Данийн нийслэл Копенхаген хотод Жон Леннон, Йоко Оно нарын хэзээ ч олны хүртээл болоогүй дууны хальсыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Нийт 33 минутын дуу бичлэгтэй тус хальсыг 50 гаруй жилийн өмнө, Битлз хамтлаг тарахаас хэдхэн сарын өмнө Данийн дөрвөн залуу бичиж авсан гэнэ.
Хальсанд Жон Леннон, Йоко Оно нартай хийсэн ярилцлага, мөн хамгийн гол нь хэзээ ч өөр хэний ч сонсож байгаагүй дуу бий аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус хальс 32-50 мянган ам.доллараар аль нэг музей, эсвэл цуглуулагчид зарагдах бололтой.
1970 оны нэгдүгээр сард 16 настай Карстен Хоежин болон түүний найзуудад сургуулийнхаа сонинд ярилцлага авахаар домогт дуучинтай уулзах завшаан тохиосон гэдэг. Тухайн үед Леннон, Оно нар Оногийн охин Киокотой уулзахаар Копенхагенд очсон байж таарчээ.
Ярилцлага төлөвлөгөөний дагуу үргэлжилж, эцэст нь Жон Леннон “Radio peace” нэртэй дуу дуулж өгсөн гэнэ. Гэвч тэр дуу хэзээ ч нийтэд цацагдалгүй зөвхөн Хоежиний хальсанд л үлджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ