УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль эхэлж, сонгуулийн сурталчилгаа талдаа орж байна. Хуульд заасан ёсоор 21 хоног үргэлжлэх сонгуулийн сурталчилгаа тун чиг аядуу зөөлөн үргэлжилж байгаа учраас сонгогчдын дийлэнх нь хэн манай тойрогт нэр дэвшиж, хэдэн хүнтэй уулзаж байгаа талаар ч мэдээлэл багатай суугаа нь үнэн.
Хөл хорио, цар тахалтай цаг үед хэвлэл мэдээлэл энэ үүргийг гүйцэтгэж, сонгогчдын боловсролд зориулан нэр дэвшигчдийг танилцуулах, хэн нь хэн байсныг, хэний нөлөөнд улс төрд гарч ирснийг тоймлон уншигчдадаа хүргэх үүрэгтэй билээ. Тэгвэл энэ удаагийн тоймоор 18 дугаар тойрог, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэнгүй орхисон суудалд хэн томилогдохоор өрсөлдөж байгаа талаар мэдээлэл бэлтгэснээ уншигч танд хүргэе.
Хэнтийг гурван тойрогтой болгосон ч ямбыг нь бус ялыг үүрсэн улстөрч
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар сайнтай, муутай ч аймагтаа бол нэр хүндтэй улстөрч. 12 жилийн хугацаанд Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн сонгож үзээгүй хэнтийчүүд анх удаа шахуу л ардчилсан сонголт хийсэн нь Б.Гарамгайбаатар байсан юм. Тэр улс төрийн түүхэнд сайн муугаар хангалттай хэлүүлж, бичүүллээ. АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийг гурван мандаттай болгох талаар оройлон оролцож, санаснаа ч гүйцээж байв.
Бүс нутгийн хөгжил гэж ярих атлаа баруун аймгаас долоон дор хөгжиж байсан зүүн бүс, тэр дундаа Эзэн Чингис хааны нутгийг хөгжүүлэхэд УИХ-д суух төлөөлөл юу, юунаас чухал гэж зүтгэсний үр дүнд хэнтийчүүд өнөөдөр төрд гурван төлөөлөл илгээдэг болов. Тэр хэрээр ч хөгжил ирнэ гэж найдах л үлдсэн. Угтаа баруун аймгаас жил бүхэн гурав, гурваараа сонгогдож байсны үр дүнд эдгээр аймгууд хөгжил нь өдрөөр хурдалж, үйлдвэрүүд ар араасаа баригдаж байхад эсрэгээрээ хэнтийчүүд “Ба” аваргатайгаа цуг “өтөлсөн” гэхэд муулсан болохгүй байх аа.
Гэтэл гурван тойрогтой болгосон ямбыг нь МАН-ынхан үүрч, ялыг нь харин Б.Гарамгайбаатар тэргүүтэй АН-ынхан үүрч байгааг нуух юун. Хэнтийг гурван тойрогтой болгох асуудал 2016 онд ид яригдаж байх цагт Ардын намынхан бүтэн өдөржин Б.Гарамгайбаатар гишүүн рүү ширүүн үг чулуудаж, хэнтийчүүдийг доромжилж байсан нь цагаан цаасан дээр хараар бичигдэн үлджээ.
Харин Б.Гарамгайбаатар гишүүн “Хэнтийг гурван тойрогтой байхад МАН-ынхан та нар хоёр болгосон шүү. Хэнтийг хот байхад та нар сум болгосон. Харин би өнөөдөр та нарын ач буянаар алдаж явуулсан тойргийг нь буцааж авч өгөх гээд сууж байгаа юм. Би хийсэн ажилтай эргэж очдог учраас хэнтийчүүд хэнийг сонгохоо надаар заалгахгүй байх аа” хэмээн адарч суусаар гурван тойргийн маргаанд ялаад гарч байлаа.
Тиймдээ ч өнөөдөр тэд УИХ-д “Ба” аваргатайгаа хамт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгож явуулжээ. Хэнтийгээс сүүлийн гурван жилд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд “төрсөн” учраас нутаг усандаа бүтээн байгуулалт хийх болов уу хэмээн хүлээсэн ч тэд харин тойруулж хөшөө барьж “тоглох”-оос өөр зүйл хийгээгүйд бухимдах хүн олон бий. Харин Б.Гарамгайбаатарын тухайд сайн муугаараа дуудуулж, “тамын зам” барьсан хэмээн адлуулдаг ч сонгогдсон аймгаа хамгийн түрүүнд засмал замтай холбож байсан улстөрч. Хөшөө бус зам барьж хөгжинө гэдгийг олж харсан ч гэлээ чанарын асуудалд алдаа гарсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай удаан хугацаанд хууль шүүхийн хаалга татах, нэр төр бизнес гээд олон зүйлээ алдах шалтгаан болов. Төрийн хөдөлдөггүй олон ажлыг эхлүүлж, Солонготын давааг замтай болгосныхоо төлөө хуулийн хаалга ч татаж үзлээ, тэр.
Хувийн компанийнхаа хөрөнгөөр зам барьсныхаа төлөө улс төрийн хайчин гал дундуур явж, өдгөө тэрбумын авлагаас өөр хөрөнгөгүй болтлоо хэмлүүлэв. Хожмоо хуулийнхан хэргийг нь цагаатгасан ч гэлээ мөнгийг нь харин эргүүлж өгөөгүй юм. Улс төр гэдэг ямархуу бохир заваан, хэнбугай ч хормын дотор гэмт хэрэгтэн болгож, нэр төр, бизнес алдар хүндээр нь тоглож болдог вэ гэдгийг Б.Гарамгайбаатар гэх улстөрчийн туулсан зам мөр харуулжээ. Хамгийн хоржоонтой нь улс төрийн энэ их зодоон дундуур туучаад энэ зэрэгт өндийж гараад ирсэн лидер улстөрчөө намынх нь залуус үнсэнд хаясан шалз шиг орхив. Эсрэгээрээ намаа ядарсан үед нь орхиж гарчхаад задарсан үед ч эргэж ирээд нэр дэвшиж буй Үүл баатар дээр олуулаа шавчихсан, магтаалаар булж байгаа нь эмгэнэлтэй.
АН-ын алдаа, амжилттай хамт нэр төрөө яллуулж, намаа ядарч байхад ч орхиж одоогүй атал Б.Гарамгайбаатараас намын залуус нь зайгаа барьж буй нь ичмээр байлаа. Гэлээ ч нутгийнхан нь харин ийм зан гаргахгүй биз ээ. Б.Гарамгайбаатарын тухайд АН дотроо МҮДН фракцид харьяалагддаг. Р.Амаржаргал тэргүүтэй АН-ын хамгийн нөлөө бүхий улстөрчид харьяалагддаг фракцийн төлөөлөл бөгөөд нам нь хуваагдаж байх цагт ч намаа эргэж нэгтгэхийн төлөө жинтэйхэн мэдэгдэл хийж явсан нэгэн билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрүүлсэн атлаа намын байр, зочид буудлаас өөр бүтээн байгуулалтгүй сууж байгаа нутгийнхаа хөгжил, хөтөлгөө морьтой МАН-ынханд ташуур нь болж ажиллах эсэх нь хэнтийчүүдийн сонголтоос шалтгаалах нь ээ.
Ерөнхий сайдын багын найз гурван морьтны нэг болох уу
УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний унаган багын найз нь нэр дэвшиж буй. Ц.Идэрбат нь 1981 оных бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 оных. Тэд бага сургуульд байхаасаа найзалж нөхөрлөн, улс төрийн ажилд ч хамтдаа гар бие оролцож явжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2001 оноос Хэнтий хотын Бэрх тосгоны Тамгын газрын даргаар ажиллаж байсан бол Ц.Идэрбат харин 2003 онд Англи хэлний багшийн сургуулиа төгсөж ирсэн даруйдаа л Хэнтий аймгийн намын хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж, эндээс л намтай холбогджээ. Нийтдээ 18 жилийн хугацаанд намын ажилд хутгалдаж, Хэнтий аймгийн Засаг дарга болтлоо албан тушаалын лифтээр өгссөн аж.
Түүний хувьд Ерөнхийлөгч ах, Ерөнхий сайд найзынхаа ачаар л намын ажилд орон нутагт хутгалдаж явсан уу гэхээс улс төрийн карьерт өөрийн хүч чадлаар очиж байсан нь үгүй гэхэд хэтийдэхгүй. Нөгөөтээгүүр, Хэнтийн гурван мандат гурвуулаа нэг намын нэр дэвшигчид очиж, хөтөлгөө морьтой улстөрчдөд ташуур болох хүн байхгүй болж гэмээнэ Хэнтий аймаг бахь байдгаараа л үлбэгэр, сулбагар үлдэх магадлал өндөр билээ.
2016 оны сонгуулиас хойш хоёр том зочид буудал, хоёр намын байр, Номин худалдааны төвөөс өөр гялтайх бүтээн байгуулалт хийгдээгүй гэхэд хэтийдэхгүй. Тиймдээ ч орон нутагтаа бүс дундын сайн эмнэлэг барихын оронд хөшөө барьж “тоглосон” улстөрчид, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний “Андлалын хөшөө”-г нураах шийдвэр хэнтийчүүдийн уурыг барчхаад байгаа нь худлаа биш билээ. Рейтинг нь ч тэр хэрээр доошилсон нь нөхөн сонгуулийн өмнөх судалгаанаас харагджээ. Энэ тохиолдолд багын найз ногоон гэрлээр сонгогдох эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Хэнтийчүүд залуу улстөрчид итгээд үзье хэмээн муйхар сонголт хийх нь ямар хор дагавартайг хүчингийн хэрэгт ял эдлээд гарч ирсэн Д.Гантулгын жишээгээр хангалттай мэдэрсэн. Тиймдээ ч энэ удаа залуу гэхээс илүү зангараг нь хаа юм бэ гэх сонголт хийх магадлал өндөр буйг судалгааны дүн харуулчихжээ.
Бөөн дурын уран сайханчид
“Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр Д.Гантулга шиг улстөрч сонгосон хэмээн хэнтийчүүдийг басаж яваа хүн бол Т.Баасанжаргал буюу “Чингис хаан” гэж өөрийгөө нэрлэсэн залуу. Сэтгэцийн бага зэргийн асуудлаа нийгмийн стресс бухимдал руу чихчихээд явж буй энэ залуу яаж бодоод улстөрч болно хэмээн сэтгэж, яагаад “Би хаан болно” гэж дөвчигнөж явааг ойлгох юм алга аа. Ямартай ч Их хааны нутгаас хэн дуртай нь гардаггүйг, өөрийгөө ихэд бодсон хэнбугай очдог газар биш гэдгийг хэнтийчүүд энэ залууд ойлгуулах биз. Тэр хэрээр ч томоожих биз хэмээн найдаж сууя.
Мөн энэ тойрогт “ШИНЭ” намаас Паралимпын байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан Д.Баатаржав дахин өрсөлдөв. 2020 оны сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодож байсан өрсөлдөгч билээ. Олимпын аварга гэдгээс өөр олигтой төрд ажилласан намтаргүй учраас тэр энэ удаад ч өвдөг шороодох магадлалтай.
Мөн ИЗНН-аас Орон нутгийн сонгуулиар НИТХ-д өрсөлдөж байсан тус намын генсекийн албан тушаалтай А.Бархүү гэх залуу өрсөлджээ. Санхүүч эдийн засагч мэргэжилтэй, СӨХ, ТББ зэргийг даргалж явдаг намтартай энэ залууг хот хүрээнд ч танихгүй байхад хэнтийчүүдийн хэдэн хувь нь таних вэ гэдэг нь эргэлзээтэй учраас илүү олныг нуршихгүйгээр энд хүргээд орхиё. Мөн Баянгол дүүрэгт 2020 оны сонгуулиар өрсөлдөж байсан Д.Чулуунбат гэх эрхэм энд өрсөлдөж байгаа ажээ. Эндээс харвал улс төрийн гол өрсөлдөөн дүрэм ёсоор АН, МАН-ын хооронд өрнөх бөгөөд арай зангарагтай ахмад үе ялах уу, албан тушаалын шатаар найзынхаа, ахынхаа нөмөр нөөлгөөр лифтээр өгссөн залуу үеийн төлөөлөл ялах уу гэдэг тулаан болох нь ээ. Угтаа У.Хүрэлсүхийн морь эзэнтэй болох уу, эсвэл тэр морьдод ташуур болох сөрөг хүчний улстөрч сонгогдох уу гэдгийг хэнтийчүүд аравдугаар сарын 08-нд шийдэх гэж байна.
Холбоотой мэдээ