Сурвалжлага: Түлшгүй иргэд зутарч, даарч сууна

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Түлшгүй иргэд зутарч, даарч сууна

Сурвалжлага: Түлшгүй иргэд зутарч, даарч сууна

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, хөрсөн дээрээ цочир хүйтрэхдээ зэрэгцээд гэр хорооллынхон гал алдаж эхэллээ. “Тавантолгой түлш" ХХК  өчигдрөөс /2021.09.27/ эхлэн борлуулалтын 40 цэгээр шахмал түлш борлуулж эхэлсэн аж.

Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Түлш зардаг ихэнх цэгүүд нь хаалттай, ажиллаж байгаа цөөн хэдэн борлуулалтын цэг нь шахмал түлшээ дууссан байв. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нуурын 19-414 гудамжинд байрлах "Тавантолгой” түлш компанийн албан ёсны гэрээт цэгийн борлуулагч “Өнөөдрөөс эхлэн түлш зарж эхэлсэн. Таван  тонн шахмал түлш  өглөө 08.00 цагт ирээд ганцхан  цагийн дотор зарагдаж  дууссан. Маргаашаас эхлэн  шат дараатайгаар  цэгүүдийг нэмнэ гэсэн. Ерөнхийдөө аравдугаар сарын 1-ээс  эхлэн эхний ээлжид түлш борлуулах 200 цэгээр өдөрт 10 тонн буюу 400 шуудай  шахмал түлш нийлүүлж эхэлнэ. Тэр үед түлшний хомсдол үүсэхгүй. Хэрэв нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  түлш борлуулах 600 цэг зэрэг ажиллаад эхлэх юм бол  өглөөнөөс орой хүртэл ажиллаад ч таван тонн түлшээ зарж чаддаггүй. Түлш борлуулах цэг цөөхөн байгаа учраас л хомсдол үүсээд байна” гэв.

Таван тонн нь 200 шуудай түлш  бөгөөд нэг өрх  зургаан шуудай түлш авлаа гэхэд ердөө 33-хан  айлын хэрэгцээг хангадаг гэсэн үг.  Гэтэл “Тавантолгой  түлш”  компани  цаг агаар хүйтрээгүй гэх шалтгаанаар нэг цэгт хамгийн  дээд тал нь таван тонн түлшээс илүү захиалга авахгүй байгаа аж.

Үнийн хувьд нэг шуудай нь 1875 төгрөгөөр зарагдаж байна. Учир нь  Засгийн газраас ирэх 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл  шахмал түлшийг  50 хувийн хямдралтай үнээр зарах шийдвэр гаргасан.

Олон удаагийн хөл хорионы улмаас орлогогүй болж, түлшээ авч чадахгүйд хүрсэн олон өрх бий.  Хэдийгээр түлшний үнэ  хямдарсан ч  олдоц муу байгаа тул цаасан хайрцаг, дугуйны хаймар гээд шатаж болох бүхнийг түлж гэрээ  дулаацуулахад хүргэж  байгаа нь нууц биш.

Түлш зарах цэгээс “Түлш байгаа юу” гэж асуух хэд, хэдэн иргэн усны тэргээ түрсээр  хоосон буцав.

“Долоон хоногт зургаан шуудай  түлш хүрэлцдэггүй.  Ес эхлэхээр шахмал түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэнэ. Тэр үед яах болж байна” гэх  хүмүүс цөөнгүй байв.  Ерөнхийдөө гэрээ дулаацуулъя гэвч түлш нь эрээд олддоггүй “эрдэнэ” болсон учраас илч муутай ч гэсэн түлээ авч буйгаа учирлах иргэд олон байлаа.  Шөнө, оройн цагаар усны тэрэг түрээд түлшний цэг рүү очтол, түлш дууссан гэх үгийг сонсоод хэн, хүнгүй уурлаж, бухимдахаас аргагүй. Ингээд аргаа барахдаа машинтай нь машинаараа, машингүй нь такси хөлслөн дүүргээс дүүрэг дамжин сайжруулсан түлшний эрэлд гарч байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах  2-3 цэгээр ороход борлуулагчид нь  түлшний хүрэлцээ муу байгаа талаар адилхан зовлон тоочлоо. Тэд өглөө эрт  түлшээ зараад дуусчихдаг учраас түлээ зарж байв. Энд нэг шуудай хар мод 7000, нарс мод 6000 төгрөгөөр зарагдаж байна.

Тус цэгээс шахмал түлш сураглаж ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөн татрахгүй аж. Гэвч түлш байхгүй  учраас ихэнх нь 2-3 шуудай түлээ худалдан  авч байв.

Борлуулагч залуу “Хүмүүс бусдаасаа урьтаж түлш авахын тулд  түлш ирэхээс өмнө мөнгө болон картаа  захиад үлдээдэг. Тэр байтугай усны тэргээ хүртэл үлдээгээд явдаг. Тэгэхээр өнөөдөр орой 20.00 цагт  манай цэг дээр ирэх таван тонн түлш буюу 200 шуудай түлшний тал нь захиалгатай гэсэн үг.  Түлшээ машинаас буулгах хооронд мөнгөө өгөөд, картаа үлдээсэн хүмүүс 100 шуудай түлшээ аваад явчихна.  Түлшээ буулгаж байх хооронд машинууд ар, араасаа дугаарлаад  үлдсэн 100 шуудай түлш 30 минутын дотор дуусдаг” гэлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах зургаан цэг байдаг ч түлш  ганцхан цагийн дотор дуусч байгаа нь иргэдийн эрэлт  өндөр байгааг харуулж байна.

Дарь Эх, Хайлаастад ч мөн адил шахмал түлш дуусч, иргэд 16.00 цагийн үед   түлш ирэхийг  хүлээгээд машиндаа  сууж байлаа. 

Ингээд иргэдийн байр суурийг хүргэе.

ОДООХОНДОО МОДООР Л АРГАЦААЖ БАЙНА

Иргэн Б.Содон:

Түлшний олдоц үнэхээр муу байна. Одоохондоо модоор аргацааж байна. Гадуур надтай адил түлшний эрэлд гарсан хүмүүс олон бий. Би энд 13.00 цагт ирсэн. Түлш ирэхийг хүлээгээд сууж байна. Өдөрт нэг шуудай модоор гал түлж байна. Өдөрт 7000 төгрөгөөр мод түлнэ гэдэг хэцүү. Долоо хоногт 49 мянган төгрөг түлээнд үрж байхаар түлшээ авсан бол дулаахан мөнгөнд ч хэмнэлттэй. 

 

ХҮҮХДҮҮД ДААРСНААСАА БОЛЖ ХАНИАД ХҮРЭХ БОЛЛОО

Иргэн А.Шинэбаяр:

Түлш зарж байгаа газар алга. Хүүхдүүд даарснаасаа болж ханиад хүрэх боллоо. Дүн өвлийн хүйтэнд  түлшний хүртээмж ийм муу байвал  нэг хоног ч тэсэхгүй. Утааг багасгаж түүхий нүүрсийг хориглохоор шийдвэрлэсэн бол ядахдаа шахмал түлшнийхээ хүртээмжийг сайжруулах хэрэгтэй.  Борлуулагч нь нэг цагийн дараа түлш ирнэ гэж хэлсэн. Манайх нялх хүүхэдтэй учраас эндээ хүлээгээд түлшээ аваад харьдаг юм уу. Манайх гэрт амьдардаг учраас өдөрт хоёр шуудай мод түлдэг. Гэхдээ мод илчгүй.

АЖЛАА ТАРААД ТҮЛШ АВАХ ГЭХЭЭР ДУУСЧИХСАН БАЙНА

Иргэн Ч.Алтанчимэг:

Шахмал түлш олдохгүй. Шөнөдөө даарч хонож байна.  Өглөө түлш ирсэн гэдэг. Үдээс хойш ажлаа тараад авах гэхээр дууссан байх жишээний.  Түлш олдохгүй байгаа учраас хар модоор л галаа түлж байна. Ер нь зургаан шуудай бол хаана ч хүрэхгүй, хүрэлцээ муу байгаа гэдгийг хэлмээр байна.

Түлшний хэрэглээнд бол  бид дассан түлж сураад байгаа. Уг нь утаа багассан ч шуудай түлшнийхээ тоогоо ахиу болгох хэрэгтэй.

 

АРАВДУГААР САРЫН 1-ЭЭС  ТҮГЭЭЛТ ЖИГДЭРНЭ

“Тавантолгой түлш” ХХК “2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлсэн. Энэ жил борлуулалтын 600 цэг ажиллана. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан олон хүн цуглуулахгүйн тулд шат дараатайгаар цэгүүдийг нэмж байна. Ерөнхийдөө аравдугаар сарын 1-нээс  түгээлт жигдрээд ирэхээр түлшний хомсдол үүсэхгүй. Иргэд түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэх шаардлагатай. Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг манай компанид үүрэг болгосон.  Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бүртгэлгүй карттай бол түлш олгохгүй. Иргэд 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх салбарт очиж картаа баталгаажуулна” гэх хариуг өглөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж