Цар тахал хяналтаас гарсан ч нийслэлийнхэн энгийн амьдралын хэв маягтаа эргэн ороод удаагүй. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр есдүгээр сараас хичээлийн шинэ жилийг эхлүүлснээр хөл хорионд байсан оюутан, сурагчид бужигнаж эхлээд байна.
Хотын түгжрэл, нийтийн тээвэр ачааллаа дийлэхээ больсонд иргэд битүүхэндээ оюутнуудаа “адлах” хандлагатай. Харин худалдаа үйлчилгээний байгууллагууд бөөн баяр. Саяхан л эл хуль байсан зах, дэлгүүр хоршоо, бар ресторанууд залуусын хөлд дарагджээ. Орон нутгийн оюутнууд нийслэлд ирснээр агшсан эдийн засаг тэлэхэд томхон хөшүүрэг нь болж байна.
Хотын А бүс болох МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр нь их, дээд сургуулиудтай хаяа залган оршдог. Тэнд оюутнуудад түшиглэсэн цөөнгүй үйлчилгээний байгууллага бий. Нэн ялангуяа “Шөлөндөө”, “Жигнүүр бууз”, “Tse”, “СU”, “Сircle K” зэрэг түргэн хоолны сүлжээ төв зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн хугацаанд хүнгүй шахам эл хуль байсан хоолны газрууд өнөөдөр өнгө засч, оюутнуудын хөлд дарагджээ. Энэ хэрээр үйлчилгээнийхэн орлого нь 20-50 хувиар сэргэснийг хэлж байгаа юм. Гэвч өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад орлого эрс муудсан нь иргэдийн худалдан авах чадвартай холбоотой гэнэ. Иймд Улсын онцгой комиссын 22:00 цагаас хоолны газруудыг ирэх сарын 1-ээс хязгаарлах шийдвэрийг тэд эсэргүүцэж байв.
"ОРЛОГО 20 ХУВЬ ӨССӨН Ч 50 ХУВИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ НЬ"
"Tse" лоунжийн захирал Ц.БОЛДБААТАР:
-Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь залуус байдаг. Оюутнууд цуглахад орлого өсдөг ч удалгүй эргээд буурдаг. Энэ жил их, дээд сургуулиуд танхимын болон зайнаас хичээллэж байгаа нь бидний орлогод нөлөөлж байна. Оюутнууд долоо хоногоор амрахад орлого эрс буурдаг. Есдүгээр сарын 15-наас оюутнууд цуглахад орлого 20 хувиар өссөн. Гэвч УОК-ын шийдвэр ирэх сараас хэрэгжвэл бид 50 хувийн алдагдал хүлээнэ. Нөгөө талд, оюутнууд ажиллах хүч болж байна. Манай салбаруудад үндсэн ажилтан 280 орчим. Үүний 150 нь оюутан. Тэднийг ажлын байртай нь хадгалахын тулд богино цагийн хуваариар ажиллуулж байна.
МУИС-ийн дэргэдэх "СU" төвийн салбараар орвол оюутнууд үйлчлүүлж байв. Кассанд залуус дугаарлаж, зааланд нь багтаж шингэх зай алга. Тус төвийн орлого есдүгээр сараас 30-50 хувь нэмэгдсэн байна. Төвийн менежер “Оюутнуудын хичээл эхэлснээс хойш орлого сэргэж, ачаалал ихэссэн. Өглөө 07:00 цагаас залуус бужигнаж эхэлдэг. Оргил ачааллын үе 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Манай салбар оюутнуудын хөлийн газар байрладаг болохоор хөл хөдөлгөөн тасардаггүй. Харин хөл хорионы хугацаанд орлого бараг тасарч, алдагдалд орсон” гэлээ.
Ажил сургууль тарж 18:00 цаг өнгөрсөн ч Багшийн дээд орчмын цайны газар, түргэн хоолны газрууд дүүрэн хүнтэй харагдана. “Ундрах” зоогийн газрын түрээслэгч “Хичээл, сургууль эхэлснээс хойш ачаалал ихэссэн. Ажил тарах үед хаалгаа барих болсон ч оюутан сурагчдын хөл татардаггүй. Орлого ч сэргэсэн” гэв.
СЕЗОН ЭХЭЛЖ, ОРЛОГО СЭРГЭСЭН Ч НАЙМААЧИД "МУУ АМЛАВ"
Дараа нь "Бөмбөгөр" худалдааны төвөөр орвол хоосон шахам лангуунууд хүн зөрөх зайгүй, хүмүүс хөлхөлдөж байв. Худалдагчид, үсчин, маникюрчин бүгд л толгой өндийх завгүй байгаа нь цар тахалгүй үеийг санагдуулахаар. Лангууны ард өдөржин арц уугиулж ном уншиж, хоорондоо хөзөрддөг наймаачид одоо хоорондоо үг солих завгүй болжээ. Гэсэн ч худалдаачид “орлого муу”, “орлого сайжраагүй”, “цар тахлаас хойш өөдөлсөнгүй” зэргээр муу амлангаа өмд цамцаа зарна.
Уг нь өдийд наймаачдын хувьд сезоны үе нь. Улирал солигдож байгаа тул хүмүүс дулаан хувцаслаж эхлээд буй. Орон нутгаас оюутнууд ирснээс хойш есдүгээр сарын эхээр орлого сэргэсэн тул халаас хоосон буцдаг үе өнгөрснийг шударгаар зарим нь хэлж байлаа.
“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны худалдагч Ч.Болор “Худалдан авагчдын дийлэнх нь оюутан, ахлах ангийнхан. Тиймээс загвар маш чухал. Гэвч онлайнаар бараагаа захиалж байгаа болохоор онохоосоо алдах нь их. Оюутнуудын хичээл эхэлж есдүгээр сарын эхээр орлого эрс нэмэгдсэн. Алдагдлаа нөхөж чадахааргүй ч түрээсээ төлж, амьжиргаагаа залгуулахаар ашигтай ажилласан гэж боддог. Одоо бол худалдан авалт өмнөхөөсөө бага зэрэг буурсан. Сезоны үе боловч иргэдийн худалдан авалт буурсан” гэлээ.
Худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах маникюрчид бүтэн жил хүнгүй шахам байсан бол одоо үйлчлүүлэгч ихтэй болжээ. Мөн л үйлчлүүлэгчдийн ихэнх нь оюутнууд. Үсчид “Оюутнуудын хичээл эхэлсэн ч бидний орлогод нөлөөлөхгүй. Ялгаа алга. Энэ жил орлого тааруу, үйлчлүүлэгч багатай байна. Харин өнгөрсөн жилийн өдийд л ажил, орлого тэгширч байтал хөл хорьсон. Үүнээс хойш олигтой дээрдээгүй” гэдгийг хэлж байсан юм.
Энэ талаар эдийн засагч Ц.Даваадорж “Оюутнууд эдийн засгийг макро түвшинд харвал тийм ч нөлөөтэй биш. Гэхдээ аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сэргэх, орлого нэмэгдэхэд том дэмжлэг болж байна. Энэ нь эдийн засагт тодорхой хэмжээний түлхэц болж байгаа юм” гэлээ.
Нийгэмд “ад үзэгддэг” оюутнууд бодит байдал дээр хямарсан эдийн засагт “цус сэлбэж” байна. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэхэд томхон хөшүүрэг нь болдог аж.
Холбоотой мэдээ