Пёньян шинээр дууны хурдтай пуужин бүтээсэн бөгөөд зүүн эргээсээ өчигдөр/2021.9.28/ хөөргөсөн анхны туршилт нь амжилттай болсон гэж мэдээлжээ.
Умард Солонгосын төрийн мэдээллийн "Родон Шинмүн", "KCNA" агентлагууд “Дууны хурдтай пуужингийн анхны туршилтаар маневр, тогтвортой байдлыг баталгаажуулж авлаа” гэж мэдэгдсэн байна. Мөн туршилтад эрх баригч намын төв хорооны Пак Жон Чон тэргүүтэй өндөр албан тушаалтнууд оролцжээ.
Туршилтын үр дүнд шинэ пуужингийн бүх техник үзүүлэлт шаардлага хангаж байгаа нь батлагдсан аж.
Энэ талаар өчигдөр/2021.9.28/ Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд “БНАСАУ зүүн тэнгис рүү үл мэдэгдэх биет хөөргөлөө. Энэ нь шинэ баллистик пуужингийн туршилт байж болзошгүй” гэж мэдээлсэн юм.
Энэ пуужингийн туршилт Пёньяны төлөөлөгч НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхтэй зэрэгцэн болсон бөгөөд 2021 оны зургаа дахь удаагийн туршилт гэдгээрээ ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: RT.COM