Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Алтанд өндөр татвар тогтоосноор алтны арилжаа далд хэлбэрт шилжиж, энэ салбарыг дампууруулсан түүх бий. Алт олборлогч нарт өнгөрсөн хугацаанд роялти буюу Алтны ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-ыг янз бүрээр ногдуулж ирсэн. Үнэ өндөр байх үед буюу 2006 онд алтны “гэнэтийн ашиг”-ийн 68 хувийн татвар ногдуулснаар алтны салбар уналтад орсон түүхтэй. 2005 онд улсын хэмжээнд 22 тн алт олборлож байсан бол 2008 онд 13 тн болон буурчээ. Монголбанкинд тушаасан алт 2005 онд 15 тн байсан бол 2010 онд 2.1 тн болж буурсан аж.

Манай улс татварыг тооцоо судалгаагүй өөрчилдөг нь хамгийн ноцтой алдаа болохыг эдийн засагчид шүүмжилдэг.

Алтны салбарыг босгож ирэхийн тулд 2014 онд Монголбанкинд тушаасан алтны АМНАТ-ыг таван жилийн хугацаатай тогтмол 2.5 хувь болгосон. Үүний үр дүнд 2018 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 22 тн болж өсчээ. Төв банкинд тушаах алтны хэмжээг өсгөх үүднээс 2014-2018 онд татвараас гадна олон төрлийн давхар арга хэмжээ авсан байдаг.

Монголбанк Стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж Төв банкинд алтаа их хэмжээгээр тушаах болжээ.

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон.

Тухайн үед иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд тушаасан алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх санал гаргасан ч УИХ хүлээж аваагүй. Татвар нэмэх гол шалтгааныг эдийн засагчид тухайн үеийн эрх баригчдын төсвийн орлого нэмэгдүүлэх зорилготой холбон тайлбарладаг. Улмаар татварыг нэмснээр улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон аж. Гэвч тухайн үед төлөвлөсөн 22 тн алт 15.2 тн болон буурч, Төв банкинд тушаагдаагүйн улмаас төсвийн орлого тасарчээ.

Монголбанкны хувьд ч АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байв. Мөн хуулийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгах санал гаргасан ч Засгийн газраас хуулийг яаран УИХ-д өргөн мэдүүлсэн аж. АМНАТ 5 хувь байхаар батлагдсан нь Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Алтны салбарынхан, улсын төсвийг зэс, нүүрс зэрэг байгалийн баялаг, мөн алтны өөр төрлийн татвараас нөхөгдөх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлдэг.

Монголбанкинд 2019 онд аж ахуйн нэгж, иргэд 15.2 тонн алт тушаасан нь өмнөхөөсөө буурсан үзүүлэлт юм. Түүгээр ч зогсохгүй Төв банкинд 2018, 2019 онд тушаасан алтны зөрүү 6 тн-оор яригдаж, алтны АМНАТ нэмсний сөрөг үр дагаварыг харуулжээ.

Дэлхийн зах зээл дээр 2019 оны сүүлийн сард нэг унац алт 282 ам.доллар байсан бол 2020 он гарснаас хойш алтны үнэ 18 хувиар өсчээ. Алтны роялтиг нэмээгүй бол валютын 4 тэрбум 15 сая ам.доллар нөөцөө алдагдсан алтны зөрүүний үнэ 300 сая ам.доллараар нэмэх боломж байсныг өнгөрсөн онд шинжээчид хэлж байв. Улмаар алтны татвараар олон оролдвол осолтойг анхааруулсан билээ.

Монголбанк өнгөрсөн 2020 онд 23.6 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар болжээ.

Алтны салбарынхан, уул уурхайн супер цикл ирж буй энэ цаг үед төсвийн орлого бүрдүүлэх нэрээр бүхэл бүтэн салбарыг уналтад оруулдаг бодлогоо эргэн харж, АМНАТ-ын хувийг бууруулах цаг ирсэн гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж