Япон анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Япон анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу?

Япон анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу?
зүүн гар талд Санаэ Такайчи, баруун талд Сэйко Нода

Японы Засгийн газрыг эмэгтэй хүн тэргүүлэх цаг удахгүй ирэх бололтой. Хуучинсаг үзэлтэй Японы улс төрд хүйсээр ялгаварлах байдлыг давж, хоёр ч эмэгтэй улстөрч Ерөнхий сайдын суудалд өрсөлдөж байна. Тодруулбал, маргааш болох Либерал ардчилсан намын даргын сонгуульд сүүлийн 13 жилд анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшчээ. Нэр дэвшигч Санаэ Такайчи, Сэйко Нода нар маргааш парламентын олонх Либерал ардчилсан намын даргаар сонгогдвол Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайд болно. Гэхдээ тэдний ялах боломжийг эрэгтэйчүүд голдуу тэргүүлдэг эх барих нам шийднэ.

Нэр дэвшигч эмэгтэйчүүд улс төрийн бодлогын хувьд эрс ялгаатай. Хэт хуучинсаг үзэлтэй Санаэ Такайчи нь үндсэрхэг, цэрэг, армийн хүчирхэгжилтийг дэмждэг бол Сэйко Нода нь энх тайванч үзэлтэй, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш оролцоог дэмждэг.

“Японы улс төрд эмэгтэйчүүд бол цөөнх. Тэдний сонголт болоод амжилтад хүрэх зам хязгаарлагдмал. Тэд эрэгтэйчүүддээ үнэнч байж чадахгүй л бол улс төрд хол явахгүй” хэмээн Осакагийн урлагийн их сургуулийн нийгэм, улс төр дэх эмэгтэйчүүдийн роль судлаач Маюүми Танигүчи тайлбарлажээ. Тиймээс хоёр эмэгтэй нэр дэвшигчээс Санаэ Такайчид илүү боломж байгаа аж. Мөн тэрбээр  Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн дэмжлэгтэй. Сүүлд явуулсан судалгаагаар эрх барих намд Санаэ Такайчийн нэр хүнд нэлээд өссөн байна.

Өдгөө 60 настай Санаэ Такайчи нь 1993 онд анх парламентад сонгогдсон ба түүний үлгэрлэдэг хүн нь Маргарет Татчер аж. Тэрбээр өмнө нь дотоод хэргийн сайд, хүйсийн тэгш эрхийн сайд гэх мэт эрх барих намын засгийн газар дахь гол албан тушаалуудыг хашиж байсан. Түүний аюулгүй байдлын бодлого нь Хойд Солонгос, Хятадын заналхийллийн эсрэг цэрэг, армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.

Харин Сэйко Нодагийн хувьд хүйсийн тэгш эрхийг дэмжих бодлогоосоо шалтгаалан эрх барих нам дахь хуучинсаг үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулна. Өдгөө 61 настай Сэйко Нода нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, засгийн газар дахь эмэгтэй гишүүдийн квот тогтоох системийг батлахын төлөө ажилладаг. Хэрэв тэрбээр Японы Засгийн газрыг тэргүүлэх болвол танхимын гишүүдийн тал нь эмэгтэйчүүд болох гэнэ. Тэрбээр эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжихгүй байснаар Японы хүн амын тоо буурч, улсын аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлтэд аюул учирч байна хэмээн мэдэгдсэн удаатай.

Шинзо Абэ нь эрх барих хугацаандаа эмэгтэйчүүдийг дэмжсээр ирсэн ба шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог 2020 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч биелүүлж чадаагүй. Хөгжингүй орнуудын Их-7 бүлгийн дундаас Япон нь хүйсийн тэгш оролцоогоор нэлээд доогуур бичигддэг. Тухайлбал, энэ онд Дэлхийн эдийн засгийн форумаас явуулсан судалгаагаар Япон нь 156 орноос 120-д жагсчээ. Өдгөө Японы засгийн газрын 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэхээс илүү  үнэнч байдлаа харуулах нь эрх барих намд таалагдана гэж ажиглагчид дүгнэжээ. Тиймдээ ч Санаэ Такайчи нь Японы эмэгтэйчүүдийн уламжилж ирсэн сайн ээж, сайн эхнэр байх үүрэг ролийг сурталчилж, эрх барих намд таалагдахыг хичээж байгаа аж.

Эрх барих намын сунгаанд нийтдээ дөрвөн хүн нэр дэвшиж буй. Тэднээс ялах хамгийн өндөр магадлалтай нь вакцинжуулалтын сайд Таро Коно юм. Түүнчлэн сунгаанд гадаад хэргийн сайд асан Фүмио Кишида өрсөлдөж байна. Дөрвөн нэр дэвшигчийн хэн ялсан нь Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн орыг залгана.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж