ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.29/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 


“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагджээ.  Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан танилцуулахдаа "Энэхүү тогтоолоор:

  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
  • Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  • Шинжлэх ухаан технологийн  сангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
  • ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
  • Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

Шинжлэх ухаан, технологийн сангаас өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэвч өндөр өртгөөр хийсэн дээрх судалгаанаас өнөөдөр хэд нь эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ил тод бус шинжлэх ухааны  ЖДҮ гэж хэлж болохоор сангийн үйл ажиллагааг цаашдаа ил тод нээлттэй болгохоор тогтлоо. Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газрыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна. Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжихээр ажиллаж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан. Харин өнөөдрөөс эхлэн Дулааны техник, технологи экологийн хүрээлэнг сэргээж, Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна.

"ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ОНД МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ИНДЕКСИЙГ ГАРГАНА"

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулна. Сум, дүүрэг, аймаг нийслэлийн газрын албанд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд дугаарлах шаардлагагүйгээр өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болсон. Хэрэв хүсвэл тухайн иргэн газрын албанд хандаж үнэт цаасан дээр газрын гэрчилгээг хэвлүүлж, авч болно. Цахимаар хэвлэж авсан QR код бүхий гэрчилгээ нь үнэт цаасаар хэвлэгдсэн гэрчилгээтэй адил хүчинтэй. Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.

  • Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно
  • 0.07 га газраас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ
  • Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно. Цаашид цахим худалдан авалт, цахим зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үргэлжилнэ.

Ирэх оны нэгдүгээр сард олон улсын байгууллагаас Монгол Улсын авлигын индексийг гаргана. 2021 оны нэгдүгээр сард Монгол Улс 180 орноос 111-т орсон. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго. Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Нийтэд ил тод болгох бүх мэдээлэл, төрөөс нээлттэй ил тод гаргаж болгох бүх шийдвэрүүдийг цахимаар олгодог болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болж, түүгээрээ дамжуулан төрд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг авдаг болно.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял  оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зориг агсантай холбоотой гурван Эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэргийг шалгаж байгаа.

“Оюутолгой”-н ажлын хэсэг долоо хоног бүр хуралддаг. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөл баталсан. Энэ долоо хоногт хоёр талаас “Оюутолгой”-н эрчим хүчний  хангамжийн асуудлыг эцэслэнэ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгой ордын нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үүргээ хэрэгжүүлэхэд хоёр хувилбар яригдаж байна. Оюутолгойтой холбоотой маргаан Лондонгийн арбитрын шүүхэд очсон. Татвартай холбоотой асуудлаар Монгол Улсыг хариуцагчаар татсан.

2021 онд Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Аравдугаар сард сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаар “Рио Тинто”-г татан оролцуулах эсэх талаар хурал болно. Ажлын  хэсгийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” компанид “Наймдугаар сард гарсан далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өгөөч" гэдэг шаардлага тавьсан. Тус компаниас уржигдар тайлбар ирүүлсэн. Тайлбартай холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсэг дотооддоо  хуралдана. Өнөөдөр “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдана. Хуралд есөн хүн оролцоно. Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Э.Баясгалан, Н.Багабанди нар оролцоно. Урьдчилсан мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг батална гэсэн.

"ЭНЭ ЖИЛ 20 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА"

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ.
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтай эзэн монгол иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  • Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна

Эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс сонголттойгоор өгнө. Хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж, үлдсэн хувийг сонголттой олгоно. Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна.

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА"

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:

-Нийгмийн даатгалын хуулийг 1995 онд анх баталж байсан. Үүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт өөрчлөлтөөр хамрах хүрээг өргөтгөж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн хувь хэмжээг өөрчлөх, түрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлөх хугацаа, хэмжээнд өөрчлөлт оруулж байсан.

Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд НДС-гийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж байна. Үүнд таван хууль багтана. Үүнд:

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль
  • НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль
  • НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль
  • НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль

Эдгээр хуулиас онцлох заалтуудыг товчлон танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд эийгмийн даатгалын  тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд  даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах, хяналт тавих, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодлох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил тэтгэвэр төлсөнийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн урамшууллыг нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтуудыг оруулна.

Нийгмийн даатгалын сангаас  олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр  алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан гэр бүлийн гишүүдэд тэтгэмж олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсан тэтгэмжийг 20 хоногоор нэмэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэхээр тусгасан. Даатгуулагчийг тогтвортой ажиллуулсан ажил олгогчийг тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар, гурван жил тутамд нэг удаа хөнгөлнө.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж