Цаг үеийн асуудлаар “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Цар тахлын дельта хувилбарын давалгаа эхэлж, нас баралт нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоохгүй гэж албаныхан мэдээлж буй. Энэ цаг үед ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?
-Эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийн хувьд хамгийн гол баримжаа авах юм нас баралт байдаг. Нас баралт огцом нэмэгдээд эхэлбэл дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл иргэд цар тахлын эсрэг нэг, хоёр, гурван тун вакцин хийлгэсэн ч халдвар авч байна. Нэг халдвар авсан хүмүүс ч дахин өвчилж байна. Тиймээс энэ өвчин ийм үед халдварлахгүй юм байна гэсэн ямар ч чиг баримжаа алга байна шүү дээ. Иймд дахин тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай.
-Ойрын өдрүүдэд өдөртөө нас баралт 17, 18 хүрч байгаа. Таныхаар энэ тоо хэд хүрч байж хөл хорио тогтоох ёстой гэж?
-Цаашид нас баралт улам нэмэгдэнэ. Учир нь халдварын тоог бууруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй, гадуур олон нийтийн арга хэмжээ болж, орон нутагт хурим найр хийж, улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Одоо нөхөн сонгууль гээд л хүмүүс бужигнаад эхэлнэ. Ийм нөхцөлд байдалд нас баралт нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Жишээлбэл, иргэдээ вакцины хоёр тунд хамруулсан АНУ, Израйль зэрэг улсад хөл хориогоо цуцлахаар халдвар буцаад нэмэгдэж байна.
Гэтэл Монголд өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж, халдварын тоо буурсан гэж бодоод байх шиг байна. Нас баралтаар нь баримжаалаад үзэхэд өдөрт 6000 гаруй тохиолдол батлагдаж буй.
Яагаад гэвэл хөнгөн туссан иргэд эмнэлгээр бус гэрээрээ түргэвчилсэн тестээр шинжилж, өөрсдийгөө эмчилж байгаа. Заавал улсын “Гэрэгэ” системд бүртгүүлэхгүй байгаа шүү дээ. Өмнө нь дандаа эмнэлгээр дамжиж байсан учраас Эрүүл мэндийн яамны тоон мэдээлэл баримжаатай байсан. Одоо тэр баримжаа байхгүй болсон. Зарим иргэд өрхийн эмнэлгээсээ эмийн багцаа авахгүй гэрээрээрээ эмчилж байгаа.
Сүүлд бүртгэгдсэн 18 нас баралт өдөрт батлагдаж буй тохиолдол 6000 гарсныг хэлж байгаа юм. Өмнөх бүртгэлээрээ явж байхад өдөрт 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 5-6 хүн нас барж байсан. Одоо 18 буюу гурав дахин их нас баралт бүртгэгдэж байгаа нь 2000 гурав дахин нэмэгдэж, 6000-7000 тохиолдол батлагдаж байна гэж ойлгоход буруудахгүй.
-Монгол Улс иргэдээ нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Вакцины үр дүн хэр байна вэ?
-Дэлхийн улс орны судалгаа болон бидний хийсэн судалгаагаар иргэдэд цар тахлын эсрэг вакцины нэг, хоёр, гурав дахь тунг хийсний дараа нэг юм уу хоёр л сар өндөр дархлаа үүсгэж буй. Тэгээд л дархлаа огцом унаж байна. Өөрөөр хэлбэл, вакцинаар дархлааг удаан тогтоож чадахгүй байна.
Угаасаа дэлхийн шинжлэх ухааны дээд хязгаар нь л тэр. Бид ямар ч вакцин тариуллаа гээд үр дүн нь нэг юм уу, хоёр сарын дараа уначихаад байгаа. Хүний дархлааг урт хугацаагаар тогтоох ямар ч чадамж, технологи нь байхгүй.
-Аль ч үйлдвэрийн вакциныг хэлж байна уу?
-Тийм ээ. Бүгд яг л тийм байна. Нэг халдвар авсан хүн дахин халдвар авч байна. Гурав дахь тунгаа хийлгэсэн хүн ч халдвар авч байна. Огт вакцин хийлгээгүй хүмүүс маш хүндээр өвчилж байна. Ийм нөхцөл байдалтай байхад тодорхой хэмжээний хөл хорио тогтоох шаардлагатай. Хэн ч хөл хорионд дуртай биш. Гэхдээ нөхцөл байдал яваандаа улам дордоно. Хэрвээ тодорхой хэмжээний хөл хорио тогтоож халдварыг хязгаарлахгүй бол өмнө нь эмч нарынхаа ачаар нас баралтаа барьж, дийлж байсан.
Одоо эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдэж, өмнө нь аварч байсан хэмжээний хүнээ аварч чадахгүйд хүрэх аюултай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын даац хэтэрч, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барах аюул нүүрлэнэ.
-Энэ удаа эрүүл мэндийн салбарт амьсгаа авах боломж өгөхийн тулд хөл хорио тогтоох шаардлагатай гэж үү?
-Эрүүл мэндийн салбарын даацыг л тодорхой хэмжээнд барихын тулд хөл хорио тогтооно. Өвчтөнүүдийн ихэнх нь хөнгөн тусч байгаа шүү дээ. Гэтэл хүнд, маш хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт л эмчлэхгүй бол гэрээр эмчлэх ямар ч боломжгүй.
Вирусийн тархах чадвар нэмэгдэхэд хоруу чанар нь буурдаг зүй тогтолтой. Цар тахлын тархах чадвар нэмэгдлээ гээд заавал хүндэрдэг гэсэн үг биш. Нас барж буй хүмүүс цар тахлын дельта хувилбартай хамаагүй юм. Нийт тархалтын хэмжээ нь их байгаа учраас л нас баралт өндөр байгаа юм. Тэрнээс биш дельта хувилбараас болж нас баралт нэмэгдээгүй гэдгийг хэлье.
-Зарим судлаачид оношлуурт эргэлзэж байгаагаа хэлж байна. Таны хувьд оношлуурт итгэж байна уу?
-Би бол оношлуурт огтхон ч эргэлзэхгүй байна. Нэг удаагийн түргэвчилсэн тест, PCR шинжилгээ нь ч зөв зааж байгаа. Надад хандаж буй хүмүүс дотор түргэвчилсэн оношлуураар халдвартай гэж илэрсэн мөртлөө PCR шинжилгээгээр сөрөг гарсан гэх хүмүүс байхгүй. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хүмүүс батлагдаж, шинж тэмдэг илэрч байна. Мэдээж хэрэг ганц хоёр функцын алдаа PCR болон түргэвчилсэн шинжилгээнд ч гардаг. Сүүлийн үеийн мэдээллийг харахад хэтэрхий их PCR шинжилгээг шүтэж, бусад нь буруу ч юм шиг мэдээлж байна. Тэр бол худлаа мэдээлэл.
Тэгж ярих юм бол PCR тийм төгс шинжилгээ ч биш. Энэ шинжилгээгээр цар тахлыг оношлоход 5-30 хувийн хариу нь хуурамч сөрөг гардаг. Энэ тоог харахад цар тахлаар өвдсөн хүнийг эрүүл гэж гаргах магадлалтай. Төгс шинжилгээ гэж дэлхий дээр байхгүй. Тэр болгон дээр өвчнөө тайвшруулаад, оношлуураа буруутгаад байж болохгүй.
-Зарим хүмүүс ханиадыг Covid-19 халдвартай андуураад байгаа юм биш үү гэх юм. Тэгж оношлох боломжтой юу?
-Ер нь томуу туссан хүнээс Covid-19-ийн шинжилгээ авахад эерэг гарна гэж байхгүй. Яагаад гэвэл оношлуураар маш өвөрмөц вирусийн генийг үздэг учраас хоёр ген холилдсон оношлуур гэж байдаггүй. Анх оношлуурыг бүтээхдээ л өвөрмөц вируст тохирсон эсэхийг сонгож авдаг болохоос биш томуу дээр ч эерэг, Covid-19 дээр ч эерэг гардаг оношлуур гэж байхгүй. Хэрвээ та түргэвчилсэн тест болон PCR шинжилгээгээр эерэг гарч байвал Covid-19-ийн халдвартай л гэж бодоорой. Мэдээж, хэрэг чанарын шаардлага хангахгүй оношлуур мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгд тийм биш.
–Ард иргэдэд эрдэмтэн судлаач хүний зөвлөгөө маш чухал. Та иргэдэд ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Цар тахлаас хамгаалах хамгийн шилдэг арга бол вакцин, амны хаалт. Саяхан АНУ-ын дунд сургуулиудад судалгаа хийхэд амны хаалтаа зүүж хичээллэсэн хүүхдүүд халдвар авах нь эрс бага байсан бол маскгүй хичээллэсэн сургуулиудад цар тахлын тархалт өндөр байх жишээтэй. Ийм ялгаа байгаа учраас амны хаалт болон хувийн ариун цэвэрч байдал ямар ч вакцинаас дутахгүй үр дүнтэй гэдгийг хэлье. Мөн хаана ч явсан хүн хоорондын зайгаа бариач ээ. Монголчууд хайхрамжгүй, замбараагүй байдлаасаа болж амь насаа алдахад хүрч байна.
Дельта хувилбарыг зөрж өнгөрөх төдий л халдварладаг гэж мэргэжилтнүүд хэлж буй. Хэчнээн зөрж өнгөрсөн ч гэсэн амны хаалттай зөрөх, амны хаалтгүй зөрөх газар тэнгэр шиг ялгаа бий. Би л гэхэд өдөрт 20-30 хүний биеийг үзэхдээ амны хаалтаа тогтмол зүүгээд байхад халдвар огт аваагүй л байна. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.
Холбоотой мэдээ