Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.9.27) Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцож, медаль хүртэж, амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардууллаа.
Олимпийн мөнгөн медальт Саид Моллаей:
-Монголын ард түмэн сайн байцгаана уу? Олимп болон паралимпийн тамирчдадаа баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмэндээ баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан хүн бүрт болон олимпийн медальтан, тамирчдадаа баяр хүргэе. Би үнэхээр баяртай байна. Олон өдрийн өмнө би “Саид Герман руу явлаа. Германы иргэншил авлаа” гэсэн худал мэдээллийг харсан. Надад Монголын паспорт байна. Би Монгол хүн. Энэ медалиа Монголын ард түмэнд зориулсан. Би хэзээ ч Монголоос явахгүй гэж амлаж байна. Худал мэдээлэлд битгий итгээрэй. Заримдаа би Герман руу ажлаар явдаг. Миний эх орон бол Монгол. Монголын ард түмэнд баярлалаа. 2024 оны Парисын олимпод сайн үр дүн үзүүлнэ. Монголын жүдо бөхийн холбоо болон Үндэсний олимпийн хороонд баярлалаа.
Олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар:
-Юуны өмнө Засгийн газартаа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярлалаа. Мөн жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулга болон шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Ийм нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Бэлтгэл сургуулилалт олимпоос ирээд 14 хоногийн дараа эхэлсэн. Зав зайгаараа бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Аравдугаар сард болох Парисын гранд сламд оролцоно. Үүний дараа Бакугийн гранд сламд оролцоно. Миний чансаа одоо дэлхийд хоёрдугаарт, Азид нэгдүгээрт байна. Дэлхийг чансаагаараа тэргүүлэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцоно.
3х3 үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Тулга:
-Монголчууд багаараа хамтаараа 206 улсаас эрх авч олимпод орлоо. Наймхан улс оролцсон. Багийн спортод нэг мундаг хүн байж болдоггүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байдаг. Монголчууд 13-р зуунд багаараа хамтаараа дэлхийн талыг эзэлж байсан бол охидууд боломжгүй зүйлийг бүтээсэн. Сая манай залуучуудын ангиллын баг 216 улсаас дэлхийн чансааг тэргүүллээ. Монгол Улс маань нэг ч гэсэн юмаараа нэгдүгээрт орлоо. Жүдо, чөлөөт бөх, боксынхон ч энэ бахархал, амжилтыг үргэлжлүүллээ. Бид багийн спортыг амжилттай хөгжүүлж байна.
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар:
-Өнөөдөр төрийн есөн хөлт цагаан тугийнхаа өмнө үг хэлж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Олимпийн наадамд оролцсон баг тамирчид, хамт олон, дэмжсэн Засгийн газар, Ерөнхий сайд танд талархал илэрхийлж байна. Цар тахлын үед бүхий л боломжоо дайчилсан та бүхэнд баярлаж байна. 2024 оны Парисын олимп ойрхон байна. Спортын улсын хороо маань Ерөнхий сайд дэргэд ирсэн нь амжилт гаргахад нөлөөллөө. Асуудлыг маш хурдан шуурхай шийдэж байсан. Удахгүй болох олимпдоо өндөр амжилт гаргаж, төрийн далбааг өндөрт мандуулаарай гэж ерөөе. Засгийн газартаа амжилт хүсье.
Паралимпийн алтан медальт Э.Содномпилжээ:
-Босоо удирдлагатай тогтолцооны хүчинд өнөөдөр Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй олон олимп, паралимпийн эрх авч, баг тамирчдаа бэлтгэл сургуулилтанд явууллаа. Та бүгдийн итгэл сэтгэлийг алдахгүйн тулд бид бүхэн их хичээлээ. Өнөөдөр ирж чадаагүй баг тамирчдынхаа өмнөөс та бүхэндээ баярлаж, талархаж буйгаа илэрхийлье. Цар тахлын хүнд хэцүү үед бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцох нөхцлөөр хангаж байсан Ц.Шаравжамц даргадаа, н.Билэгт, н.Ванчиг нартаа баярлалаа. Та бүхэн байгаагүй бол бид ийм амжилт гаргахгүй байх байсан. 3х3 сагсан бөмбөгийнхөн анх удаагаа багийн спортоор олимпод оролцлоо. Та бүхэндээ баяр хүргэе.
Холбоотой мэдээ