Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Жо Байден Япон, Австрали, Энэтхэгийг Хятадын эсрэг нэгтгэнэ

Францтай хагаралдсан, Австралитай гэрээ байгуулсан, цөмийн хөдөлгүүртэй шумбагч бүтээж өгөхөөр болсон зэргийг эс тооцвол АНУ-ын цаашид Азид үзүүлэх нөлөөг нэг мөр тодорхойлох чухал үйл явдал энэ долоо хоногт болох гэж байна.

Тухайлбал, ерөнхийлөгч Жо Байден Япон, Австрали, Энэтхэг гурван орны удирдагч нартай биечлэн уулзаж, дөрвөн талт “Quad” хэлэлцээг хийх гэж буй. Мөн тэрбээр энэ үйл явдлаар Хятадын хүчирхэгжин тэлж буй нөлөөллийг эсэргүүцэхийг бүх ардчилсан орнуудад уриалж байгаа юм.

Дөрвөн талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 1-нд Вашингтонд болно. Уг хэлэлцээг хийхэд Японы Ерөнхий сайд Ёшихиде Сүга, Энэтхэгийн удирдагч Нарендра Моди, Австралийн Скотт Моррисон нар оролцох аж. Хэлэлцээний үеэр дөрвөн орны удирдагч нар Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг чөлөөт, нээлттэй болгох тухай хэлэлцэх гэнэ.

Хэлэлцээ АНУ-ын Азид баримталж буй бодлогод том өөрчлөлт гарсан үед болж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээр татаж байна. Нэг талаас Байден тухайн бүс нутаг дахь дипломат түншлэлээ бэхжүүлэхээр хичээж байхад Япон харин Хятадын нэмэгдэж буй цэргийн хүчийг шүүмжилж сууна. Түүнчлэн АНУ, Нэгдсэн Вант улс, Австрали гурав хамтран “АУКУС” хэмээх гэрээ байгуулсан нь байдлыг улам нухацтай болгож байна. Чухам ийм эгзэгтэй үед дөрвөн талт хэлэлцээ хийх нь АНУ-ын хувьд чухал нүүдэл юм.

ХЯТАДЫН ЭСРЭГ

Дээрх дөрвөн талт хэлэлцээг хийх тухай яриа анх 2007 онд гарч байсан боловч Хятад эрс хүчирхэгжиж, Дональд Трампын гарын үсэг зурах хүртэл 10 жилийн турш хойшлогдсон аж. Түүнээс хойш Азийн дипломат орчин эрс өөрчлөгдөж, хэлэлцээний ач холбогдол улам нэмэгдсээр байна.

Австралийн хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Скотт Моррисон цар тахлын үүсэл гарлыг Хятадаас хайхыг шаардсанаас болж Бээжин, Канберрагийн харилцаа эрс муудсан юм. Моррисоны үйлдэлд Бээжин хариу арга хэмжээ авч, Австралийн бараанд хатуу хязгаарлалтууд тогтоосон бөгөөд тэдний харилцаа одоо хэр нь сэргэж амжаагүй хэвээр.

Энэ зуур АНУ Ази дахь түншлэлүүдээ бахжүүлсээр байгаа нь Дональд Трампын үед нэгэнт муудсан хоёр улсын харилцааг улам доройтуулсаар буй.

Энэ сарын эхээр АНУ, Австралийн удирдагчид Нэгдсэн Вант улсад уулзаж, гурван улс цэргийн технологи, туршлага санаануудаа солилцож байхаар “АУКУС” гэрээ байгуулсан нь Канберрагийн хувьд том амжилт байв.

Түүнээс гадна Япон улс ч гэсэн АНУ-ын Азид нөлөөлөхөөр эрмэлзэж байгааг сайшааж байна. Хэдийгээр Ши Жиньпин төр барьж эхэлсэн эхний жилүүдэд халуун дулаан харилцаа бий болгохыг зорьж байсан ч, эсрэгээр хоёр улсын харилцаа жилээс жилд муудсаар иржээ.

Японы батлан хамгаалахын сайд Нобуо Киши энэ сард өгсөн ярилцлагадаа “Япон орон зүүн Хятадын тэнгис дэх өөрсдийн газар нутгаа Хятадын түрэмгийллээс эцсээ хүртэл тууштай харамлаж хамгаална” гэж шулуухан хэлсэн юм.

АНУ-ын Герман маршаллын сангийн Азийн хөтөлбөрийн захирал Бонни Гразерийн хэлснээр дөрвөн талт хэлэлцээнд Энэтхэг өдгөө хамгийн болгоомжтой байх шаардлагатай гишүүн болж байна. Түүнчлэн дөрвөн талт хэлэлцээний дагуу Хятадтай сөргөхөд Дели хамгийн чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм.

Гэхдээ өнгөрсөн оны дунд үед Дели, Бээжингийн цэргүүд хилийн маргаантай бүсэд гардан тулаанд орж, Энэтхэгийн армиас дор хаяж 20 цэрэг амь үрэгдсэнээс хойш Хятадтай сөргөөцөлдөхөөс ихэд болгоомжлох болсныг ажиглагчид байталж байна.

ТАЙВАНИЙН АСУУДАЛ

Энэ долоо хоногийн уулзалтад яригдах хамгийн чухал сэдвүүдийн нэг нь Тайвань байх бололтой. Учир нь сүүлийн үед Бээжингийн Тайванийг нэгтгэх эрмэлзэл улам хүчтэй илэрч, арлын ойролцоо үргэлж идэвхтэй цэргийн үйл ажиллагаа явуулах болсон юм. Тэгээд зогсохгүй олон улсад Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэж магадгүй гэдгээ ч удаа дараа анхааруулсан билээ.

Тиймээс ч Хятадын эсрэг байр суурьтай орнуудын анхаарлын төвд буй Тайваньд АНУ сүүлийн үед ихэд ач холбогдол өгч, төлөөлөгчдөө илгээн зэвсгийн наймаа хүртэл хийх болсон.

Тэгвэл Австрали ч гэсэн Тайванийг дэмжихээ тууштай илэрхийлсээр байна. Мөн Японы Ерөнхий сайдын орлогч Таро Асо Хятадаас газар нутгаа хамгаалахын тулд Вашингтонтой нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж ярилцлага өгчээ.

Харин Энэтхэг өмнө нь Тайванийн тухай ам нээж байгаагүй тул хэрвээ энэ удаагийн уулзалтад Дели холбоотнуудтайгаа ижил байр сууррьтайгаа илэрхийлбэл Хятадад том цохилт болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж