Дуудлагын сувилагч эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Дуудлагын сувилагч эрэлттэй байна

Дуудлагын сувилагч эрэлттэй байна

Эрүүл мэндийн салбар иргэдээ “хөсөр” хаяж, цар тахлыг хяналтаас алдаад удлаа. Халдвар авсан хүнийг найман саяар эмчлэх нь бүү хэл иргэд нь гэртээ, гудамжинд эмнэлэг бараадаж чадалгүй амь тавьж байгаа нь нууц биш. Цар тахлаас хойш  нийтдээ 167 эмч, 146 сувилагч, 195 ажилтан ажлаасаа гарчээ. Үүнээс үүдэн 600 гаруй эмнэлгийн ажилтны хомсдол үүссэн байна. Эмнэлэг бараадаж чадахгүй хүмүүс дуудлагын сувилагчийн “ач”-аар амиа "аварч" буй бол зарим нь сувилагч дуудах нь бүү хэл эм авах мөнгөгүй болжээ.


ӨВДӨӨД ҮХЭХ БАЙСАН Ч ЭМНЭЛЭГ ТООХГҮЙД ГОМДОЛТОЙ БАЙНА

Г.Даваажав нь 20 гаруй настай. Вакцины хоёр тунд хамрагдсан хэдий ч Covid-19 халдвар авснаар хэдхэн хоногт хэвтэрт оржээ. Толгой өвдөхөөс эхлээд ядарч, ханиалгах цээж өвдөх нь энүүхэнд гэнэ. Алхаж чадахгүй болтлоо туйлдаж өвчин нь хүндэрсэн ч хэвтэх эмнэлэг олдсонгүй. Тэрбээр “Өрхийн эмнэлгээс олгодог 160 мянган төгрөгийн багцад нь хоёр удаа эмч дуудна гэж заасан байдаг ч сувилагч нар завгүй гээд тоогоогүй. Халдварын онош батлагдаад зургаан хоног өнгөрсөн ч алхаж чадахгүй болтол сульдаж бие маань маш хурдан муудсан. Толгой эргэж, нүд өвдөж дэлгэц ч ширтэж чадахгүй даралттай болсон. Цээж, зүрх өвдөж амт үнэрээ ч алдсан. Ганцаараа амьдардаг болохоор хүний асаргаа чухал юм билээ. Найз маань хамт байгаагүй бол би өдийд үхсэн байхыг ч үгүйсгэхгүй. Өвдөөд үхлээ гэхэд эмч нар тоохгүй миний хохь болох юм билээ. Үүнд хамгийн их гомдож бухимдаж байна. Гэтэл танилтай нь гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэж буй тохиолдол миний эргэн тойронд зөндөө бий. Танилгүй бол үхсэн ч хэн ч тоохгүй болохыг биеэрээ мэдэрлээ. Өрхийн эмч, түргэн ирэхгүй болохоор аргаа барахдаа гэрээр сувилагч хайж дуудлага өгч үзсэн. Үнийн хувьд 20 мянган төгрөгт багтах болов уу гэж бодтол нэг тариа тарихад 50 мянган төгрөг гэхэд хэтэрхий үнэтэй санагдсан. Одоо өөрөө өөрийгөө эмчилж байна” гэсэн юм. Түүний хувьд биеийн байдал нь саяхнаас  сэргэж алхах тэнхээтэй болсон гэнэ.

Цар тахлыг далимдуулан эмнэлгийн салбар бизнес болж цэцэглэсний нэг илрэл нь дуудлагын сувилагч болсон ч, үүнийг буруутгах аргагүй. Эмнэлгийн тусламж авч чадахгүй, танил талгүй, өөрөө өөрийгөө тарих боломжгүй, аргаа барсан хүмүүс гэрээр сувилагч дуудаж тахлын аюулаас ангижирч байна. Иргэн Б.Уянга Covid-19 халдвар авч эдгэсэн ч дахин өвджээ. Түүний хувьд толгой өвдөж, ханиалгаж, цээж нь хөндүүрлэж бөөлжих зэргээр бие нь дордсоор байсан ч өрхийн эмнэлэг нь тоогоогүй гэх. Утсаа ч аваагүй тул аргаа барж сандрахдаа өрхийн эмнэлэг оржээ. Гэвч үүднээс нь л “Covid-19  халдвартай иргэнийг  оруулахгүй, цаашаа яв” гэж хөөсөн байна. Өвчин нь хүндэрч зовиур нь ихэссэн ч эмнэлгийн ор олдох нь бүү хэл эмч хүртэл тоогоогүй тул өөрөө  эрэл сурал болсоор гэрээр сувилагч дууджээ. Мөн  үнэтэй санагдсан боловч хэдэн өдөр тариа, дусал залгуулсны үр дүнд эдгэсэн байна.

СУВИЛАГЧ ГЭРЭЭР ДУУДВАЛ ХӨЛС НЬ 50 МЯНГА

Наад захын хоёр жишээ татахад Covid-19 халдвараар өвдсөн хүмүүс танил талгүй бол дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийн  үлгэр болж байна. Эмнэлэгт хэвтэх боломжгүй, эмч үзэхгүй байгаа тул гэрээр сувилагч дуудахаас ч өөр арга хүмүүст алга. Дуудлагын сувилагч нар Covid-19 халдварын онош батлагдсан өвчтөнд нэг удаагийн дуудлагаар тариа, дусал залгахад 50 мянган төгрөг. Биеийн байдлаас хамаарч 3-7 долоо хоногийн эмчилгээ хийлгэе гэхэд 350-400 мянган төгрөг зарцуулах шаардлага гэнэ.  Сувилагч нарын хувьд өөрсдөө хамгаалах хэрэгслийн хувцас болон унааны зардлаа гаргадаг аж. Тэдний нэг хэсэг нь ажлынхаа хажуугаар хүмүүст тусалж байгаа бол зарим нь хувиараа ажиллаж байна. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр тэдний ачаалал ихэссэн болохыг ч хэлж байгаа юм.

"ЦАР ТАХЛЫН ГОЛОМТОНД ДАЙЧЛАГДСНААС ХУВИАРАА АЖИЛЛАСАН НЬ ИЛҮҮ ДЭЭР"

Сувилагч М.Жаргалмаа найман жил мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Цар тахлын голомтод ажиллаж байсан ч одоо хувиараа нөхрийн хамт дуудлагаар айлд эмнэлгийн тусламж үзүүлэх болжээ. Тэдний ажил өглөөний 07:00 цагаас эхэлж үдшийн бүрий хүртэл завгүй дуудлагаар үйлчилнэ. Хоногт хамгийн багадаа найман айлаар ордог байна. Дуудлага өгч буй хүмүүсийн ихэнх нь Covid-19 халдвар авсан, эмнэлгийн тусламж авч чадахгүй хүмүүс байдаг аж. Энэ тухай тэрбээр,

-Ачаалал маш их байна. Өглөөнөөс хойш утасны дуудлага тасардаггүй. Хувийн эмнэлэг ч олдохгүй, ор байхгүй, тусламж авч чадахгүй хүмүүс гэрээр сувилагч авах дуудлага ихэссэн. Ялангуяа нялх биетэй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон ахмадууд ханддаг. Гэхдээ дуудлагаар нь очиход ихэвчлэн 20-55 насныхан Covid-19 халдвар авч, улмаар гэр бүлд нь халдварлаж байгаа нь харагддаг. Тухайн айлд очихдоо нэг удаагийн хамгаалах хэрэгслийн хувцастай, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг. Миний хувьд гэрээр эмчилгээ авсан  хүмүүст өглөө эртлэн очдог болохоор заримдаа дуудлага буцаах, шилжүүлэх үе ч бий. Өглөөний 07:00 цагаас авахуулаад нэг өдөрт хамгийн багадаа л найман айлаар ордог. Халдвар авсан хүмүүсийг эмнэлэг хүлээж авахгүй, бие нь хүндэрсэн байдаг. Анхны тусламж үзүүлэхэд маш хүнд харагддаг ч 3-7 хоног эмчлүүлж тариа дусал залгуулахад маш хурдан тэнхэрч байна. Халдвар авсан хүмүүст дуудлагаар очиход 50 мянган төгрөгийн үнэтэй. Хүмүүс үнэтэй гэж хэлж  магадгүй ч хамгаалах хэрэгслийн хувцас, унааны зардал, эмчилгээ үйлчилгээ багтсан байгаа юм. Харин  Covid-19 халдваргүй ч дуудлага өгсөн хүмүүст хамгаалах хэрэгслийн хувцас өмсөхгүйгээр халад, амны хаалттай  25-30 мянган төгрөгөөр дусал залгаж, тариа тарьдаг. Хэчнээн хувиараа ажиллаж байгаа ч цар тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнчээр эмнэлгийн тусламж очиж чадахгүй байгаа газарт ажиллаж байна. Өмнө нь цар тахал дэгдэх үед дайчилгаанд тусгаарлалтын байранд 14 хоног, нэг сар гаруй байрлаж ажилласан үе ч бий. Эмчлүүлж буй хүмүүс бидэнтэй өөрсдийг нь хүчээр хорьсон юм шиг өнгө аясаар ханддаг. Улсын эмнэлэг цаг наргүй, төсвөөс санхүүждэг болохоор илүү цагийн урамшууллаа авах нь ховор. Хэдийгээр бид тангараг өргөсөн эмч, сувилагч нар боловч адилхан л хүн. Төрийн байгууллагад цаг наргүй ажилласнаас хувиараа эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүстээ үйлчилсэн нь орлогын хувьд илүү дээр байна. Улсын эмнэлэгт ажиллах, хувиараа гэрээр тусламж үзүүлэх хоёрын дунд хүмүүсийн хандлага ч тэнгэр газар шиг ялгаатай  гэлээ.

ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС ӨВЧНӨӨ НУУЖ ХУДАЛ ДУУДЛАГА ӨГӨХ БОЛЖЭЭ

Сувилагч нарын хэлснээр Covid-19 халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь өвдөөгүй, энгийн тариа дусал залгуулах тухай худал дуудлага өгдөг байна. Гэтэл хамгаалах хэрэгслийн хувцасгүй тухайн айлд очиход Covid-19 халдвараар өвдсөн байдаг нь эрсдэл дагуулж байгааг ч хэлж байв. Энэ талаар сувилагч Ж.Болортуяа “Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс биднийг гэрээр эмчилгээ үйлчилгээ тусламж үзүүлэхийг хориглодог. Гэсэн ч цар тахлын үед айлд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгцээ шаардлага нь байна. Эрэлт, дуудлага ч ихэссэн. Хэдий зөвшөөрөл байхгүй ч бид бүтэн дөрвөн жил их сургуульд сурсан, эмч сувилагч нарын лицензэд түшиглээд иргэдэд анхан шатны тусламж үзүүлж байна. Ийм боловч хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асар их хариуцлага дагалддаг учраас тухайн өвчтөнд эмийн жор, эмчийн бичиг байхгүй бол ямар ч тариа дусал хийх, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй. Халдвар авсан хүмүүсийн хувьд худал дуудлага маш их өгч байна. Өвчнөө нуудаг. Гэтэл очихоор бие нь хүндэрсэн, Covid-19 халдвараар өвдсөн болох нь илэрхий байдаг. Тэр хүмүүсийн хувьд эмнэлэг олдохгүй, эмч ирэхгүй болохоор дахиад л эмч ирэхгүй байх вий гэх айдастай учраас л худал хэлдэг байх. Хэчнээн ойлгож байгаа ч бидэнд эрсдэлтэй. Худал дуудлагад нь итгээд хамгаалах хэрэгслийн хувцасгүй амны хаалт, халадтай очиж байна шүү дээ. Жишээ нь би бага насны хүүхэдтэй. Гэртээ хүүхдээ харахын сацуу л айлд дуудлагаар очиж эмнэлгийн тусламж үзүүлж байна. Нөгөө талд, Covid-19 халдвараас айсан өндөр настан, хавдарын өвчтэй хүмүүс сүүлийн үед маш их дуудлага өгч байна. Сувилагчийн анхан шатны тусламж үйлчилгээг авдаг. Ачаалал маш их байна. Сүүлийн үед өдөрт нэг  сувилагч 20 дуудлага авч, хамгийн багадаа л таван айлаар орж байна” гэлээ.

Зөвхөн Covid-19 халдвар авсан хүмүүс гэлтгүй эдгэсэн хүмүүс ч гэрээр хордлого тайлах эмчилгээ хийлгэх болжээ. Энэ тухай дуудлагаар ажиллаж буй сувилаж “Covid-19 халдвараар өвдөж эдгэсэн хүмүүс элгээ маш сайн хамгаалах хэрэгтэй байна. Хүмүүсийн цус маш их өтгөрсөн, хар бараан өнгөтэй болж байна. Сүүлийн үед халдвар авч эдгэсэн хүмүүс хордлого тайлах эмчилгээ хийлгэх болсон. Иргэдийн хувьд маш их түгшсэн, ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байгаа нь анзаарагдаж байна” гэсэн юм.

ОРОН НУТАГТ ХАЛДВАРААР ӨВДСӨН ХҮМҮҮС ХААНА ХЭНД ХАНДАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА

Сувилагч нарын зүгээс нэг дуудлагын үнэ 50 мянган төгрөг  ч амьдрал тааруу хүмүүст үнэрхэхэд хэцүү, зарим үед таван мянган төгрөгөөр ч тусламж үзүүлдэг болохыг хэлж байлаа. Нийслэлийнхний хувьд эмнэлгийн ор олдохгүй байсан ч гэрээр сувилагч дуудаж эмнэлгийн тусламж авч байна. Харин орон нутагт Covid-19 халдвар авсан иргэдийн хувьд нөхцөл байдал хүндхэн байна. Дуудлагын сувилагч байхгүй, сумын эмч нь олдохгүй, эмнэлгийн ор байхгүй зэргээс шалтгаалан Covid-19 халдвар авсан иргэдийн хувьд ёстой бор зүрхээрээ л өөрийгөө эмчлэх болжээ. Говь-Алтай аймгийн уугуул иргэн А.Ууганбаяр нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр айлд бууз хувааж идсэнээс болж Covid-19 халдвар авсан байна. Сумын эмнэлэг ойрхон ч дуудаад ирдэггүй тул арга буюу машиндаа өөрийгөө тусгаарлах болжээ. Тэрбээр “Монгол гэрт эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Шинжилгээний хариу батлагдаж машиндаа өөрийгөө тусгаарлахаас өөр аргагүй байна. Эмч нар утсаа авахгүй байна. Толгой өвдөж, хамар битүүрч, үнэр мэдрэхээ больсон. Одоохондоо ганга өвс, С витамин л ууж байна даа. Манай энд сумын эмч олдохгүй байхад гэрээр очих сувилагч ч байхгүй шүү дээ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж