Зарим газарт ургац хураалт саатжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Зарим газарт ургац хураалт саатжээ

Зарим газарт ургац хураалт саатжээ

Ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.

-Ургац хураалт оройтож, өмнөх жилийнх шиг ургацынхаа талыг алдах вий гэсэн болгоомжлол иргэдэд байна. Одоогиийн байдлаар хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-2021 онд нийт 660 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаан буудай тариалсан. Одоогийн байдлаар улаан буудайн ургац хураалт 15 хувьтай, хүнсний ногоо, төмс хураалт 50 орчим хувьд хүрсэн. Өмнөх жилийнхтэй харьцуубал ижил түвшинд ургац хураалт, хэвийн үргэлжилж байна.

-Ургац хураалтын ажилд оролцож буй ажилчид, хэр хангалттай байгаа бол?

-Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчний  байгуулагынхан ургац хураалтын ажилд оролцож байна.

– Урьд шөнө хөрсөн дээр цочир хүйтэрсэн. Цаг агаарын нөлөө байдал ургац хураалтад хэрхэн нөлөөлж байна вэ?

– Сэлэнгэ аймгийн зүүн хойд, баруун урд хэсгээр, Төв аймгийн баруун хойд хэсгээр цас орсон  учраас зарим газарт ургац хураалт түр зогссон. Ургац хураалт маргааш, нөгөөдрөөс хэвийн үргэлжилнэ.

– Тариа буудай налсан зүйл ажиглагдсан уу? Энэ жил ургацын болцоос хамаарч ангилан хадалт хийсэн гэх мэдээлэл бий. Болц оройтсон уу?

– Одоогийн байлдаар тариа буудай налсан мэдээлэл өгөөгүй байна.  Ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хоцорсон. Энэ жилийн хувьд чийг ихтэй учраас болц мөн адил 10 гаруй хоногоор оройтсон. Ихэнх тариаланчид ангилан хадалтаар эхэлсэн. Ангилан болон шуурхай хураалтаар 15 хувьтай явж байна.

– Болц 10 гаруй хоногоор хойшилсон нь гурилын үйлдвэр болон бусад үйлдвэрүүдэд нийлүүлэх чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

– Улаанбаатар хотоос баруун тийш ургацын чанар сайн байна. Дархадын хойд хэсгээр улаан буудай чийгтэй учраас ангилан хадалтаар орсон. Баруун тийшээ шууд хураалтаар гурилын үйлдвэрүүдэд тушаагаад байна. Улаан буудайн чанараас нь шалтгаалан гурилын үйлдвэрүүд авч байгаа. Нийт 589 мянган тонн улаан буудай хурааж авна. Цаг уурын эрсдэлээ тооцоод улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангана гэсэн урьдчилсан баланс гаргасан.

– Ургац хураалт аравдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусах боломж бий юу? Цаг агаарын нөхцөл байдлын ямар мэдээлэлтэй байна.

– Жил болгон аравдугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажил дуусдаг. Энэ жилийн хувьд 10 гаруй хоногоор хойшилсон тул арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусах төлөвтэй байна.  Бүх аймаг ургац хураалтдаа орсон. Төв аймаг, Булган аймгийн урд хэсэг, Орхон аймаг ургацаа хураалтадаа жигдрээд явж байна.

Б.Юмжирдулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж