ОХУ-ын машин үйлдвэрлэгчид монголын зах зээлд айлчилна

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын машин үйлдвэрлэгчид монголын зах зээлд айлчилна

Хөдөө аж ахуй, зам барилгын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ОХУ-ын томоохон үйлдвэрлэгчид «СПЕЦМАШ» үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж, улмаар дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна.

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас «Росспецмаш» холбооны дэмжлэгтэйгээр  2021 оны 9 дүгээр сарын  27-28 өдрүүдэд хөдөө аж ахуй, зам барилгын техник, тоног төхөөрөмжийн  төрөлжсөн  “Спецмаш-2021” үзэсгэлэнг    Улаанбаатар хотноо   зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнгийн оператор нь      “ЭКСПОЦЕНТР”  хувьцаат нийгэмлэг юм.

Тус үзэсгэлэнд  “Ростсельмаш”, Санкт – Петербург хотын ”КИРОВЕЦ”  тракторын  үйлдвэр, “Пегас-Агро” компани,  “БОНУМ” – тусгай  зориулалтын машины үйлдвэр,  “Воронеж Агромаш” үйлдвэр, “Уралец” тракторын үйлдвэр,  “Мельинвест”, “Меркатор-Холдинг”, “Татагрохимсервис”   зэрэг  17  томоохон компани оролцохоор саналаа ирүүлжээ.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүс  1500 гаруй м/ кв талбай дээр байрлуулсан  ОХУ-ын орчин үеийн өндөр технологиор бүтээсэн, шилдэг загварын  хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалт бүхий трактор, үр тариалах цогцолбор, шүршигч, бороожуулагч төхөөрөмж, пресслэн боогч, үр цацагчаас гадна  нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбай цэвэрлэх зориулалттай тусгай тээврийн хэрэгсэл мөн барилгын материал үйлдвэрлэл, зам засварын зориулалтай  бусад олон төрлийн  техник, тоног төхөөрөмжтэй танилцах боломжтой.

Оросын хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Ростсельмаш” компани нь Монголын худалдан авагчдын дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг RSM 2375 трактор, хамгийн эрэлт хэрэгцээтэй  Vector 410 үр тарианы ангилан хадалтын чиргүүл (жатка)-тэй комбайн, KSU-1 маркийн хадуур, TUKAN пресслэн боогч мөн  шүршигч, бороожуулагч төхөөрөмжүүдийн загвараа танилцуулах болно.

Самара хотын “Пегас-Агро” үйлдвэр нь шүршигч, бороожуулагч бункертай илүү үр дүнтэй хүчирхэг шинэ хөдөлгүүртэй «ТУМАН 3М» техникээ үзүүлэх юм.

«СПЕЦМАШ» үзэсгэлэнд оролцохоор ирсэн, өмнө нь монголчуудын сайн танил болсон, тэдний талархан хүлээж авдаг Санкт-Петербург хотын  ”КИРОВЕЦ”  тракторын  үйлдвэр нь Та бүгдэд сүүлийн жилүүдэд Монгол Улс руу олноор экспортлогдож байгаа  К-742М тракторын  загварыг газар дээр нь үзүүлнэ.

ОХУ-д элеваторын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэрлэгч “Агрострой” компаниас үр тариаг хольцноос цэвэрлэх зориулалттай OVS-25 сепараторыг танилцуулна.Тус төхөөрөмж нь  Монголын фермерийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд ихээхэн сонирхолтой, эрэлт хэрэгцээтэй гэж бодож байгаа. Учир нь уг техникийг задгай үтрэм  дээр ашиглах боломжтой бөгөөд  ажлын үр дүнд нь хадгалахад эсвэл цаашид боловсруулж, борлуулахад бэлэн бүтээгдэхүүн гардаг юм.

Монгол улс бол хөдөө аж ахуй – аж үйлдвэрийн улс. Хөдөө аж ахуй нь Монголын эдийн засгийн гол салбаруудын нэг байсаар ирсэн ба одоо ч байсаар байна. Тус салбарт хүн амын 50% ажилладаг;  улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 40 гаруй байна.

Өнөөдөр Монгол Улсын өмнө энэ салбараа чанарын өндөр, шинэ хөгжлийн түвшинд хүргэх зорилт тулгарч байгаа. Үүнийг хөрс боловсруулах, ургац хураах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Иймд Монголын газар тариаланчдад, хөдөө аж ахуйд орчин үеийн өндөр үзүүлэлттэй машин, техник, тоног төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй.

ОХУ нь Монгол Улсын стратегийн түншийн хувьд хөдөө аж ахуйн машин механизмыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй тусалж ирсэн түүхтэй. 2018 онд Орос, Монголын хооронд хөдөө аж ахуйн цогцолборыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх  зорилгоор Мөрийн хөтөлбөр боловсруулсан. 2017-2019 он хүртэл Оросын тал хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдан авахад Монголын талд хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг амжилттай хэрэгжүүлж энэхүү төслийн хүрээнд 2019-2020 онд нийт 300 гаруй машин техникийг  Монголд нийлүүлсэн бол Монголын газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх "Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оросын машин техникийг ашиглан 1 сая гаруй га газар боловсруулсан байна.

2021 онд хоёр улсаас ОХУ -ын Үйлдвэр худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн парк шинэчлэх хөтөлбөрийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас боловсруулсан импортоор оруулж ирж байгаа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ -аас чөлөөлөх, гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурал 2021 оны 4 -р сарын 23 -ны өдөр баталсан. Батлагдсан жагсаалтад  шинэ трактор, комбайн, машин механизм бусад тоног төхөөрөмжүүд багтсан байдаг. Импортын хөдөө аж ахуйн техникийг НӨАТ -аас чөлөөлөх тухай хууль хэрэгжсэнээр нийт 367 сая долларын хөдөө аж ахуйн машин импортлоход нөлөөлнө. Одоо 2022-2025 онд Монгол Улсын хөдөө аж ахуйн машин механизмын паркийг шинэчлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг ханган ажиллаж  байна.

«СПЕЦМАШ»  үэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Оросын Экспортын төв (РЭЦ),  ОХУ-ын Внешэкомном банк (ВЭБ), Монгол улсын Хөгжлийн банк, Хаан банкны төлөөлөгчдийн ажлын уулзалтын хүрээнд энэхүү хөтөлбөр дахь Оросын аж ахуйн нэгжүүдийн оролцооны хэтийн төлөв, Оросын  хөдөө аж ахуйн техникийг Монголд нийлүүлэх зээлийн эх үүсвэрийн  судалгаа, мөн уг асуудалтай холбоотой бусад асуудлыг хэлэлцэх болно.

Ийнхүү «СПЕЦМАШ» үзэсгэлэн нь ОХУ, Монгол улсын хооронд хөдөө аж ахуйн чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэх чухал талбар байх болно гэж үзэж байгаа.

Монголын худалдан авагчид төрөлжсөн  үзэсгэлэнд оролцсоноор  ОХУ-ын  аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж, хамтран ажиллах нөхцөлийн талаар ярилцаж, харилцан ашигтай нөхцөлөөр гэрээ, хэлцэл байгуулах боломжтой болно. Бараа нийлүүлэлтийн уян хатан нөхцөл, үнийн таатай бодлого, Монгол орны цаг уурын онцлог, хөдөө аж ахуйн салбарын онцлог зэрэгт тохирсон Оросын хөдөө аж ахуйн машин техникийн найдвартай байдал, олон үйлдэлт ажиллагаа, урт хугацааны ашиглалт зэрэг нь ОХУ-ын томоохон үйлдвэрлэгчидтэй түншлэн  ажиллах олон давуу талын жагсаалтыг үргэлжлүүлэх нь дамжиггүй.

Та бүхнийг 2021 оны 9-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар РЦНК) –ын задгай талбай дээр зохион байгуулагдах «СПЕЦМАШ» үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж