Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

      

Одоогоос яг 25 жилийн өмнөх энэ өдөр буюу 1996 оны 9-р сарын 27-ны өдөр “25 дугаар суваг” телевиз анхны эфирээ цацаж эхэлжээ. Ингэхдээ дециметрийн долгионы 25 дугаар сувгаар өнгөт телевизийн PAL системийг ашиглан нэвтрүүлэх болсноор телевизээ нэрлэсэн түүхтэй. Монголын телевизийн нэрт сэтгүүлч Зоригийн Алтай, Аюушийн Авирмэд, Дэмчигдоржийн Галсанжаргал, телевизийн чадварлаг инженерүүдийн нэг Лувсандамдингийн Жаргалсайхан, Монголын сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч Цэрэндоржийн Балдорж, төр нийгмийн зүтгэлтэн Шагдарын Отгонбилэг нар "АЭ энд ЖААГ" ХХК –ийг үүсгэн байгуулж, 1996 оны 3-р сарын 18-нд улсын бүртгэлд бүртгүүлснээр ардчилсан, чөлөөт ТВ-ийн суурь тавигдсан юм.

         Тухайн үед төр засгаас хараат байдаг ганц хоёрхон телевизийн сувагтай, түүгээр нь дандаа захиалсан дууг нь явуулдаг байсан тэр л үед эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн мэдээ, нэвтрүүлгүүд гарах болж, жирийн иргэдийн дуу хоолойг ч хүргэх болсноор телевизийн салбарт ардчилсан чөлөөт сэтгүүл зүйн шинэ хуудсыг нээсэн байна. Ялангуяа парламент дахь сөрөг хүчин, цөөнхийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэх замаар олонхийн засаглалд давхар хяналт тавих үүргээ гүйцэтгэж иржээ. Ийнхүү Монголд ардчилсан хувьсгал ялаад удаагүй байсан тэр л үед ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн төлөө “25 дугаар суваг” телевиз мэдээ, нэвтрүүлгийн бодлогоо чиглүүлснээрээ Монголын ардчиллыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болсон юм.

        “25 дугаар суваг” телевиз нь байгуулагдаад удаагүй байхдаа 1999 онд АНУ-ын Worldnet телевизтэй хамтран Улаанбаатарыг Хьюстон, Вашингтон хотуудтай холбон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкертэй Монголын парламентын гишүүдийг уулзуулсан телегүүр нэвтрүүлгийг Монголд анх удаа хийснийг дэлхий даяар 1 цагийн турш шууд дамжуулж байсан түүхтэй. Эдүгээ Монголын телевизүүдийн холбоо, Телевизийн урлагийн олон улсын акадмеми / International Academy of Television Arts & Sciences / , Ази, номхон далайн телевизүүдийн холбооны /Asia-Pacific Broadcasting/ гишүүний статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

       Тэгвэл өнөөдөр 25 жилийн түүхт ойгоороо олон жил үр бүтээлтэй ажилласан зарим уран бүтээлчид төрийн одон медалиар шагнагдсан байна. Тухайлбал: тус телевизийн нэвтрүүлгийн редактор Д.Соёлсайхан “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Мэдээний албаны сэтгүүлч Б.Баттүвшин, Ашиглалт зохицуулалтын албаны дарга Д.Оюунбат, Ерөнхий зураглаач Д.Мөнхбаяр нар “Алтан гадас” одонгоор, Дууны найруулагч Д.Эрдэнэбаяр, мэдээний албаны зураглаач К.Амармэнд, нэвтрүүлэгч Б.Цэрмаа нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан байна. Эдүгээ 25 нас хүрч байгаа “25 дугаар суваг” телевизийн хувьд нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, цэнгээнт, танин мэдэхүй, эрэн сурвалжлах чиглэлээр чөлөөт сэтгэлгээ, шинэлэг өнгө аяс бүхий үндэсний шинэ контентуудыг бий болгож, үзэгчдийн талархлыг хүлээснээрээ телевизийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж