"Цар тахлыг хяналтаас алдвал нүүрсний экспорт зогсоно"

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

COVID-19

"Цар тахлыг хяналтаас алдвал нүүрсний экспорт зогсоно"

"Цар тахлыг хяналтаас алдвал нүүрсний экспорт зогсоно"

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс  хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа. Тус суманд энэ сарын 18-наас 20:00-06:00 цагийн хооронд хөл хорьж, орох гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хаасан билээ. Хязгаарлалтын дэглэмийг цуцалснаар сумын орох, гарах хөдөлгөөнийг нээжээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар аймгийн Засаг дарга О.Батжаргалаас тодрууллаа.


-Хязгаарлалтын дэглэмийг цуцалснаар хот хоорондын хөдөлгөөн нээгдэж байна уу. Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг нэвтрүүлэхдээ шинжилгээний бичиг шаардах уу?

-Улаанбаатар хотоос ирж буй иргэд түргэвчилсэн шинжилгээ өгч, хариу нь "Гэрэгэ" системд бүртгэгдсэн тохиолдолд нэвтрүүлнэ. Замын-Үүд болон Ханги-Мандалын боомтоос бусад суманд зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс нээлээ. Улаанбаатар болон бусад аймаг руу чиглэсэн орох, гарах хөдөлгөөн чөлөөтэй байгаа юм. Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд хулгайн замаар зорчих, шинжилгээ өгөөгүй хүмүүс нууцаар нэвтрэх, хяналтаас гадуур өнгөрөх зэрэг зөрчил цөөнгүй гарсан.

Хэсэгчилсэн хөл хорио тогтоосноор Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурсан уу?

-Юуны өмнө 10 хоногийн хатуу хөл хорио гэж ойлгож болохгүй. Улаанбаатар хотоос Дорноговь руу чиглэсэн хөдөлгөөний урсгалд тодорхой хязгаарлалт тогтоосон. Манай аймгаар хоногт 500-600 хүн дамжин өнгөрөх хөдөлгөөний урсгалд эрүүл мэндийн байгууллага хүрч ажиллах, гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийг эмнэлэгт шилжүүлэх, хянах зэргээр ачаалал хэтэрсэн. Мөн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг илрүүлж, хянах зэргээр  иргэдийн хөл хөдөлгөөнтэй уялдсан халдварын тархалтыг хумихад хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Иймд 10 хоногийн хязгаарлалт тогтоосон.

Үр дүнд нь, хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол мэдэгдэхүйц буурсан, иргэдийн хөл хөдөлгөөн татарснаар эмнэлэг болон гэрийн ажиглалтад байгаа хүмүүстээ хүрч үйлчлэх боломж  бүрдсэн. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ачаалал буурч, гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээ анхаарч эхэлсэн гэсэн үг.

Мөн Замын-Үүд, Сайншанд сумаас бусад 14 суманд малчны хотонд өвчлөл буурсан. Яагаад гэвэл, хөдөлгөөний урсгал идэвхтэй байвал халдварыг хөдөө алдна гэсэн үг. Малчны хотонд цар тахлыг хяналтаас алдвал маш эрсдэлтэй. Нөхцөл байдал илүү хүндэрнэ. Иймд хөдөлгөөний урсгалыг хязгааарласнаар эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хугацаанд бид халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг илрүүлж хяналтад авсан.

Цар тахлын нөхцөл байдал хүндрэхэд нүүрс тээвэр болон импорт тэг зогсдог, хил дээр ачаа бараа овоордог. Халдвар авсан хүний тоо нэмэгдвэл дахин тэг зогсохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр  Замын-Үүд, Ханги-Мандал боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн боомтуудад цар тахлыг хяналтаас алдвал экспорт дахин тэг зогсох эрсдэлтэй. Иймд Замын-Үүд болон Ханги-Мандалын хилийн боомтод өмнө нь авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын дэглэмийг цуцлахгүй. Засгийн газрын хэмжээнд хилийн боомтуудад халдварын тархалтыг бууруулж, ногоон бүс болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Хил дээр ачаа бараа овоорч байсан үетэй харьцуулбал өнөөдөр тээврийн урсгал сайжирсан. Харин бусад сум суурин газарт халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж иргэд сум хооронд зорчихоор бол аймаг, нутгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч зорчино.

Хоногт хэчнээн нүүрс тээврийн жолооч нар хилээр гарч байна вэ. Бусад экспортын урсгал ямар байна. Мөн импортын урсгал сайжирсан уу?

-Замын-Үүд боомтоор өдөрт нүүрс тээврийн 100-140 жолооч нар урд хөрш рүү хил давж байна. Үүний 25 орчим нь чингэлэгт нүүрс тээвэр. Тус боомтоор  нүүрс тээвэр их хэмжээгээр гардаггүй. Хятадын эрчим хүчний хангалтын нүүрс тээврийг экспортолдог. Тээвэрлэлт хэвийн байна. Мөн Ханги-Мандалын боомтоор өдөрт 110 машин төмрийн хүдэр экспортолж байна. Хилийн боомтуудаар гарч буй экспортын бусад бараа бүтээгдэхүүнүүдэд урд хөрш тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон. Махны экспорт болон бусад бараа бүтээгдэхүүн цар тахлын өмнөх үе шиг гүйлгээтэй байхаа больсон.

-Хилийн боомтуудад хөл хорио тогтоосон ч жолооч нар халдвар авсан тохиолдол цөөнгүй шүү дээ?

-Эрээн хот руу 70 жолооч гаргахаар бэлтгэлээ хангаж байна. Эдгээр жолоочийг 14 хоног тусгаарлаж хяналтад авсан. Ажиглалтаас гарсны дараа тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөөд байна. Урд хөршид тээвэрлэлт хийх жолооч нарын тоо нэмэгдэхээр тээврийн хэрэгслийн тоог нэмэх боломжтой. Ерөнхийдөө Замын-Үүд боомтод хилийн тэг цэг дээр богинын тээврийн жолооч нарыг зочид буудалд тусгаарлаж, шинжилгээ авсны дараа ажиллуулна. Тэдний хувьд Монголын талаас Хятад руу хил нэвтрэхгүй гэсэн үг.

Монголын талаас урд хөршид байрлуулж тээвэрлэлт хийж буй жолооч нар Хятад руу гарах тээврийн хэрэгслийг авч солилцох байдлаар ажилладаг. Тиймээс халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх асуудал байхгүй. Ханги-Мандалын боомтын тухайд богинын тээврийн жолооч нарт хөл хорио тогтоож Монголоос хил давах бүрт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Ингэхдээ долоо хоног бүр нэг удаа PCR шинжилгээг авдаг. Тус боомтоор 110-120 машин нүүрс тээвэрт гарч байна. Мөн Хятадын талаас Ханги-Мандалын боомтоор гарч буй жолооч нараас долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээг авч байна. Ямартай ч халдвар хамгааллын дэглэм, хяналт маш чанга байгаа учраас нүүрс тээврийн компаниудын хариуцлага ч сайжирсан. Ханги-Мандалын бүс рүү нүүрс тээвэр, төрийн тусгай зөвшөөрлөөс бусад тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Хамгийн гол нь, хилийн боомтдоо анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж