Баяртай, Ангела Маркель

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Баяртай, Ангела Маркель

ХБНГУ-ын төрийг 16 жилийн турш жолоодсон төмөр хатагтай Ангела Меркель.

Түүний талаар олон улсын дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг нэг тодорхойлолт бий… Тэр бол тэнцвэртэй байдлыг сахин хамгаалагч. Тогтвортой байдлын бэлгэ тэмдэг. Зөвхөн Германаар тогтохгүй олон улсын тэнцвэрийг баригч юм.
Ангела Меркель дөрөв дэх удаагаа канцлераар сонгогдож, 15 жил, 309 өдөр Германы төрийг жолоодож байна. Энэ хугацаанд Меркель АНУ-ын гурван Ерөнхийлөгч, Нэгдсэн Вант улсын таван Ерөнхий сайдын нүүрийг үзжээ.

Түүнийг төр барих хугацаанд Саддам Хуссейныг цаазаар авахаас эхлээд Брексит, ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн хүртэл дэлхийг өөрчилсөн маш олон үйл явдал болов.
Берлиний хана нурснаар Германы коммунист номлогчийн охин Ангела Меркелийн өмнө улс төр гэх том ертөнцийн үүд хаалгыг нээжээ.
Тухайн үед 35 настай байсан Меркель шинжлэх ухааны салбараа орхин улс төрд хөл тавьсан нь өнөөгийн Герман орны онц чухал түүхийн эхлэл болжээ.
Нэгэнт улс төрд хөл тавьсны дараа Меркель маш богино хугацаанд амжилтад хүрсэн юм. Тэрбээр анх уламжлалт, консерватив, эрчүүд давамгайлсан Христийн ардчилсан намд элсэж, удалгүй 1990 онд намаа төлөөлөн Германы парламентад сонгогджээ. Канцлер асан Гельмут Колийн үнэнч дэмжигч тэрбээр эмэгтэйчүүд, залуусын сайдаар томилогдож, намын орлогч дарга болтлоо дэвшсэн байна.

Гельмут Колийг тууштай дэмжиж, үнэнч зүтгэдэг байсан учир германчууд Меркелийг “Колийн охин” гэж хочилдог.

Гэвч Меркель 1999 оны арванхоёрдугаар сард Колийг хандив, тусламжтай холбоотой дуулианд орооцолдсон нь намын итгэл үнэмшил, нэр хүндийг гутаасан хэрэг гэж үзэн огцрохыг шаардав. Удалгүй Меркель 2005 оны сонгуульд нэр дэвшиж, саналын багахан зөрүүгээр ялан канцлер боллоо. Тухайн үед цаг үе харьцангуй тогтвортой байсан ч тун удалгүй Европыг тэр аяар нь донсолгож, орших, эс оршихыг нь шийдэх олон үйл явдал ар араасаа хөвөрсөн юм. Жишээлбэл, 2009 оны сүүл үеэс Евро бүсийн өртэй холбоотой хямрал эхэллээ. Харин Меркель “Евро сүйрвэл Европ ч гэсэн сүйрнэ” хэмээн үзэж, тивийн нийтлэг валютыг аврахын тулд хичээн ажилласан юм. Тэгэхдээ Меркель Европ тив даяар хэмнэж болох бүх юмыг хэмнэж, хэмнэлтийн нүүр царай гэгдэх болжээ. Албан шахалтаар бүсээ чангалахад хүрсэн Грек зэрэг орны ард иргэд тэр үед Меркелийг маш ихээр үзэн ядаж, Адольф Гитлертэй хүртэл зүйрлэж байв. Гэхдээ үр дүнд нь Меркель еврог, Европыг мөхлийн аюулаас аварч чадсан юм.

Меркелийн улс төрийн замналыг тодорхойлсон бас нэгэн үйл явдал 2015 оноос эхтэй. Тухайн үед дайны хөлд сөхөрсөн Сири тэргүүтэй улсуудаас дүрвэгчид Европт ирэх нь эрс олширов. Харин Меркел 2015 оны наймдугаар сард дүрвэгчдэд зориулсан хуаран байгуулан Герман орны үүд хаалгыг зовж зүдэрсэн хүмүүст нээж, ард түмэндээ “Wir Schaffen das(Бид үүнийг чадна аа)” хэмээн уриалж байлаа. Тэр үед Барак Обама түүний хатан зоригийг биширч “Меркел энэ тал дээр түүхэнд бичигдэхүйц зөв байр суурьтай байна” хэмээн магтаж байлаа. Гэхдээ Меркелийн дүрвэгчдэд ээлтэй энэ бодлого Европыг үзэл санааны хувьд хоёр хэсэг болгон талцуулж, хэт барууны үзэлтнүүдээс хатуу шүүмжлэл сонсож байлаа. Гэсэн ч шүүмжлэл нь хүртэл Меркелийн нэр хүндэд улам сайнаар нөлөөлсөн юм. Харин өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн сонгууль Меркелийн улс төрийн замнал, түүхийн төгсгөл болов. Өдгөө 67 настай тэрбээр цаашид сонгуульд оролцохгүй, улс төрийн ямар ч албан тушаал горилохгүй гэдгээ илэрхийлж, хойч үедээ залгамж халаагаа өгч байна. Сонгуульд ялсан Социал Демократ намын нэр дэвшигч Олаф Шольц шинэ засгийн газартаа Меркелийн намыг оролцуулахгүй гэдгээ ч зарлаад амжив. Сэтгүүлч нар Меркелиэс өөрийнхөө удирдах арга барилыг хэрхэн дүгнэдгийг нь асуухад тэрбээр тодорхой хариулт өгдөггүй хүн байв. Гэхдээ 2019 онд тэрбээр “50 жилийн дараа хүүхдүүд түүхийн номноос таны тухай юу гэж уншаасай гэж боддог вэ” гэх асуултанд “Меркел хичээсэн гэж л уншаасай” гэж хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж