг хохироосон, давж заалдах эрхийг хязгаарласан явдал хамгийн их буюу 15, удаах байранд мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, мэргэжлийн ур чадвар дутуу 12 үйлдэл байжээ.

Тиймээс шүүхийг удирддаг байгууллага, шүүгчийн гэм буруутай эсэхийг шүүдэг Сахилгын хороог томилохдоо УИХ-аас хараат байлгах нь учир дутагдалтай. Шүүхийг шударга байлгахын тулд аль болох улстөрчдөөс холдуулж, мэргэжлийн байгууллагуудад нь сонгон шалгаруулах эрхийг нь олговол өнөөдөртөө илүү үр дүнтэй гэсэн үг. Тиймээс шүүх шударга ажиллах байна уу гэхээс илүүтэй шударга ажиллах нөхцлөөр, хуулиар зохицуулж байна уу гэх нь илүү анхаарал татсан асуулт болжээ.

Шүүгчдийн томилгоо

Цэцийн их суудлын хуралдаанаас үүдэн Шүүхийн тухай хууль хэрэгжих нь дамжиггүй боллоо. Тиймээс ШЕЗ, Шүүхийн Сахилгын хорооны томилгоог хийнэ гэсэн үг. Эдгээр гадна үгнээс нь эшлэл авсан гишүүд нэг зүйлийг хэлээд байгаа нь Цэцийн үйл ажиллагаа, гишүүдийн шүүмжлээд байгаа анзаарсан байх.

Шүүхийн тухай хуульд шүүгчдэд насны хязгаар тавьсан бөгөөд 55 наснаас дээш настай хүнийг шүүгчээр ажиллуулахыг хориглосон. Хамгийн туршлагажиж, мэргэших насанд нь хална гэсэн үг. Энэхүү шалгуур ёсоор 30 гаруй шүүгч “зайлуулагдана”. Тэдний орон тоонд улстөрчид өөрсдийн хүмүүсээ шургуулахаар хэзээний дараагийн ШЕЗ-ийн гишүүн, шинээр байгуулах Сахилгын хорооны гишүүдтэй ярих нь дамжиггүй. Онцлог нь, Сахилгын хороонд УИХ-аас тодруулах шүүгч бус гишүүд олонх болно. Ингэхдээ эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэдэг нь хэн ч тийшээ очих боломжийг бүрдүүлэх нь. Сургуулиа төгсөөд хуулийн зөвлөхөөр арван жил ажилласан байхад л асуудалгүй шаардлага хангана. Аль ч намд энэ шаардлагыг хангасан хэдэн зуугаар тоологдох этгээдүүд бий.

Хэдийгээр тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулан томилно, хэн нэг нь бус өөрсдөө бие даан нэр дэвших эрхтэй гэдгээр хууль боловсруулагчид улстөрчдийн нөлөөнд автахгүй үндэслэлээ тайлбарлаж байгаа ч үнэндээ тийм биш. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн томилгооноос бид харж л байсан. Тэнд хэн, хэрхэн томилогдож, эрх барьж буй намд үйлчилдэг, бусдад хаалттай газар болон хувирсныг бид харж л суугаа. Ийм л юм болно.Нэг далайлтаар Цэцийн гишүүдийг ч өөрчлөх нь тодорхой болчихлоо.

Эцэст нь, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал” итгэлдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дүгнэлт хийсэн олон улсын байгууллагуудыг зөвлөмжийн талаар хөнджээ. “Эдгээр зөвлөмжид дурдсанаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын оролцоог аль болохоор бага байлгах ёстой гэж зөвлөсөн байдаг. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэхүү хоёр зөвлөмж тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын оролцоог өндөр байхаар хуульчилсан байгаа нь олон улсын зарчимд нийцэхгүй байна” гэж цохон тэмдэглэсэн байх юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлсэнчилэн шүүгч нар Төрийн ордны гуравдугаар давхарт ирж нэг хүнээс заавар авдаг байсан бол удахгүй УИХ-ын Байнгын хороодоос чиглэл авдаг болж болзошгүй нь. Энэ УИХ-ын гишүүдийн хамгийн их хийж чаддаг ажил нь чиглэл өгөх болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж