Хот, тосгоны эрх зүйн байдлын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Хот, тосгоны эрх зүйн байдлын төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2021.09.28) Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн удирдлагууд болон сумдын Засаг даргын Тамгын газар, хот, тосгодын захирагчид, хуулийн төслийг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүд зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцов.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж байгаа. Энэ хуулийн төсөл дээр УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулсан ажлын дэд хэсгийн гишүүд ажилласан. Орон нутгийн харилцааг зохицуулах гол хуулиудыг нэг баг боловсруулж байгаа нь асуудлыг цогцоор шийдэх давуу талтай болохыг Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр тусгасан. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулахдаа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ялгааг тодорхойлох, хот, тосгон хоёрын эрх зүйн харилцаанд орох хязгаарыг тодорхой шалгуурын дагуу тогтоохыг зорьсон гэдгээ Ажлын дэд хэсгийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.

Төслийн танилцуулгатай холбогдуулан аймаг, сум, тосгодын удирдлагуудаас нэгжийн чиг үүргийн давхардлыг яаж зохицуулах, хот, тосгодын эдэлбэр газрын асуудлыг хэрхэн шийдэх, хүн амын тоо, татварын хувь хэмжээг тооцох аргачлал, эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэгийг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулж, хариулт авлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганы хугацаанд өргөн барихаар төлөвлөсөн бөгөөд орон нутгийн удирдлагуудаас төсөлд тусгах саналаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх боломжтойг хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж