"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

"АИ-92 бензиний үнийг алсдаа чөлөөлнө"

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас өнөөдөр/2021.09.27/ шатахууны нөөцтэй холбоотой мэдээлэл хийлээ.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр:

-Монгол Улс 100 хувь импортоор шатахуунаа авдаг. 95 хувь нь Оросоос, таван хувь Хятадаас орж ирдэг. ОХУ-аас Монголд шатахуун нийлүүлдэг "Роснефть" компани маань үйлдвэртээ их засвар хийсэн. Өмнөх жилүүдээс илүү цаг хугацаа зарцуулсан засвар болжээ. Цар тахалтай холбогдуулан "Роснефть" компани төлөвлөгөөт засваруудаа хийж чадалгүй байсаар энэ онд урт хугацааны засвар хийсэн гэдгээ мэдэгдсэн. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, Хятадад дотоодын төмөр замын тээврийн гацаа түгжрэл үүссэнтэй холбоотойгоор долоо, наймдугаар сард манай аж ахуй нэгжүүдийн захиалсан бүтээгдэхүүн ирэх хугацаа хойшилсон. Ийм нөхцөл байдал болж өнөөдрийн асуудал үүсчээ.

Есдүгээр сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тос газар, аж ахуй нэгжүүдийн хамтарсан ажлын хэсэг "Роснефть"-тэй уулзсан. "Роснефть" компаниас эхний ээлжинд 1500 тн АИ-92 авто бензинийг нийлүүлсэн. Аравдугаар сард багтаагаад дараагийн ээлжний захиалсан 44 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн есдүгээр сард авч чадаагүй байгаа есөн мянга орчим тонн газрын тос бүтээгдэхүүнийг нэмж өгнө гээд 54 орчим мянган тонн ирнэ.

БНХАУ-аас 150 вагон энэ сардаа багтаад Монголд нийлүүлэгдэнэ. Гадаад харилцааны яам, зам тээврийн яам, мэргэжлийн хяналт тэргүүтэй албан байгууллагууд үүн дээр маш их дэмжлэг үзүүлсэн.  Өчигдөр шөнийн байдлаар 50 вагон Замын-Үүд дээр ирсэн. Шилжүүлэн ачих байгууламж маань нийт 32 вагоныг шилжүүлж ачаад байна. Бусад вагонуудыг  шилжүүлэн ачих ажиллагаа одоо явагдаж байна. Дотоодын АИ-92 бензиний хэрэглээ ойролцоо 30 гаруй мянган тонн байгаагаас өдөрт мянга гаруй тонныг Улаанбаатар хотод хэрэглэдэг. Мянга орчим тонн авто бензинийг аж ахуй нэгжүүд болон шатахуун түгээх станцуудад жигд хуваарилахаар ажиллаж байна. Манай аж ахуй нэгжүүд хичээл зүтгэл гаргаж байна. Ард түмэн минь нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандаарай.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Аж ахуй нэгжүүдийн нөөц хангалттай бий юу?

-Аж ахуй нэгжүүдийн үлдэгдэл нөөц дуусч байгаа. Оросоос ирэх 1500 тонны 1200 орчим нь ирчихсэн шатахуун түгээх станцуудад хуваарилагдаж байна. Хятадаас ирсэн 32 вагоны 25 нь Улаанбаатар руу гарсан. Цаг хугацаа алдалгүй татан авалтаа хийнэ.

-Шатахуун хэвийн хэмжээндээ хэзээ очих вэ?

-Холбогдох байгууллагууд маань тооцоо судалгаа хийж байна. Энэ долоо хоногийн сүүлээр, ирэх долоо хоногийн эхээр хэвийн байдалдаа орчих байх гэсэн хүлээлттэй байна.

-Шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Манай яам болон Засгийн газраас зүгээс цар тахлын үед ард иргэдийнхээ амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөн. Тухайн үед ард иргэдийн 60 хувийг вакцинжуулах хүртэл нефтийн бүтээгдэхүүний үнийг барих чиглэлийг аж ахуй нэгжүүдэд өгсөн. Тухайн үед компаниуд алдагдалтай ажилласан. Алдагдлыг бид тооцож байна. Үнийн бодлого дээр аж ахуй нэгжүүдтэйгээ харилцан тохиролцож, АИ 92 бензиний үнийг чөлөөлөх алсын зорилготой. 2018 онд АИ-92, АИ-98, дизель түлш дээр энэ бодлогыг баримталж, үнийг чөлөөтэй зохицуулах ажлуудыг хийсэн. АИ-92 бол ард иргэдийн маань өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Тиймээс дарамтгүй байлгахын тулд чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Урт хугацаандаа аажмаар шилжнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд?

-2017 оноос хойш Энэтхэг улсын Эксим банкны нэг тэрбум 236 сая ам.долларын зээлээр энэ төсөл маань хэрэгжиж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас төсөл хэрэгждэггүй байсан. Одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байна. Цар тахлын нөхцөл байдал биднийг тойроогүй дайрсан. Бидний ажил тодорхой хэмжээнд саатсан, хойшилсон. Энэ хугацааг нөхөхийн тулд бид Энэтхэгийн зөвлөх компанитай хэлэлцсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн багц ажлаас бүрдэнэ. Эхний ажлыг нь эхлүүлсэн. Хоёр болон гурав дахь ажлуудын тендерийг аравдугаар сарын эхээр эцэслэхээр ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тусгай зөвшөөрлийг техник эдийн засгийн үндэслэл долоон аж ахуй нэгжид өгсөн. Тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эхлүүлээгүй, ахиц гаргаагүй  компаниудын зөвшөөрлийг яам сунгаагүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат:

-2010, 2012 онуудад Дорнод, Дорноговь аймгуудын газрын тосны нөөцийг тогтоож, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн.  Ингээд орд ашиглах зөвшөөрлөө баталснаар Монгол Улс газрын тос олборлогч орон гэдгээ баталсан. 2014 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосны нөөцөд тулгуурлан үйлдвэр барих нь зүйтэй гэж зөвлөмж гаргасан. Үүний дагуу үйлдвэрийн маань ажил эхэлсэн. Өмнө нь дотоодын нөөц тодорхойгүй байсан учир үйлдвэрийн ажил эхлээгүй.  2016 онд Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлахдаа нэг тэрбумын зээлийн шугамыг нээсэн. 2017 онд энэ мөнгөөр газрын тосны үйлдвэрийг санхүүжүүлэх болсон.  Ийнхүү нөөцтэй, санхүүжилттэй болсон учир үйлдвэрийн маань ажил эхэлсэн. 2024-2025 онд дотоодын нийт хэрэгцээний 55-60 хувийг хангана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж