Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /НЗДТГ/ “Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. “Урт настай, удаан жаргалтай” энэ нүүдэл суудлыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаанд даалгасан.
Эхний ээлжид Захирагчийн ажлын албыг нүүлгэх бөгөөд ирэх жилийн намар гэхэд Хотын захиргааны алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна гэх цаасан дээрх төлөвлөгөө бий. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бусад алжын албаа нүүлгээд хотын дарга өөрөө Яармаг руу нүүхгүйгээр “Хангарьд” ордонд “эзэн” сууна гэх мэдээлэл ч байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Нийслэлийн захиргааг хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй.Үүний оронд тэнд Монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх старт ап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой” хэмээн мэдэгдэж байсан юм.
Хэрэвзээ үнэхээр НЗДТГ Яармаг руу нүүлээ гэж бодоход “Хангарьд” ордныг ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг нь олон хүний анхаарлыг татна.
Ингэхдээ тус ордны барилгыг хувьчлах нээлттэй худалдааг явуулах бөгөөд жилийн өмнөх 43 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх юм байна.
Өмч хувьчлах асуудал нь заавал объектоо суллаж байж хийдэг учраас Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилга ашиглалтад орж, төр захиргааны байгууллагууд нүүж дууссаны дараа барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг явуулах хуулийн зохицуулалттай.
Тодруулбал, өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 20-нд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн засаг захиргааны “Хангарьд” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг зарласан. Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг дөрвөн тэрбум 342 сая 340 мянган төгрөгөөр тооцсон юм. Гэвч нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүх учраас "Хангарьд" ордныг хувьчлах шийдвэр гаргасан боловч хотын захиргааны шинэ барилга хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн тогтсон хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болсон учраас хувьчлах асуудал хойшилсон.
Мөн 2020 онд дуудлага худалдааг зарласан цагаас эхлэн "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Монгол" зэрэг компани худалдан авахаар бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл гараад байсан юм. Эдгээр төрийн өмчит компани нь өндөр өртөгтэй түрээсийн байранд байгаа бөгөөд түрээсэнд өндөр зардал төлөхгүйн тулд өөрсдийн гэсэн байртай болох ёстой гэсэн зарчмаар "Хангарьд" ордны дуудлага худалдаанд оролцоно гэх мэдээлэл гарч байв.
“ХАНГАРЬД” ОРДНЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ АВАХ УУ?
Тэгвэл НЗДТГ Яармаг руу бүрэн нүүж дууссаны дараа “Хангарьд” ордныг Улсын дээд шүүх авна гэх “бор шувуу” улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.
Учир нь улсын төсвийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан шүүн таслах ажиллагааны байрыг сайжруулахад анхаардаггүй гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс удаа дараа мэдэгдэж байв. Тус зөвлөлөөс жил бүр шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэвч сүүлийн найман жилд УИХ-аас шүүхийн хөрөнгө оруулалтад нэг ч төгрөгийн төсөв баталж өгөөгүй аж.
Өөрөөр хэлбэл, шүүхийн барилга шинэчлэх, шинээр барих, солихыг УИХ сүүлийн найман жилийн турш умартсан байна. Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн барилга олон жил өнгө үзэмжгүй байсны эцэст өнгөрсөн жил гадна талаа шинэчилсэн. Гэвч бусад улс орны дээд шүүхтэй харьцуулахад өрөвдөлтэй эсвэл инээдэмтэй ч гэмээр барилгатай. Хэрэв Дээд шүүхийг “Хангарьд” ордон руу нүүлгэхгүй гэвэл Яармаг руу нүүлгэх өөр хувилбар ч яригдаж байгаа гэх.
Ийнхүү шүүхийн байрыг шинээр барьж болохгүй юм гэхэд одоо байгаа боломжид тулгуурлан ачааллаа хуваалцаж, асуудлаа шийдэх нь наад захын гаргалгаа байж болох юм.
Энэ мэтчилэн Хангарьд ордонд суух эзэн олон ч хотын дарга Д.Сумъяабазар өөрөө "эзэн" суух гаргалгааг хайж суугаа гэх. Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн, Хотын дарга харин түүний өгсөн үүргийг даалгаврыг хэрхэн биелүүлэх бол.
Холбоотой мэдээ