Brexit: Их Британи ажиллах хүчний хомсдолд оров

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Brexit: Их Британи ажиллах хүчний хомсдолд оров

Brexit: Их Британи ажиллах хүчний хомсдолд оров

Их Британид ачааны автомашины жолоочийн хомсдолд орсноос хүнсний дэлгүүрийн лангуунууд хоосорч, шатахуун түгээх газруудад урт дараалал үүссэн. Бараа бүтээгдэхүүний түгээлт тасалдсанаас иргэд хүнс, бараагаа ихээр худалдан авч, шатахуун нөөцлөхөөр урт дараалал үүсгэсэн юм. Тэгвэл үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Их Бртанийн ерөнхий сайд Борис Жонсон гадаадын олон мянган жолоочид виз олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн цэргүүдийг дайчлан ачааны автомашин жолоодуулахаар ярилцжээ. Их Британийн батлан хамгаалах яамнаас ажилчдадаа том тэрэгний жолоочийн үнэмлэх гаргуулахаар яаравчилна хэмээн мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ шатахууны хомсдлыг шийдвэрлэх зорилгоор бизнесийн нарийн бичгийн дарга Куаси Куартенг өрсөлдөөнийг зохицуулах хуулиас шатахууны компаниудыг түр хугацаанд чөлөөлөх саналыг гаргасан байна. Ингэснээр шатахууны компаниуд хоорондоо мэдээллээ солилцож, хомсдол үүссэн түгээх газруудад нийлүүлэлт хийх нөхцлийг бүрдүүлэх аж.

Их Британийн Европын холбооноос гарах (Brexit) үйл явцын сүүлийн шат энэ оны нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна. Үүнээс шалтгаалан Их Британийн ажил олгогчид Европын ажилчдыг чөлөөтэй авч ажиллуулах боломжгүй болсноос дээрх нөхцөл байдал үүссэн юм. Тухайлбал, шувууны аж ахуй эрхлэгч “Эгч дүүсийн хүнс” группын мэдээлснээр Европын холбооны ажилчдыг буцааснаас энэ онд тус салбарт ажлын байрны 15 хувь нь эзгүйрчээ. Улмаар их британичууд энэ Зул сарын баярыг ширээ чимэх шарсан тахиагүй өнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Үүний дээр Covid-19 цар тахлаас шалтгаалсан хязгаарлалтын арга хэмжээ ч нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Цар тахлын үеэр Европын холбооны 200 мянган ажилчин Их Британийг орхин гарчээ.

Зул сарыг хүртэл богино хугацаанд түгээлтийн хямралыг шийдвэрлэх зорилгоор шатахуун, хүнс тээврийн 5000 жолоочийг гурван сарын хугацаанд авч ажиллуулах тухай Их Британийн тээврийн яамнаас мэдээлсэн юм. Энэ дагуу жолооны үнэмлэхтэй ч тус улсад буцан ирж ажиллаагүй байгаа хүмүүст захидал, е-мэйл илгээх гэнэ. Мөн хүнсний салбар дахь дарамтыг бууруулахын тулд Зул сарыг хүртэл шувууны фермийн 5500 ажлын байранд зориулан виз олгох гэнэ.  Гэвч Их Британийн худалдааны ложистикийн группын мэдээлснээр улирлын чанартай ажлын байранд зориулан 10 мянган жолоочид виз олгох хэрэгтэй аж. Харин супермаркетуудын эздийн зүгээс Зул сарыг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийн тулд 15 мянган жолооч хэрэгтэй гэж мэдэгджээ. Нөгөө талд тээврийн жолооч нарын зүгээс түгээлтийн зам зуур буудаллах газруудад зогсоолын зай муутай, хүний нөөц дутмаг байдлаас болж нэг жолооч олон хоногоор явдаг гэх мэт бэрхшээлүүдийг хэлж байна.

Европын холбооноос ажилчдаа эргүүлэн татах шийдвэрийг Их Британийн улстөрчид өнгөрөгч амралтын өдрийг хүртэл дэмжсэн байр суурьтай байсан. Гэвч Их Британиас ажилчид явсны дараа тухайлбал, ачааны автомашины жолооч гэх мэт тусгай мэргэшил шаарддаг ажлын байруудыг шууд нөхөх мэргэжилтэй ажиллах хүч байхгүй, тэднийг сургахад ч хугацаа шаардах зэргээс шалтгаалан хомсдол үүссэн нь энэ. Тиймээс Их Британийн албаныхан өнгөрөгч амралтын өдрөөр яаралтай шийдвэр гаргаж, гадаадаас ажилчид авчрах саналыг дэмжсэн байна. Гэвч энэ нь ердөө богино хугацаанд гал унтраах арга хэмжээ юм. Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармерын зүгээс Борис Жонсоны засгийн газрыг төлөвлөх чадваргүй хэмээн хурцаар шүүмжилж, Европын холбооноос гарсны дараа хэрэгжүүлэх “В” төлөвлөгөө боловсруулах ёстой байсныг  онцолжээ.  Өчигдөр баталсан визний шинэ журмаар хямралыг түргэн хугацаанд шийдвэрлэх боловч шатахуун түгээх асуудал 2000 оноос хойш анхаарал татсан хэвээр буй. Тухайн үед шатахуун тээвэрлэгч жолооч нарын эсэргүүцлийн жагсаал бүтэн долоо хоног үргэлжилж, түгээх газруудад хомсдол үүсч байсан юм.

Ерөнхийдөө Европын олон оронд түгээлтийн жолооч дутагдалтай байгаа юм. Тиймээс Их Британийн компаниуд илүү өндөр цалин амлаж, гурван сарын визний таатай нөхцлийг бүрдүүлэхээс өөр аргагүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж