Д.Хаянхярваа: Хилийн боомтуудын тээвэр ложистикийг сайжруулах шаардлагатай | News.MN

Д.Хаянхярваа: Хилийн боомтуудын тээвэр ложистикийг сайжруулах шаардлагатай

Д.Хаянхярваа: Хилийн боомтуудын тээвэр ложистикийг сайжруулах шаардлагатай

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай “Mining Mongolia”  үзэсгэлэн болон уул уурхайн салбарын асуудлаар ярилцлаа.

Уул уурхайн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Mongolian Mining-2021” уул уурхай, газрын тосны үзэсгэлэн амжилттай боллоо. Салбарын аж ахуйн нэгжүүдийн оролцоо ямар байв?

Миний хувьд энэ арга хэмжээнд анх удаагаа оролцлоо. Гадаад, дотоодын компани, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нар болон манай салбарынхан нэлээд ач холбогдол өгдөг юм байна.  Уул уурхайн салбар  Монголын эдийн засгийг үндсэндээ нуруундаа үүрч яваа шүү дээ. Энэ салбарт мэдээж орчин, үеийн техник, технологи хэрэгтэй. Үүнийг нь уул уурхайн салбарынханд танилцуулж, олж, эзэмшиж компанийн үйл ажиллагаандаа нутагшуулахад хэрэг болох ийм л үзэсгэлэн гэж харж байна.

-Уул уурхайн салбарынхан цаашдын үйл ажиллагааны алсын хараагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Арга хэмжээний үеэр салбарынхантай уулзаж байхад уул уурхайн салбарынханд нэг тийм итгэл төрсөн юмуу даа гэж харлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч хувийн хэвшлийнхэнтэй уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр уул уурхайн салбарын төлөөллүүд үгээ хэлж, тодорхой саналуудыг дэвшүүлж байсан. Энэ уулзалтаас төрийн бодлого нэгт чигт харж уул уурхайн салбарыг дэмжээд явах юм байна гэсэн итгэл төрсөн.  Түүнчлэн уул уурхайн салбар монголын эдийн засгийг авч явах нь тодорхой учраас энэ салбарт түлхүү анхаарах сонирхол давуу байна уу даа гэж хувь хүний зүгээс харсан шүү.

-Уул уурхайн салбарын зарим гол тоон үзүүлэлтүүд буурсан байдалтай байна. Энэ салбарыг сэргээх шийдлийг та юу гэж харж байна вэ?

-Шийдэл бол тодорхой байгаа шүү дээ. Угаасаа тээвэр ложистикийн асуудлаа шийдэхгүйгээр цааш явахгүй. Сүүлийн хэдэн жил бид тээвэр ложистикийн талаар хангалттай ярьсан. Харамсалтай нь, ахиц дэвшил гаргаж чадсангүй.  Энэ бол монголын төрийн бодлогын хамгийн том алдаа байлаа гэж би хувьдаа дүгнэдэг. Өнөөдөр жишээ нь, бид 267 км төмөр замтай байсан бол, чингэлэг тээвэр, жолоочгүй тээвэр гэх мэтчилэн аль болох хүний оролцоо багатай шийдлүүдийг хилийн боомт дээр хийж чадсан бол  гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байна л даа.  Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайд, Сэхэ боомтын удирдлагуудтай миний бие цахимаар болон биечилж, уулзахад цар тахлын энэ хүнд үед Хятадын Засгийн газраас хүний оролцоо аль болох багатай тээвэр ложистикийг хөгжүүлэх бодлого баримталж байна гэдгийг хэлж байсан.  Манай уул уурхайн гол түнш орон Хятад. Тиймээс Хятадын тээвэр ложистик дээр баримталж байгаа бодлоготой өөрсдийн бодлогыг уялдуулж явах шаардлага үүсч байна.

-Тээвэр ложистикийг сайжруулах чиглэл холбогдох газрууд хэр анхаарч ажиллаж байна вэ?

Ганцхан жишээ татахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд гурван компани хоёр сар гаруйтай хугацаанд л  чингэлэг тээвэр хийж, 24 цагаар ажиллахаар боллоо гэж саяхан мэдээлж байна.  Энэ бол хувийн хэвшлийнхэнтэй хамтарч чадвал үр дүнтэй ажиллаж болохын бодит жишээ шүү дээ. Одоо хувийнх, төрийнх, хувьсгалынх гэж ялгахгүйгээр бодлогоо зөв тодорхойлоод урагшлах учиртай. Үүнтэй зэрэгцээд Шивээхүрэнгийн боомт, 47 км төмөр зам, жолоочгүй тээвэр, агаарын тээвэр гээд олон төрлийн шийдлүүд яригдаж байна. Аль хэлбэрийг ашиглаж болох уу гэдэг дээр төр засаг яаралтай шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Тэгээд ямар компанид, аль чиглэлд  дэмжлэг үзүүлэх боломжтойг тодорхой болговол боломж байна. Хугацаа алдаад байвал эдийн засаг маш хүнд болж байна. Урд хөршийн тавьж байгаа шаардлага нийцүүлж ажиллах, сахилга баттай байх, тээвэр ложистикийн асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байна. Тухайлбал, Шивээхүрэнгийн 47 км төмөр замыг Хятадууд хөрөнгө оруулаад барих хүсэлтэй байгаа бид царигийн асуудлаа шийдэх ёстой. Монголын нутаг дэвсгэр дээр л дугуй шилжүүлэх юмуу, ачиж буулгах терминал хийх нь тодорхой болж байгаа тохиолдолд бид бололцоотой газруудад шууд ашиглах нарийн царигийн төмөр замуудыг оруулах ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Шивээхүрэнгийн 47 км төмөр замыг тавихад Хятадын тал хөрөнгө оруулаад 51 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшээд зөвшилцөөд явбал улирал харгалзахгүй 3 сарын дотор барина гэж Хятадын компаниуд ярьж байгаа. Ингэхэд нүүрс, төмрийн хүдрийн экспорт 20-25 сая тонн нэмэгдэх боломжтой. Чингэлэг тээвэр, жолоочгүй тээвэр нэвтрүүлж чадвал 45-50 сая тонн хүрэх бүрэн боломж байна. Энэ чиглэлд анхаарлаа хандуулаасай гэж холбогдох газруудад саналаа танилцуулсан.

-Цаг хугацаа алдахгүйгээр бүтээгдэхүүнээ экспортлох хамгийн оновчтой хувилбарыг та юу гэж харж байна вэ?

-Би мэргэжлийн түвшинд судалгаа анализ хийгээд явдаг хүн биш л дээ. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компанид очсоноос хойш бид ямар арга хэмжээ авбал байгалийн баялагаа цаг хугацаа алдахгүй илүү их хэмжээгээр гаргах бололцоо байгааг судлаад үзэхээр хилийн боомтын тээвэр, ложистикийн асуудал байгаа юм. Ойрын хугацаанд бид Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих нь чухал байна.  Цаашдаа ямар хэлбэрийн тээвэр, ложистикийг хөгжүүлбэл илүү үр дүнд хүрч болохыг Засгийн газар судалж байгаа гэж итгэж байна.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш чухал. Төслүүд дээр хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

Гаднын хөрөнгө оруулалтын тухайд, 2008-2012 онд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд маш их итгэж, ажиллах хүсэл сонирхол илт нэмэгдсэн байсан. Гэтэл өнөөдөр бидний байдал ямар байна. Яагаад гадаадын хөрөнгө оруулагчид гарч явах шийдвэр гаргав.  Өнгөрснөөсөө бид сургамж аваад урагшлах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд төрийн бодлого тодорхой, татварын орчин ил тод,  хууль эрхзүйн орчин тогтвортой, төрийн залгамж чанараа хадгалж үлдэх ёстой шүү дээ. Эдгээр бодлогууд алдагдсан учир гаднынхан эргэлзэж эхэлсэн. Иймд хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх, олж авах вэ гэдэг Монголын төрийн хамгийн их анхаарах асуудлын нэг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж